Ромео Жульетта хоёр
«Ромео Жульетта хоёр» (англи. Romeo and Juliet) — Английн алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспирийн, Италийн Верона хотын залуу хосын хайр дурлалын тухай бичсэн эмгэнэлт жүжиг.
Уг бүтээлийг 1594-1595 онд бичсэн гэж ихэвчлэн үздэг. Мөн 1591 онд эхлүүлээд хойшлуулсаар, ойролцоогоор хоёр жилийн дараа 1593 онд дуусгасан гэдэг таамаглал ч мөн байдаг. Иймд яг хэдэнд онд бичсэн гэдэг нь өнөө хүртэл тодорхойгүй байдаг юм.
Зохиолын эх үүсвэр
[засварлах | кодоор засварлах]Энэхүү үнэнч хайрын эмгэнэлт явдлыг эртний Ромын яруу найрагч Публий Овидий Назоны "Метаморфоз" номд өгүүлсэн Пирамус, Тисба хоёрын түүхээс авсан гэж зарим судлаач үздэг. Мөн Артур Брукийн “Ромеус Жульеттагийн хоёрын эмгэнэлт түүх” (Arthur Brooke. The tragical History of Romeus and Juliet,1562) яруу найргаас санаа авсан бололтой гэж үздэг судлаачид ч байдаг. Луижи Да Порто (Luigi Da Porto, 1485—1529) зохиолчийн "Эрхэм хоёр амрагийн дахин шинээр нээсэн түүх" (Historia novellamente ritrovata di due nobili amanti, 1524) яруу найргаас санаа авсан гэж мөн зарим судлаач үздэг.
Агуулга
[засварлах | кодоор засварлах]Италийн Верона хотын язгууртан Монтекки болон Капулетти овгийн гэр бүлийн хооронд байнгын зөрчилдөөн, дайн гардаг байжээ. Капулеттийн зарц нарын өдөөсөн хэрүүл маргааны дараа эздийн хооронд шинэ мөргөлдөөн дэгдсэн байна. Ромеогийн найз Бенволио тулааныг зогсоохыг оролдсон ч Жульеттагийн ах Тибальт түүнд саад болжээ. Верона хотын дарга Эскалус гэр бүлүүдийн хоорондын амар амгаланг хадгалахын тулд эвлэрлийн гэрээг зөрчсөн хэнийг ч цаазлах болно гэж зарлав.
Капулеттийн гэрт хөгжилтэй баярт бэлдэж байв. Синьор Капулетт Верона хотын язгууртнууд руу урилга хүргүүлэхээр үйлчлэгчээ илгээв. Хатагтай Капуллети цорын ганц охин Жульеттагаа асрагчаар дуудуулдаг байна. Ээж нь 13 настай охинд насанд хүрснийг нь сануулж, үдэшлэг дээр хүргэнтэйгээ уулзах болно, тэр нь хотын дарга Эскалустай холбоотой хамаатан царайлаг залуу гүн Парис гэжээ.
Меркутио, Бенволио нар Ромеог Капулеттийн гэрт болох баярт баг өмсөн сэм орохыг ятгав. Гэрийн эзний дүү Розалина ч тэнд байх тул тэр зөвшөөрчээ. Баяр ид дүндаа болж байна. Жульеттагийн үеэл Тибальт Ромеог дайсагнасан нөгөө гэр бүлийн хүн гэж танив. Синьор Капулетти ууртай Тибалтыг зогсоов. Гэвч Ромео юу ч анзаарсангүй: Розалиныг мартаж, гэрэлтсэн гоо үзэсгэлэнгийн танихгүй охиноос нүдээ салгаж чадахгүй. Энэ бол Жульетта байв. Тэрээр бас танихгүй залуугийн сэтгэл татам байдлыг мэдэрдэг байна. Ромео Жульеттаг үнсэв. Тэднийг ямар их ангал цав тусгаарласныг ойлгож байв.
Жульетта Ромеогийн тухай чангаар ярьж мөрөөддөг. Ромео цонхных нь доор ирээд тэрхүү яриаг сонсоно. Тэр түүнд хүсэл тэмүүлэлтэй хайртай байгайгаа хүлээн зөвшөөрч хариу илчилдэг байна. Шөнийн гэгээн дор залуус бие биедээ хайртай, үнэнч байхаа тангаргалдаг юм.
Ромео гэртээ харилгүй өөрийн багш ламтан Лоренцо руу очиж Жульеттатай аль болох хурдан гэрлэхийг хүсч буйгаа хэлэв. Ламтан Лоренцо эхэндээ татгалзсан ч эцэст нь Ромео, Жульетта хоёрын нийлснээр хоёр гэр бүлийн маргааныг эцэс болгоно гэж найдаж, зөвшөөрчээ. Асрагчаар дамжуулан хайрлагчид нууц ёслол хийхээр тохиролцож, эцэг Лоренцо тэдий гэрлэлтийг баталгаажуулжээ.
