Jump to content

Пүрэвийн Болд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пүрэвийн Болд

Пүрэвийн Болд 2014 он
Бүтэн нэрПүрэвийн Болд
Төрсөн он1952 он
Төрсөн газарӨвөрхангай аймаг, Богд сум
Яс үндэсмонгол үндэстэн
Улс оронМонгол Монгол (БНМАУМУ)
Төгссөн ньМУИС-ын Политехникийн Дээд сургууль (1972)
Ажил үйлбагш
Алдар цол
Алтан гадас одон (2014)
Монгол улсын гавьяат багш (2017)

Пүрэвийн Болд (* 1952 он Өвөрхангай аймаг, Богд сум) нь Монгол Улсын гавьяат багш хүн.

1952 онд Өвөрхангай аймгийн Богд сумын Далан багийн нутаг Жинсрэгт гэдэг газар Ж.Пүрэвийн 2-р хүүхэд болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн ба 5 настайгаасаа хурга, хонь хариулж байгаад 1962-1966 онд Өвөрхангай аймгийн Ховд сум (тэр үеийн нэр)-ын бага сургууль, 1966-1970 онд мөн аймгийн Гучин-Ус сумын 8 жил, 1970-1972 онд Арвайхээр хотын 1-р арван жилийн сургуулиудыг дүүргэсэн. 1972 онд МУИС-ийн ПДС-ийн гидроинжинерийн ангид элсэн суралцаж 1977 онд гидротехникч инженер (усны барилга байгууламжийн инженер) мэргэжлээр төгссөн.

1977-1982 онд МУИС, 1982 оноос өнөөг хүртэл ПДС буюу ШУТИС-д багшлахдаа мэргэжлийн бус ангиудад гидравлик, гидравликийн машин, шингэний ба хийн хөтлүүр, харин усны барилгын үндсэн мэргэжлийн ангиудад мэргэшүүлэх олон төрлийн хичээлийг зааж ирсэн ба нийтдээ тасралтгүй 40 жил багшаар ажиллаад байна. Энэ хугацаанд 7300 гаруй оюутанд хичээл заасан байдаг бөгөөд үүнээс нарийн мэргэжлийн хичээлийг 560 гаруй оюутанд заасан байна. Ийнхүү 40 жил ажиллахдаа багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, дэд захирлын албан тушаал хүртэл хашиж байв.

Болд нь 1977 онд Гайтавын Дуламсүрэнтэй гэр бүл болж 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нягтлан бодогч мэргэжилтэй Дуламсүрэн 1977-1980 онуудад Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн нягтлан, 1980-1986 онд МУИС-д няраваар ажиллаж байгаад 1987 онд хүнд өвчний улмаас нас барсан. П.Болд нь 1992 онд Сүхбаатар аймгийн харьяат Дугаржавын Сэргэлэнтэй гэр бүл болж 1 хүү төрүүлсэн.

П.Болд ажиллах хугацаанд 3 хичээлийн курсийн төслийн гарын авлагыг боловсруулж, 1984-1990 онуудад хэвлүүлсэн. Түүнээс хойш ном сурах бичиг 3, бусад гарын авлага, барилгын норм ба дүрэм 3, эрдэм шинжилгээний өгүүлэл 13-ийг тус тус хэвлүүлж, хурал зөвлөлгөөнд 15 удаа асуудал дэвшүүлсэн илтгэл тавьсан ба 6 төслийн зураг төсөл боловсруулж, улсын чанартай эрдэм шинжилгээний 2 ажилд оролцож тайлан хамгаалжээ. 1998 оноос хойш өнөөг хүртэл ямар нэг төслөөс Байгаль орчинд нөлөөлөх байдлын 72 нарийвчилсан үнэлгээг хийж тайланг Байгаль орчны яамны тусгай комиссд хамгаалсны ихэнхэд ерөнхий шинжээчээр ажилласан байна.

Тэрээр их, дээд сургуулиудын сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж ерөнхий гидравлик болон гидромашины лабораториудыг тус сургуульд 1986, 2002, 2010 онуудад 3 удаа шинэчлэн байгуулсан, мөн тийм лабораторийг ХААИС /1993 он/, БХИС /1996 он/, Төмөр замын коллеж /1998 он/ зэрэг сургуулиудад шинээр байгуулж өгсөн ба 2011 онд ШУТИС-ийн гидравликийн болон гидромашины лабораторийн сургалтын тоног төхөөрмжүүдийг шинэчлэн орчин үеийн шаардлага хангасан Англи улсын багаж, тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглоод байна.

  • 1989 онд YIII таван жилийн гавшгайч
  • 1999 онд “Усны салбарын тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жил” медаль
  • 2003 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2006 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”
  • 2009 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2009 онд “Атар 50 жил” медаль
  • 2010 онд “Ардчилсан хувьсгалын 20 жил” медаль
  • 2011 онд “Боловсрол 90” медаль
  • 2013 онд “ШУТИС-ийн Хүндэт профессор” цол
  • 2013 онд “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2014 онд “Алтан гадас” одон
  • 2017 онд Монгол улсын гавьяат багш цол