Jump to content

Олон нийтийн санаа бодол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
17-р зууны Лондон хотын Кофены газар.

Олон нийтийн санаа бодол (англи. Public opinion, орос. Общественное мнение) гэдэг нь хүн амын нэлээд хэсэг нь янз бүрийн асуудал, үйл явдал, бодлого, нийгмийн чухал асуудлын талаарх хамтын итгэл үнэмшил, хандлага, дүгнэлт, мэдрэмжийг хэлдэг.

Олон нийтийн санаа бодол гэдэг нь нийгэмд хамааралтай тодорхой сэдэв, санал хураалтын талаарх хамтын санал юм. Энэ нь тэдэнд нөлөөлж буй асуудлын талаархи хүмүүсийн үзэл бодол юм. Энэ нэр томъёо нь Францаас гаралтай бөгөөд анх 17-р зуунд гарч ирсэн боловч хүмүүс үүнээс өмнө хүмүүсийн санаа бодлын ач холбогдлыг тодорхойлсон байдаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гарч ирэхээс өмнө уушийн болоны кофе уух газар, ноёдын клуб зэрэг олон нийтийн газрыг санал бодлоо солилцох зорилгоор ашигладаг байсан юм.

Энэ нь нийгэм дэх хувь хүмүүс хоорондын харилцааа, хэлэлцүүлгийн үр дүн бөгөөд шийдвэр гаргах, бодлого боловсруулах, нийгэм, үндэстний ерөнхий чиг хандлагад нөлөөлж чаддаг байна.

Энэхүү үзэгдэл нь эрт дээр үеэс эхлэн түүхэн бүх цаг үед оршин байсан боловч хүн төрөлхтний нийгмийн амьдралын энэхүү өвөрмөц үзэгдлийг илэрхийлдэг нэр томъёо нь 12-р зуунд Англид гарч иржээ. Английн төр, нийгмийн зүтгэлтэн, зохиолч Иохан Солисберигийн (лат. Johannes Saresberiensis) нэртэй холбоотой бөгөөд тэрээр "Поликратик" номондоо тус улсын хүн амын парламентын ёс суртахууны дэмжлэгийг илэрхийлэхийн тулд ашигласан. Тэгвэл “олон нийтийн санаа бодол” гэх нэр томъёо нь “Public opinion” гэсэн англи хоёр үгийн нийлбэрийн шууд орчуулга байсан юм. Англиас тус нэр томьёо бусад орнуудад нэвтэрч, 18-р зууны сүүлчээс нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Олон нийтийн санаа бодол бол цогцоор нь задлан шинжилж, нарийн тодорхойлоход маш хэцүү үзэгдлийн нэг юм.

Эртний олон нийтийн санаа бодол[засварлах | кодоор засварлах]

Олон нийтийн санаа бодлын талаархи санааны гарал үүсэл нь эртний эрин үеэс эхтэй боловч эртний Хятадын гүн ухааны бичвэрүүдэд ч хүмүүсийн олон нийтийн санаа бодлыг төрийн удирдлагад зохистой ашиглахын тулд судлахын ач холбогдлыг тайлбарлаж байв. Тэр дундаа Даоизм-д төрийн мөхлийн дөрвөн шалтгааны нэг нь засаглалын асуудалд хүмүүсийн мэдрэмж, сэтгэл санааг захирагчид ашигладаггүй явдал гэж үздэг байжээ.

Эртний Грекд софистууд ардчилсан төрийг дэмжигч байсан тул түүний үйл хэрэгт олон нийтийн санаа бодлыг чухалчлан үздэг байв. Демокрит ба түүний дагалдагчид олонхийн санал бол нийгмийн бүх амьдралыг зохион байгуулах хамгийн чухал хэмжүүр гэж үздэг байсан.

"Олны санаа оломгүй далай" гэсэн Монголын зүйр үгтэй дүйцэхүйц "vox populi vox Dei" (Латин "Олон түмний дуу хоолой бол Бурханы дуу хоолой" гэсэн алдартай латин зүйр үг хүчирхэг Ромын улс оршин тогтнож байх үед гарч ирсэн бололтой.

Дундад зуун[засварлах | кодоор засварлах]

Засгийн газар олон нийтийн санаа бодолд тулгуурладаг тухайд хамгийн түрүүнд анхаарал хандуулсан хүмүүсийн нэг бол Дэвид Хьюм байв. Тэрээр: “Улс төрийн гүн ухаанд суралцаж буй хүмүүсийн хувьд цөөнх олонхоо амархан захирагддаг, ард түмэн өөрсдийн мэдрэмж, хүслээ төр засгийн мэдрэмж, хүсэлд захирагдахад бэлэн байгаа нь гайхмаар зүйл гэж үгүй ​​мэт санагдана. Хэрэв бид ийм гайхамшгийг хэрхэн бүтээж байгааг шинжлэхийг оролдвол удирлагууд зөвшөөрлөөс өөр үзэл бодолд найдаж болохгүй гэдгийг бид харах болно. Засгийн газар зөвхөн олны санал дээр суурилдаг. Энэ нь дарангуйлагч ба милитарист дэглэмүүд болон хамгийн эрх чөлөөтэй, хамгийн алдартай засгийн газруудын хувьд ч адил үнэн юм".

ХХ зуун[засварлах | кодоор засварлах]

  • Олон нийтийн санаа бодол гэдэг нь ганцаардаж тусгаарлагдахгүйн тулд олон нийтэд ил илэрхийлэх, илчлэх шаардлагатай үзэл бодол, зан үйлийн хэлбэр юм; Харин зөрчилтэй, өөрчлөгдөж буй болон хурцадмал байдлын үед та тусгаарлагдахаас айхгүйгээр байр сууриа ил тод илэрхийлж болно.
  • Олон нийтийн санаа бодол гэдэг нь нийгэмд дотор гарсан санал санаачилга, үнэ цэнийн чухал асуудлаарх зөвшилцөл бөгөөд үүнийг хувь хүн болон засгийн газар татгалзвал түлхэгдэн унагах аюултай учраас хүндэтгэлтэй хандах ёстой - наад зах нь олон нийтийн өмнө буулт хийх буй хэлбэр үзүүлэх юм.

Ерөнхийдөө ХХ зуунд бий болсон олон нийтийн санал асуулгын үр дүн дээр олон нийтийн санаа бодлыг тодорхойлж ирсэн байна.

1995 онд хэвлэгдсэн "Ардчиллын нэвтэрхий толь"-д "олон нийтийн санаа бодол" гэдэг нь "олон нийтийн болон бусад улс төрийн субьектээс гарч буй улс төрийн үнэ цэнэ... үзэл бодол, түүний дотор санал өгөх болон бусад улс төрийн үйлдэл" гэж тодорхойлсон байдаг. “Ардчиллын түвшингээс олон нийтийн санаа бодол улс төр дахь шийдвэр гаргахад үзүүлэх нөлөө шууд хамаардаг” гэж онцолсон байна.