Яг тэр өдөр Тибальт, Меркуцио хоёр нүүр тулж өдөөсөн хэрүүл хурдан сэлмийн тулаан болж хувирдаг байна. Бенволио өрсөлдөгчийг салгах гэж дэмий л оролдоно. Тибальт тэднийг салгах гэж оролдсон Ромеогийн гарт байсан Меркуциог хүнд шархадуулж үхэлд хүргэв.
Уурласан Ромео Тибалтын араас хөөж очоод удаан ширүүн тэмцсэний эцэст түүнийг алав. Бенволио ирсэн хотын дарга Эскалуст болсон явдлын учрыг тайлбарлав.
Жульетта асрагчаасаа үеэлийнхээ үхэл болон Ромеог Верона хотоос хөөх шийдвэр гаргасан тухай мэдэж авдаг. Ламтан Лоренцо залууг тайвшруулж, хөрш Мантуяа хотод хоргодохыг зөвлөв. Ромео Жульеттагийн өрөөнд нууцаар орж, түүнтэй хамт хонож, өглөө нь гарч явдаг байна.
Маргааш өглөө нь Жульеттагийн эцэг эх түүнийг гүн Парисын эхнэр болох ёстой гэж хэлээд түүний ямар ч тайлбарыг сонсохыг хүсэхгүй байна гэдэг. Жульетта цөхрөнгөө барж хор ч уухад бэлэн байв. Ламтан эцэг Лоренцо түүнийг үхсэн гэж хүн бүр бодохын тулд түүнийг унтуулдаг тусгай эм уухыг зөвлөжээ. Жульетта түүний хэлснээр болгодог. Ламтан эцэг Лоренцо Ромео руу элч илгээж, эцэг Жованни руу төлөвлөгөөнийх нь тухай мэдээлсэн боловч тахлын улмаас тэр захидлыг хүргэж чадаагүй аж. Ромео Жульеттагийн үхлийн талаар сонсоод түүнтэй салах ёс гүйцэтгэхээр яаран давхив. Капулеттийн гэр бүлийн оршуулгын газар тэрээр гүн Паристай таарч, хэрүүл маргааны үеэр түүнийг алжээ.
Жульеттаг үхсэн гэж бодоод, энэ бол зүгээр л түр унтсан байгаа гэдгийг мэдээгүй Ромео хор уудаг байна. Жульетта нойрноосоо сэрээд Ромео үхсэн байгааг хараад өөрийгөө хутгалдаг. Удалгүй гэр бүл болон герцог нар оршуулгын газар ирэв. Энд ламтан Лоренцо бүх болсон нөхцөл байдлыг тайлбарлав. Хүүхдүүдийнхээ бие дээр Монтекки, Капулеттийн гэр бүлийнхэн зөрчилдөөнөө мартдаг.
"Ромео Жульетта хоёрын түүхээс илүү Дэлхий дээр үүнээс илүү гунигтай түүх байхгүй!" гэж гүн Эскалусын үгээр жүжиг төгсдөг.
"Ромео Жульетта хоёр" Монголд
[засварлах | кодоор засварлах]Монголын театрын тайзнаа энэхүү жүжгийг анх 1966 онд Сангижавын Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрт тавьж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов, Жульеттагийн дүрд жүжигчин Б.Энхтуяа тоглож байжээ.
1996 онд Чойнхорын Найдандорж найруулагч "Ромео Жульетта хоёр"-ыг УДЭТ-т тавьж, тайзнаа Ромеод жүжигчин О.Гэрэлсүх, Жульеттад МУГЖ И.Одончимэг нар тоглож байжээ.
2012 оны намар “Сонгодог мюзикл продакшн” Монгол-Францын соёлын төвтэй хамтран “Ромео, Жульета” дуурийг анх удаа эх хэлээрээ тавьжээ.
2015 онд УДЭТ-ын уран бүтээлчид Уильям Шекспирийн "Ромео Жульетта" эмгэнэлт драмын жүжгээр үзвэрийн 85 дахь жилийн нээлтээ хийсэн байна. Энэ удаад тус жүжиг Төрийн соёрхолт Намнансүрэнгийн Наранбаатарын найруулга, МҮОНТ-ийн кино орчуулагч Х.Мэргэний орчуулгаар үзэгчдэд хүрсэн байна.
2022 онд энэхүү английн алдарт жүжгийн зохиолч Уильям Шекспирийн “Ромео Жульетта хоёр” ном Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Х.Мэргэний орчуулгаар хэвлэгджээ.