Улсын их хурлын сонгууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Улсын Их Хурлын сонгууль гэдэг нь Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох, дөрвөн жилд нэг удаа явагддаг үйл ажиллагаа юм. Сонгуулийг улс орон даяар зохион байгуулах онцгой эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эдлэдэг. Одоогийн үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хуралд 76 гишүүнийг дөрвөн жилийн хугацаатай сонгож байгаа. Энэ хуулийн дагуу Монгол Улсад 7 удаа Улсын их хурлын сонгууль явагдаад байна.

1992 оны сонгууль[засварлах | edit source]

Анхны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол сөрөг хүчин 5-хан суудалтай (МСДН - 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл - 4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь МАХН-ын гишүүн юм. Уг сонгууль нь томсгосон мажоритар системээр буюу, аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүн сонгогдож байв.

1996 оны сонгууль[засварлах | edit source]

Жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс 1 хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл 50 суудал авснаар засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал авч, үлдсэн нэг суудлыг МУНН (Очирбатын Дашбалбар) эзэлжээ.

2000 оны сонгууль[засварлах | edit source]

Сонгуулийн тогтолцоо өмнөхтэйгээ ижил байсан бөгөөд МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж, МҮАН, МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл, ИЗН, Ногоон Намын "Иргэний Зориг-Ногоон Нам" эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч 1 хүн (Ламжавын Гүндалай) сонгогджээ.

2004 оны сонгууль[засварлах | edit source]

МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын 3 гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон.

2008 оны сонгууль[засварлах | edit source]

МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын "Иргэний эвсэл" 1, ИЗН 1, бие даагч 1 (Зоригийн Алтай) сонгогдсон.

2012 оны сонгууль[засварлах | edit source]

Ардчилсан Нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч, 3 бие даагч сонгогдсон.

2016 оны сонгууль[засварлах | edit source]

МАН 65, АН 9, МАХН 1 суудал авч, 1 бие даагч сонгогдсон.

Нөхөн сонгуулиуд[засварлах | edit source]

1992-1996 онд хэрэгжиж байсан хуулиар УИХ-ын гишүүний орон гарахад нөхөн сонгууль болдоггүй, үндсэн сонгуульд дараагийн санал авсан хүн шууд сонгогддог байв. Мөн бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилээс бага хугацаа үлдсэн бол орных нь хүнийг сонгох сонгууль болдоггүй.

1996-2000[засварлах | edit source]

Н.Багабанди ерөнхийлөгчөөр сонгогдож, С.Гончиг, М.Чимидцэрэн, С.Зориг нар нас барсны улмаас нөхөн сонгуулиуд болсон. Үүнд Н.Энхбаяр, Ц.Өөлд, Д.Цэвээнжав, С.Оюун нар сонгогдсон бол О.Дашбалбар нас барахад бүрэн эрхийн хугацаа 1 жилээс бага үлдсэн байсан тул нөхөн сонгууль болоогүй.

2000-2004[засварлах | edit source]

Л.Энэбиш, М.Зэнээ нар өөд болсны улмаас нөхөн сонгууль явагдахад Б.Өвгөнхүү, Су.Батболд нар сонгогдсон.

2004-2008[засварлах | edit source]

Н.Энхбаяр ерөнхийлөгчөөр сонгогдож, О.Энхсайхан нас барж нөхөн сонгууль зохиогдсон. Үүнд М.Энхболд, Ө.Энхтүвшин нар сонгогдсон юм.

2008-2012[засварлах | edit source]

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсон тул нөхөн сонгууль болж, Даш.Зоригт сонгогджээ.

Улсын их хурлын сонгуулийн хууль[засварлах | edit source]

Монгол Улсын анхны их хурлын сонгуулийн ардчилсан хууль нь 1992 онд батлагдсан. Түүнээс хойш олон удаа засвар өөрчлөлт орж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 онд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль батлагдсан.

Сонгуулийн кампанит ажил[засварлах | edit source]

Сонгуулийн сурталчилгааны кампанит ажил сонгуулийн шинэ батлагдсан хуулийн дагуу сонгууль болохоос 18 хоногийн өмнө эхэлж, 1 хоногийн өмнө дууссан байх ёстой.

Сонгуулийн санал авах үйл ажиллагаа[засварлах | edit source]

Монгол улсад иргэд сонгуульд нэр дэвшигчид өгөх саналаа нууцаар өгдөг. Давхардуулан санал өгөх явдлаас сэргийлэхийн тулд сонгуулийн санал авах байр бүрт иргэний үнэмлэх шалгаж, хуруун дээр нь тусгай бэхээр тэмдэглэл тавьдаг.