Нөхөр (цэрэг)
Нөхөр бол дундад зууны үеийн Монгол, Түрэгийн армиуд дахь цэргийн нөхдийн бүлгийн гишүүн байв. Нөхөр гэдэг үг нь монгол хэлэнд "анд", "хамтран зүтгэгч" гэсэн утгатай.
Нөхдийг удирдагч захирдаг байсан ба тэд удирдагчдаа үнэнч байв. Эдгээр харилцаа насан туршид нь үргэлжилдэг байсан. Хариуд нь удирдагч нөхдийн эд баялгийг хадгалж хариуцдаг байв. Түүхч Халил Иналжик (Halil İnalcık) нөхрийн харилцааг Европ дахь дундад зууны армиудын commendatio буюу хүндлэлийн (homage) харилцаатай (Дундад зууны үеийн Европт байсан феодал ба түүний хараат вассалын хоорондох нэгэн төрлийн харилцаа. Вассал албан ёсоор феодал эзэндээ хүндэтгэл үзүүлж, захирагдахаа тангараглах ба эзэн нь түүнд бэлгэдлийн цол хүртээдэг байв. Энэ ёслол нь вассал өөрийгөө тухайн эзний хүн мөн гэдгийг хүлээн зөвшөөрч буйн тэмдэг болдог байжээ) зүйрлэхүйц гэж үзсэн байдаг.
Монгол армиуд
[засварлах | кодоор засварлах]Нөхөд нь монгол армиудын чухал бүрэлдэхүүн хэсэг байв. Гэхдээ нөхөд бас өөр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайлбал, Монголын эзэнт гүрний их хаан Мөнх өөрийн нөхдөд албан татвар хураах, төлөөлөн захирах үүрэг өгч байлаа. Заримдаа шинээр эзэлсэн газар нутгуудын захирагчаар нөхдийг томилж байв. Тэдэнд үүрэг даалгавар өгснөөс бусад тохиолдолд тэд үргэлж удирдагчаа дагалдан явдаг байлаа.
Анатолийн сельжукууд
[засварлах | кодоор засварлах]Монголын эзэнт гүрний дараа нөхрийн тогтолцоог түрэгийн улсууд өвлөсөн байна. Тэдний "нөхөр" гэдэг ойлголт нь монголчуудын "нөхөр"-өөс нэг их ялгаатай байгаагүй. Тэд удирдагчаа дайны болон энх тайвны үед даган явдаг байсан. Заримдаа тэдэнд орон нутгийн захирагчийн үүрэг хүлээлгэж байв. Жишээлбэл, Кареси, Сарухан бейликүүдийн үүсгэн байгуулагчид нь анхандаа Анатолийн сельжукуудын султан II Масудын нөхөд байсан.
Османы эзэнт гүрэн
[засварлах | кодоор засварлах]Осман бейликийн эхний жилүүдэд (тусгаар тогтнолоос өмнө) I Осман олон тооны гази (лал бусчуудын эсрэг тэмцэгч лалын чөлөөт дайчин) нарын нэг байв. Харин Византийн эзэнт гүрний газар нутаг руу амжилттай дайралт хийснийхээ дараа тэрээр удирдагч болж, түүний хамтран зүтгэгч гази нар нь түүний нөхөд болжээ. Эхэндээ түүний нөхөд нь туркмен гази нар байв. Харин Византийн зарим цэргүүд лалын шашинд орсон бөгөөд түүнээс гадна тэдний зарим нь Османы нөхөд болохыг сонгосон байна. Кёсе Михал (Köse Mihal) бол алдартай жишээ юм. Османы эзэнт гүрэн дэх нөхрийн тогтолцоо XVI зуун гэхэд төгсгөл болжээ.