Jump to content

Николай Лобачевский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Николай Лобачевский.

Николай Лобачевский (орос. Николай Иванович Лобачевский, 1792 оны 11-р сарын 1-нд Оросын хаант улсын Доод Новгород хотод төрж, 1856 оны 2-р сарын 12-нд Казань хотод нас барсан) —Польш гаралтай, Оросын математикч, Евклидийн биш геометрийг (гиперболын геометр буюу Лобачевскийн геометр) нээсэн хүний нэг. Их сургууль болон ардын боловсролын зүтгэлтэн.

Тэрээр цаг хугацаанаасаа түрүүлж, амьдралынхаа эцэс хүртэл бусдад үл ойлгогдож байсан бөгөөд зөвхөн 1870-аад онд л дэлхий даяар алдар нэр нь түгсэнээр Николай Лобачевскийг 19-р зууны Оросын агуу математикчдын эгнээнд оруулсан. Английн математикч Уильям Клиффорд Лобачевскийг "Геометрийн Коперник" гэж нэрлэж байжээ.

Николай Лобачевский Казанийн эзэн хааны их сургуульд 40 жил багшилснаас 19 жилд нь ректороор ажилласан байна. Түүний үйл ажиллагаа, чадварлаг удирдлага нь их сургуулийг Оросын боловсролын байгууллагуудын тэргүүн эгнээнд авчирсан. Николай Загоскины хэлснээр Лобачевский бол Казанийн их сургуулийн "агуу суурийг тавигч" байв.

Түүний эцэг нь Иван Максимович Лобачевский (1760 онд Киев аймгийн Таращанский дүүргийн Животово тосгонд төрсөн). Өвөг эцэг нь Максим Васильевич Лобачевски гэж польш хүн байсан.

Н.Лобачевскийн эх Прасковья Александровна Лобачевская (1765-1840) гэж дээдсийн гаралтай боловсролтой эмэгтэй байв. Тэд Александр (1791-1807), Николай (1792–1856), Алексей (1795–1870) гэх 3 хүүхэдтэй байсан.

  • 1798-1801 онд Доод Новгородын улсын ардын сургуульд сурсан.
  • 1802-1806 онд Казань хотын 1-р гимназид ах Александр, дүү Алексей нарын хамт суралцаж дотуур байранд амьдарч байсан.
  • 1807-1811 онд Казанийн эзэн хааны Их сургуулийн оюутан.
  • 1807 онд ах Александр (1791-1807) голын усанд живж нас барсан.
  • 1811 онд "Тэнгэрийн биетүүдийн эллипс хөдөлгөөний онол" сэдвээр физик-математикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
  • 1814 онд Физик-математикийн тэнхимд туслах багш болж, Казанийн их сургуульд багшилж эхэлсэн.
  • 1816 онд Их сургуулийн дэд профессор цол хүртсэн байна.
  • 1819 онд Одон орон судлалын төвийн захирал болсон.
  • 1822 онд Профессор цол хүртсэн байна.
  • 1820-1825 онд Казанийн их сургуулийн физик, математикийн тэнхимийн эрхлэгч.
  • 1822-1825 онд Казанийн их сургуулийн барилгын хорооны гишүүн.
  • 1823 онд "Казанский вестник" сэтгүүлийн хэвлэлийн хорооны гишүүнээр сонгогдов.
  • 1823 онд Гэгээн Владимирын 4-р зэргийн одонгоор шагнуулсан.
  • 1825-1835 - Казанийн их сургуулийн номын сангийн эрхлэгч.
  • 1825-1848 - Казанийн их сургуулийн барилгын хорооны дарга болж номын сангийн барилга, одон орны ажиглалтын газар, анатомийн театр, эмнэлэг зэргийг барих ажлыг удирдан зохион байгуулжээ.
  • 1827-1846 - Казанийн эзэн хааны их сургуулийн ректорын албан тушаал хашсан байсан.
  • 1828 оны 7-р сарын 5-нд жил бүрийн их сургуулийн хурал дээр тэрээр "Боловсролын хамгийн чухал сэдвүүдийн талаар" илтгэл тавьсан.
  • 1829 оны 1-р сард Н.Лобачевскийн "Геометрийн зарчмын тухай" бүтээлийг "Казанский вестник" сэтгүүлд нийтлэв.
  • 1830 онд Холерын тахлын үеэр тэрээр оюутнууд болон их сургуулийн байранд амьдардаг бүх хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах шийдвэртэй арга хэмжээ авчээ.
  • 1832 - Варвара Алексеевна Моисееватай гэрлэсэн (1812-1885).
  • 1832 оны 8-р сарын 19-нд Николай Лобачевскийн "Геометрийн зарчмуудын тухай" зохиолыг их сургуулийн зөвлөлийн шийдвэрээр Оросын эзэн хааны Шинжлэх ухааны академид илгээв.
  • 1840 онд Берлинд, Финке хэвлэх газар «Параллел шугамын онолын геометрийн судалгаа» («Geometrische Untersuchungen») герман хэлээр хэвлэгдсэн.
  • 1855 онд сүүлчийн бүтээл болох "Пангеометри"-ийг хараагүй болсон эрдэмтэн дуудаж шавь нараараа бичүүлжээ.
  • 1856 оны 2-р сарын 12-нд уушгины параличаар нас барсан. Казань хотын Арск оршуулгын газар оршуулжээ.