Наро Банчэн хутагт

Наро Банчэн хутагт гэж эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар Халхын 88 шидтэй, нар аргамждаг хэмээн олноо домогшин алдаршсан хувилгаан юм. Өмнө нь Энэтхэг орноо 5 удаа мэндэлж, Төвдийн орноо 4 удаа, Монгол нутагт 6 удаа хувилан түмэн өлзий гийсэн түүхтэй билээ.

  • I Монголд хувилсан анхдугаар дүр Наро Банчэн хутагт Бадамдорж (1699-­‐1737) Сайн ноён аймаг 1699 анхдугаар дүрийн Наро банчин хутагтын хувилгаан тодруулж залжээ. 1772 онд шавийн захиргаа байгуулж тамга олгож байжээ.
  • II дүр Наваанчойранданзанжамц (1738‐1817)
  • III дүр Түгжжав (1818‐1860)
  • IV дүр Бирваа (1861‐1883)
  • V дүр Пүрэвжав (1884‐1903)
  • VI дүр Жүгдэрнамжил (1904‐?) Жүгдэрнамжил биеэ хураахаасаа өмнө “Би сайн цаг ирэх үед Цагаан уулын талдаа, голоо өгсөж дахин төрнө” гэж ерөөл тавьсан аж. VI дүр Жүгдэрнамжил (1904-?) Лувсанцэрэнгийн гэрт мэндэлжээ.Сайн ноён аймгийн хошууч мэргэн бэйсийн хошууны өмнө хэсэгт нутагтай Завхан голын өмнөд эргээр хиллэж, хойд захад гол нутаг нь байжээ. Одоогийн Завхан аймгийн Шилүүстэй, Цагаанчулуут, Говь-алтайн Тайшир гурван сумын нутагт хамаарах юм. Тэрээр бага наснаас нь ном эрдэмд тэтгэсэн багш нь Дилав хутагт Жамсранжав байжээ.

Наро Банчэн VII дүр[засварлах | кодоор засварлах]

Наро Банчэн Гэгээнтэн VII дүр Данзанлхүндэв XVII жарны "Цог нигуурт" хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн найманд (1993 оны 3 дугаар сарын 31-ний өдөр) Завхан аймгийн Отгон суманд эцэг Дайрийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү болон мэндэлжээ. Эцэг эх нь түүнд Б.Цэдэн-Иш гэх нэрийг өгчээ.

13 настайгаасаа Заяын гэгээн Лувсанданзанпүлжинжигмэдэд шавь орж, лам болсон байна. Нийслэлийн 105 дугаар дунд сургуулийг дүүргэж, ШУТИС-ийн КТМС-д компьютерийн систем хамгаалалтын ангид элсэн орсон байна. Энэ ангиа өөрчилж, Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр 2015 онд төгсөж, үргэлжлүүлэн ШУТИС-д Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамц БНЭУ-ын Дарамсала хотноо 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн Гэгээний хойд дүрээр тодорсон батламж соёрхолыг гардуулж, түүнийг Данзанлхүндэв хэмээн нэрийджээ. Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслолыг 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр үйлдсэн байна.

Гэгээнтэн 2016 оны 9 дүгээр сарын 8-наас БНЭУ-ын Дарамсала хотод байх Жүдийн дацанд шавилан, гэвш лхаарамба Жадо ринбүчи Данзанжунайн удирдлага дор 3 дахь жилдээ суралцаж байгаад 2019 оны долоодугаар сард Улаанбаатар хотод ирээд коронавируст цар тахлын улмаас буцаагүй байгаа ажээ.

Наро Банчэн гэгээнтэн нэг эрэгтэй дүүтэй. 2022 онд Улаанбаатарт ээж, аавтайгаа хамт амьдарч байна. Бүх төрлийн дуу, хөгжим сонсдог. Рок поп, хип хоп дууг ч сонсоно. Дуу сонсохдоо үгийн утга агуулгыг их чухалчилдаг гэжээ.Наро Банчэн гэгээнтэн чөлөөт цагаараа фитнесст бэлтгэл хийдэг бөгөөд орчин үеийн техник төхөөрөмжтэй танилцдаг байна. Сошиалыг маш идэвхтэй ашигладаг нэгэн юм. Түүний фэйсбүүк хуудсыг хөтөлдөг хүмүүс байдаг аж. Далай багшаас гэнэн сахил буюу хар хүний сахил хүртэж Данзанлхүндэв гэдэг нэр авчээ. Үүнд архи уухгүй, худал хэлэхгүй, хулгай хийхгүй, амьтны амь таслахгүй, гэр бүлээс гадуур харилцаатай байхгүй зэрэг багтана.

Тэрбээр 2019 оны 2-р сард “Наро Банчэн хутагт” сан болон “Нароба институт”-тэй хамтран хүүхэд багачуудын эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн ажлыг өөрийн биеэр оройлон зохион байгуулжээ.

Гэгээнтэнд манай улсын олны танил эрхмүүд болоод улс төрчид, соёл урлагийнхан шавь орсон байдаг аж.

Наро Банчэн Хутагтын хүрээ хийд[засварлах | кодоор засварлах]

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт Наро Банчэн Хутагтын хүрээ хийдийн туурь бий. Анх 1802 оны хар нохой жил хийдийг Наро Банчэн хутагт Гаваанчойрогдашжамц байгуулж байсан ба Манжийн хааны зарлигаар “Соёлыг бадруулагч сүм” хэмээн шагнуулж Цогчин, Хангал, Ганжуур, Хайлан хурлуудыг хурж Майдар эргэх ёс тогтоожээ. 1864 онд Богд гэгээний зарлигаар Цаннид хурал хурж эхэлсэн байна. 1918 онд 8-р Богд гэгээнтэн 2 дацанд Цаннид дацанг “Чоянжүрмэддэгчинлин”, Жүд дацанг “Тэвшинсумбэрэлин” хэмээн тус тус нэр шагнасан байна. 1802 оноос 1930 он хүртэл оршин тогтнож байсан энэ хийдийн талаар нутгийн ард иргэдийн дунд ам дамжсан олон түүх үлгэр мэт яригдаж байдаг. Одоо байгаа дурсгалыг харахад гол дуганы үлдэц хөх тоосгон суурь бүхий түүхий тоосгоор босоогоор өрсөн ханатай, хананы шаврыг өвстэй хольж шавсан, лам нарын сууцуудыг хоёр талаараа гудамлан барьсан 15 эгнээ сууц, хоёр хутагтын өвөл зуны байр, агуулах зэргийн балгас туурь бүхий дурсгал юм. Монгол дахь их хэлмэгдүүлэлт 1937 онд дээд цэгтээ хүрч шарын шашны 700 гаруй сүм хийд сүйтгэгдэж олон мянган түүх соёлын дурсгал тоногдож сүйтгэгдсэн бөгөөд энэ үйл явц Монголын хамгийн томоохон шашны төв болж байсан Наро Банчэн хутагтын хүрээ хийд мөн өртсөн ажээ.

Энэхүү дурсгал нь Тайшир сумын Хуримт багийн нутагт сумын төвөөс зүүн урд 22 км, аймгийн төвөөс зүүн зүгт 65 км орчим зайд усан цахилгаан станцын “Гэгээн нуур”-ын хөвөөнд оршдог. Хийдийн туурь хоёр том барилгын туурь, хорь орчим жижиг сууцны үлдэгдэл гол дуганы 5 м орчим өндөр хана бүхий дурсгал юм.