Рашаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Рашаан (мо.б. Rashiyan mongol.pngrasiyan ; сам. रसायन rasāyana) нь Бурханы шашинд хэрэглэгддэг тарнидаж адисласан бузарыг арилгаж, амгаланг авчрах ариун ус юм. Мөн газрын гүний эрдэсийг шингээсэн өвчин эмгэгийг илааршуулахад тустай байгалийн ундарга усыг рашаан гэж нэрлэнэ. Уламжлалт үг нь р үсгээр эхлэж хэлэхэд төвөгтэй байдгаас Монголчууд аршаан гэж дууддаг. Газрын гүний эрдсийг шингээсэн өвчин эмгэгийг илааршуулахад тустай байгалийн ундарга усыг рашаан гэнэ. Монголчууд эртнээс рашааныг ихэд хүндэтгэн, сүсэглэж хэрэглэсээр ирсэн бөгөөд рашаан уухдаа “Рашаан рашаан болох болтугай, арьс махны завсар гүйж аливаа муу өвчнийг арилгаж хайрлах болтугай” гэж залбиран хүртдэг байжээ. Рашааныг тусгай цаг улиралд, сонгосон дэг горимын дагуу тодорхой хэмжээгээр уугаад, дараа нь сайтар гам сахивал аливаа өвчнийг анагаах, эрүүлжүүлэх увдистай хэмээн эрхэмлэнэ.

Хэрэглээ: Монгол нутагт халуун, хүйтэн, хийжсэн зэрэг олон төрлийн рашаан бий. Хамгийн хүйтэн нь 0°С байхад хамгийн халуун нь 50°С орчим байдаг бөгөөд энэ байдал нь жилийн дөрвөн улиралд хувирдаггүй. Монголчууд рашааныг хэрэглэхдээ эмт чанарыг анхаардаг байна.

Энгийн үедээ 7-21 хоног орж, 49 хоног гам барих буюу 100 хоног гам барьж рашааны хүчийг төгөлдөржүүлдэг. Рашааныг эхний 7 хоногт бага багаар, хоёр дахь 7 хоногт ихээр, сүүлчийн 7 хоногт бага багаар хэрэглэхээ багасгах учиртай. Хэрэглэсний дараа хүйтэн нойтныг идэх, сэрүүн чанартай идээ идэх зэргийг анхааран цээрлэдэг бөгөөд халуун хүйтнээ тэнцүүлж, мах шөлөө зохицуулахыг хичээн, гам барьдаг. Мөн хонины шөл ууж, биеийн тамирыг нөхдөг ёс ч буй.

Ач холбогдол: Рашааныг ямар өвчинд, хэрхэн хэрэглэх тухай нарийн жор байдаг. Тухайлбал, ходоодны рашаан нь ходоодны салст бүрхэвчийг цочроон, хоол боловсруулах эрхтэн болоод элэгний үйл ажиллагаанд нөлөөлж бодисын солилцоог сайжруулдаг байна. Рашаан бүхэн өөр өөрийн ач тустай. Тухайлбал, үе мөчний рашаан нь үе мөчний үрэвсэл болон хуян, шар уснаас үүдэлтэй нуруу, хөлийн үрэвсэлд сайн байдаг.

Цээр ёс:

Рашаан усанд буй загас жараахай, хорхой шавжийг алж хөнөөхгүй. Лусын сүрэг, албат байж мэднэ, рашааны шимийг тэтгэгч байж болно гэдэг. Рашаан усаар мал сүргээ услах ундаалахыг цээрлэнэ. Рашаан усыг зоргоороо уухыг цээрлэнэ. Эс бөгөөс өвчин хууч хөдөлгөж, үл зохицох буюу хор болно. Иймд оточ, эмчээс асууж рашааныг хүртэнэ. Рашаан уух үес болон рашаанд орсны дараа гам алдахыг цээрлэнэ. Рашаан усны дэргэдэх мод бургасыг огтлох, болон хад чулууг хөндөж болохгүй. Рашаан ширгэнэ, газар доогуур шургана, лус савдаг хилэгнэнэ гэдэг. Рашаанаар хоол унд үйлдэхийг цээрлэнэ.