Нөмрөгийн дархан цаазат газар
Нөмрөгийн дархан цаазат газар – Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хилийн дагуу Хянганы нурууны баруун хэсгийн нам ба дундаж өндөр уулын ойт хээр, хээрийн мужид 582.2 мянган га талбайг эзлэн оршино. 1992 оны УБХ-ын 11 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авч УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангилалаар баталгаажуулсан. Хянганы уулархаг мужийн өвөрмөц бүтэц, тогтоцыг агуулсан Хянганы уулын эталон, түүний ойт хээрийс төв азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг унаган төрхөөрөө хадгалсан цорын ганц нутаг болно.
Хянганы экосистем, Манжуурын амьтан, ургамлын аймгийг иж бүрдлээр нь хамгаалах зорилготой.
Ургамлын хувьд манай орны хаана ч байхгүй Манжуурын элементийг агуулна. Хөрсний язмагт давхаргын зузаан 0.5-0.7 м хүрэх бөгөөд хөрсний үржил шим сайтай тул ургамлаар маш баялаг юм. Энд 70 төрлийн 487 зүйл ургамал тэмдэглэгдсэний дотор өөр хаана ч байхгүй Валерийн тарна, Төв азийн унаган 10 зүйл ургамал байдаг.
Хянганы салбар уулс нь Монголд төдийгүй дэлхийд ховор Уссурын хандгай, Голын халиу, Халиун буга, Хүрэн баавгай, бөр гөрөөс, Зэгсний гахай, илбэнх, тоодог, Гургуул, зэрэг дархан цаазтай ховор амьтан болон жигүүртэн шувуудаар нэн баялаг. Ховор амьтдаас Хар мөрний хандгай, Дагуур зараа, Евроазийн халиу зэрэг нь Монгол Улсын улаан номонд оржээ.
Нөмрөг, Халхголын сав нутгаар нийт 263 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 нь тус бүсэд өндөглөн зусдаг, Нэн ховор амьтаны жагсаалтад орсон 13 зүйлийн шувуу байдгаас Монгол Улсын Улаан номонд орсон 5 зүйлийн шувуу бүртгэгдсэн байна.
Нөмрөгийн ДЦГ -т 11 гол, түүнд цутгах булаг шанд ихтэй ба голын хөдийгөөр намаг шавар ихтэй. Нөмрөгийн гол, түүнд цутгадаг голуудад Тул, Зэвэг, Хар мөрний хадран, Хар мөрний сугас, нүцгэн варлан, Улаан живэрт, могой загас, булуу цагаан, хар мөрний цулбуурт зэрэг 24 зүйл загас байдаг.
Байгаль орчны сайдын 2006 оны 377 дугаар тушаалаар Дорнодын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас салбарлан Дорнод аймгийн Халхгол суманд Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа байгуулагджээ.
Хамгаалалтын захиргаа дарга, 2 мэргэжилтэн, 4 байгаль хамгаалагч, үйлчлэх 4 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- Холбогдох утас: 89010018, 80927943, 86402070