Jump to content

Онги гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Онги гол
ЭхХангайн нуруу
АдагУлаан нуур
Усаа цуглуулдаг орнууд Монгол
Байршил Өвөрхангай
 Дундговь
 Өмнөговь
Урт435 км
Эхийн өндөр2400 м
Адгийн өндөр1008 м
Урсац-дундаж 4.32 м³/с
Ус цуглуулах талбай52.920 км²
Голын системОнги
Онги гол

Онги голын ай сав нь газарзүйн байрлалын хувьд Монгол орны төв хэсэгт буюу Өвөрхангай аймгийн Уянга, Зүүнбаян- Улаан, Тарагт, Арвайхээр, Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган сумдын нутаг дэвсгэрийг хамран оршдог. Газрын гадаргын хувьд хангай, тал хээр, говь гэсэн 3 бүс хосолсон өвөрмөц тогтоцтой. Онги голын дээд бүс нь голын усны хагалбарын хамгийн өндөр цэгүүд болох далайн төвшнөөс 1800-2000 метрийн өндөрт байрлах Уянга, Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр сумдын нутаг хамрагдах бөгөөд төв урсгал болон цааш урсана. Харин доод бүс нь голын голидорлын дагуу далайн төвшнөөс дээш 950-1600 метрийн өндөрт орших Өвөрхангай аймгийн Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал- Овоо сумдын нутагт харъялагдах бөгөөд Мандал-Овоо, Булган сумдын заагт орших Улаан нуурт цутгадаг.

Хангайн нурууны усан хагалбарын өмнөд бүсээс Онги голын үндсэн цутгал болох Таримал, Шуранга, Баруун Улаан, Зүүн Улаан, Бөөрөлжүүт, Өвөр Өлт, Өвт зэрэг голууд эх авдаг бөгөөд тэдгээрийн гадаргын урсцын горим, нөхөн сэлбэгдэх, тэжээгдлийн үйл явц нь уг бүс нутгийн уур амьсгалын онцлог болон бусад байгалийн хүчин зүйлсээс шууд хамаарна. Арвайхээр хүртэл олон жилийн өмнөх цэвдэгт чулуулаг бүхий уулс дундуур олон гол горхийг нийлүүлэн урсах учир эхээсээ Зүүнбаян-Улаан хүртэл ихсэж, тэндээс доошлоход тэгш өргөн хөндийгөөр салаалж задгайран урсдаг, түүний ус цуглуулах талбай 52920 хавтгай дөрвөлжин км.

Онги гол нь Монгол орны Төв Азийн гадагшаа урсгалгүй ай савын томоохон голуудын нэг, Хангайн нурууны өврөөс эх аван ойт хээр, хээр, говийн бүсийг дамжин 435 км зам туулан өртөөлсөөр 175 км² талбай бүхий Монголын говийн экологийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй, нууруудын хөндийн хамгийн зүүн талын том нуур болох Улаан нуурыг бий болгодог.

Усны сүлжээний нягтшил Уянга сумын төвийн орчим км/км², Арвайхээр хотын дэргэд 0 .12 км/км2, Сайхан-Овоо сумын орчим 0.033 км/км2 хүртэл буурах ба нийт уртад усны унал 1400 м буюу дундаж налуу 0.0033 болно . Онгийн гол Арвайхээр хот хүртэл олон жилийн мөнх цэвдэгт Чулуулаг бүхий уулс дундуур, олон гол горхийг нийлүүлэн урсах учир урсац Баруун ба Зүүн улааны уулзвар орчмоор 0.97 м3/с байдаг бол Уянга сумын төвийн дэргэд 0.56 м3/с, Зүүнбаян-Улаан сумын төвийн орчмоор 4.71 м3/с хүртэл ихсэж байгаа нь нэг удаагийн зэрэг хэмжилтээр тогтоогдсон. Эндээс доошлоход тэгш өргөн хөндийгөөр хэд хэд салаалж задгайрах тул усны нөөц, урсац маш багассаар Хушуу хийдийн балгас хүрч сэвсгэр хөрсөнд шургаж замхраад үергүй үед Онгийн гол Улаан нуурт цутгадаггүй байна. Голын үндсэн гулдралын зонхилох өргөн 15-30 метр, салаа татуурын өргөн 10-20 метр, усны гүн 0.4-1.7 м, урсгалын хурд 1.2-1.8 м/с орчим болгодог.

Жилийн дундаж өнгөрөлт Уянга сумын усны харуулаар 1.59 м3/с, Арвайхээр хотын орчмоор 4.32 м3/с болдог байна. Жилийн бүх урсацын 70-80 хувийг зуны /5-6 сар/ борооны үерийн нөлөө бага, их хэмжээний газар хамаарч эс чадна. Хаврын шар усны дараах урсацын үед голын усны өнгөрөлт эрс татарч 7 дугаар сарын эхний хагас хүртэл үргэлжилнэ. Зуны хур борооны үеэр /7-9 сар/ дунджаар 2-3 удаа үерлэнэ.

Экологийн тэмцэл хөдөлгөөн

[засварлах | кодоор засварлах]

1999 оноос хойш алтны уурхайнууд Онги голын сав газруудыг ноцтой бохирдуулж ойролцоо нь оршдог амьд байгаль ба хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж "Онги гол" ТББ хөдөлгөөнийг үүсгэхэд хүргэжээ. "Онги гол" ТББ хөдөлгөөн нь Монголоос анх удаа Голдманы Байгаль орчны шагналыг хүртсэн юм.[1] [2] [3]

Олон нийтийн бусад сувгаар

[засварлах | кодоор засварлах]

Онги голын экологийг дэмжих байгаль хамгаалах хөдөлгөөнд иргэд "Онги гол" ТББ-ын Facebook хуудсанд нь орж илүү дэлгэрэнгүй танилцах боломжтой.

 Commons: Онги гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан