Jump to content

Сонгууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Саналын хайрцаг
Хадмал
Монгол үсгээр
монгол кирилл.сонгууль

Сонгууль (Англи: election) гэдэг нь ямарваа нэг хувь хүн өөрийн биеэр хараат бусаар, өөрийн үзэл бодлоор тодорхой түвшний олон нийтийн удирдлагыг (жишээлбэл Улсын их хурлын сонгууль, орон нутгийн) сонгох цогц үйл явц юм. Энэ нь 17-р зуунаас хойш төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх үндсэн оньс болсоор ирсэн юм. Сонгуулиар хууль тогтоох байгууллага, харьяа засгийн газар, шүүх, орон нутгийн засаглалуудыг сонгон бүрдүүлэхэд хэрэглэдэг байна. Энэ үйл явц нь бас ажил хэрэгч болон олон нийтийн байгууллагуудад хэрэглэгддэг.

Сонгуулийг нээлттэй буюу нууцаар санал хураадаг үндсэн хоёр хэлбэрээр явуулдаг.

Сонгууль нь хүмүүсийн ямар нэгэн нэгтгэл, байгууллагын удирдаж буй албан тушаалтныг солиход ашигладаг хамгийн ардчилсан тогтолцоо гэж үздэг.

Сонгуулийн төрөл

[засварлах | кодоор засварлах]
  1. ээлжит – сонгогдож буй байгууллагын хуулиар тогтоосон бүрэн эрхт хугацаа дуусгавар болох үед явуулдаг;
  2. ээлжит бус-өмнө тогтоож зарласан бүрэн эрхт хугацаа ямар нэг хуульд заасан шалтгаанаар дуусгавар болоогүй байхад явуулж буй сонгууль;
  3. ротацийн хэлбэрээр.  Төлөөлж буй гишүүдийн заримыг хууль, журамд заасан хугацаагаар явуулж буй сонгууль;
  4. нэмэлт сонгууль- хуульд заасан хугацаа дуусгавар болоогүй байхад орон тоо (нас барсан, өөр ажилд шилжсэн гэх мэт) гарсан тохиолдолд явуулдаг сонгууль;
  5. дахин сонгууль-шүүх буюу сонгуулийн хорооны шийдвэрээр явуулсан сонгууль хүчингүй буюу хууль бус гэж үзвэл явуулдаг сонгууль.

Дахин сонгууль болон дахин санал өгөхийг хооронд нь хольж хутгаж болохгүй. Энэ нь хуулийн дагуу аль нэг сонгогдогч хэрэгцээт тооны санал аваагүй бөгөөд хуулиар хоёр дахь шатны сонгууль явуулахыг заагаагүй тохиолдолд учирч болно.

Сонгуулийн системүүд

[засварлах | кодоор засварлах]

Сонгууль явуулдаг үндсэн гурван систем байдаг: мажоритар, пропорционал болон холимог.  

1. Пропорционал систем нь улс төрийн хүчнүүдийн /намууд/ рейтинг тогтоодог. Өөрөөр хэлбэл улс төрийн хүчнүүдийн авсан саналыг пропорцоор нь суудлыг нь хувиаралдаг тогтолцоо юм.  

2. Мажоритар гэдэг нь /франц гаралтай Majoritee/  олонхи гэсэн үг. Энэ системээр сонгогчид намуудыг бус тодорхой нэр дэвшигчийг сонгодог. Ийм системээр энгийн олонх буюу ердийн олонх /нэг ч болов санал илүү авсан бол/ санал авсан нэр дэвшигч ялсанд тооцдог.

3. Холимог систем гэдэг нь пропорционал-мажоритар гэсэн хоёр системийг зэрэг ашиглахыг хэлнэ. Энэ нь зарим нэр дэвшигч намын жагсаалтаар зарим нь мажоритар системээр сонгогдохыг хэлнэ.