Намсрайн Содном
Намсрайн Содном (* 1923 оны 5-р сарын 25-нд Завхан аймгийн Жавхлант суманд; † 2002 онд) нь Монгол улсын дээд боловсрол, шинжлэх ухаан, ялангуяа байгалийн ухаан, физик, техникийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан, манай оронд төдийгүй дэлхийд нэртэй эрдэмтэн, авьяаслаг зохион байгуулагч, ахмад сурган хүмүүжүүлэгч, төр улс, нийгмийн томоохон зүтгэлтэн юм.
1942 онд МУИС-ийг байгуулагдмагц Н.Содном оюутнаар элсэн, Зөвлөлтийн мэргэжилтэн багш нараар хичээл заалгаж, эрдэм номд шамдан онц сурч, “Х.Чойбалсангийн нэрэмжит” цалинтай тэргүүний оюутан байв. Тэрбээр суралцахын зэрэгцээ 2-р ангиасаа физикийн тэнхимийн лаборантаар ажиллаж, ахлах ангид байхдаа бэлтгэл ангид физик, багш нарын оройн дээд сургууль болон доод ангиудад математик анализ, алгебрийн хичээл заах зэргээр их сургуулийн сургалтын ажлыг зохион байгуулах, материаллаг баазыг бэхжүүлэхэд оюутан ахуй цагаасаа оролцож эхэлжээ. Ийнхүү оюутан ахуй үеэс түүний ирээдүйн хувь заяаг тодорхойлогч удирдан зохион байгуулах, сурган хүмүүжүүлэх авьяас билэг нь тодорчээ.
МУИС
[засварлах | кодоор засварлах]МУИС-ийг 1946 онд физик-математикийн багш мэргэжлээр онцсайн дүнтэй (хуучнаар бол улаан дипломтой) төгсөж, төрөлх сургуульдаа багшаар томилогдон үлдээд, удалгүй тэнхмийн эрхлэгчээр ажиллажээ. Энэ хугацаанд ерөнхий физикийн хичээлийн үзүүлэх туршилт 100 гаруйг бэлтгэн тавьж сургалтад хэрэглэснээс гадна залуу багш нарыг удирдан физикийн практикумын хэд хэдэн лаборатори шинээр байгуулж байсан нь физикийн сургалтыг явуулах материаллаг баазыг үүсгэн бий болгож, түүнийг бэхжүүлэхэд идэвхтэй оролцож ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсний илрэл билээ.
1949-1953 онд ЗХУ-ын Москвагийн их сургуулийн аспирантурт суралцаж “Налуу хэмжигч багажийн алдааг судлах” сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна. Энэхүү судалгааны ажил нь газар хөдлөл, чичирхийллийг хөрсний налуугаар мэдэх аргын нарийвчлалыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Аспирантур дүүргэсэн залуу эрдэмтэн Н.Содномыг 1953 онд МУИС-ийн хичээл ангийн даргаар томилон ажиллуулсан бөгөөд тэрбээр сургалтын төлөвлөгөө, программ зохиох, шинэ дэвшилттэй арга барил нэвтрүүлэх, заах аргын хэрэглэгдэхүүн боловсруулах зэргээр сургалтын ажлыг удирдан зохион байгуулж, сургуулийн цаашдын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмрээ оруулжээ.
Н.Содном МУИС-ийг үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн багш, тэнхмийн эрхлэгч, хичээл анийн дарга, ректор зэрэг албан тушаалд дөч гаруй жил ажилласны 17 жилд нь ректорын албыг хашиж тус сургуулийн сургалт, хүмүүжил, эрдэм шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулж байсан байна.
Дубна дахь ЦШНИ
[засварлах | кодоор засварлах]Профессор Н.Содном 1967-1973 онд Дубна дахь ЦШНИ-ийн дэд захирлаар 3 удаа сонгогдон ажиллахдаа дунд ба бага энергийн цөмийн физикийн судалгааг хариуцаж энэ талаар ЦШНИ-ийн гишүүн орнуудтай явуулах эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг зохицуулан зохион байгуулах болон эрдэм шинжилгээний боловсон хүчний асуудлыг эрхэлж, олон улсын эрдэм шинжилгээний зөвлөл, комиссуудыг удирдаж байснаас гадна Австри, Египет, Энэтхэг зэрэг улсын цөмийн физикийн эрдэм шинжилгээний байгууллагатай ЦШНИ хамтран ажиллах эхлэлийг тавьж зохион байгуулсан юм. ЦШНИ-д Монголын эрдэмтдийг бэлтгэх, ЦШНИ ба Монгол улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн санаачилга гаргаж, анхаарал тавьсан билээ. Манай улсад цоо шинээр шаардлагатай байсан электроник, компьютерын программ хангамжийн мэргэжилтнүүдийг уг институтэд сургах ажлыг санаачлан хийсэн юм.
Профессор Н.Содном нь манай улсад цөмийн физикийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэх, түүний боловсон хүчнийг бэлтгэх үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан гавьяатай хүн. Манай оронд цөмийн суурь болон хавсарга судалгаа явуулах эрдэм шинжилгээний томоохон хамтлаг үүсэн бий болж, энэ салбарт ажиллагсдаас 10 гаруй доктор, 20 гаруй дэд эрдэмтэн төрөн гарсан нь Н.Содномын үйл ажиллагаатай холбоотой юм.
ШУА
[засварлах | кодоор засварлах]- 1961 онд Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүнээр,
- 1975 онд жинхэнэ гишүүн (академич)-ээр сонгогдсон.
- 1987-1991 онд ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан
Академич Н.Содном ба цөмийн эрчим хүч
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр Монголд цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станцыг ашиглах боломжийг судлахыг анх санаачилж, шаардлагатай мэргэжилтэн бэлтгэсэн, мөн сургалт-судалгааны реактор авах үндэслэлийг боловсруулсан.
Төр, улс, нийгмийн томоохон зүтгэлтэн
[засварлах | кодоор засварлах]- 1945 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд МАХН-ын XVI, XVII, XVIII их хурлаас Намын төв хорооны орлогч гишүүнээр, БНМАУ-ын АИХ-ын 6, 9, 10, 11 дэх удаагийн сонгуулиар Ардын их хурлын депутатаар сонгогдож байсан
- Монголын Энх тайвны хорооны дарга, орлогч дарга,
- ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны гишүүн,
- СнЗ-ийн дэргэдэх Төрийн шагнал эрхлэх хорооны дарга,
- Цөмийн энергийн комиссын орлогч дарга,
- Дубна дахь олон улсын ЦШНИ дэх БНМАУ-ын бүрэн эрхт төлөөлөгч,
- Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын гишүүн,
- Монгол ба Герман, Англи, Энэтхэг, Японы найрамдлын нийгэмлэгүүдийн дарга
- 1997 онд эрдэмтэн сэхээтэн нарын санаачилгаар байгуулагдсан Инженерийн ухааны үндэсний академийн ерөнхийлөгч
- Монголын мэргэдийн чуулганы холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Ардын Их Хурлын гишүүн
- Монгол Улсын Их Сургуулийн багш
- Монголын физикч
- Монгол Ардын Намын гишүүн
- Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч
- Монголын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Москвагийн Улсын Их Сургуулийн төгсөгч
- Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч
- Улиастайн хүн
- Монголчууд
- 1923 онд төрсөн
- 2002 онд өнгөрсөн