Сономын Удвал
Сономын Удвал (1921 оны 2-р сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төрсөн -1991 онд нас барсан) - XX зууны манлай эмэгтэй удирдагч,Төр нийгмийн нэрт зүтгэлтэн,Төрийн шагналт зохиолч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]С.Удвалыг 7 орчим настай байхад тэднийх Булганаас нүүж Лүн, Улаанбаатараар дамжиж 2 жил орчим болоод Өмнөговь аймагт шилжин очжээ. 1932 оноос Өмнөговь аймгийн яам, цэргийн хэлтэс, намын хооронд бичээч, 1937 онд Улаанбаатарт багшийн сургуульд ирээд, 1937 онд Эвлэлийн байгууллагын даалгавараар Дотоод яамны гал командад бичээчээр ажилласан байна. Гал командад 1938 оны 5 дугаар сараас эмэгтэйчүүдийн зохион байгуулагчдын ажил эрхлэж байгаад 1941 онд Намын шинэ хүчний сургуульд оюутан болов. Нэг жилийн дараа 1942 оноос ЗХУ-ын КУТВ буюу Дорно дахины их сургуульд суралцахаар яваад дайны жилүүд эхэлсэн учир Москвагийн хамгаалалтад сургууль нь хаагдсан учир 1944 онд нутагтаа эргэн ирмэгцээ Өмнөговь аймагт сонины эрхлэгчээр томилогдон очжээ.
1946 онд намын шинэ хүчний сургуулийг, 1957-1960 онд Зөвлөлтийн Коммунист намын дээд сургуулийг тус тус төгссөн байна. Эдгээр сургуульд суралцах хооронд Намын төв хэвлэлүүдийн эрхлэгчийн (1947-1949) хүндтэй албыг хашжээ.
1949-1954 онуудад Намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгчээр буюу одоогийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга (1954-1957), Монголын Зохиолчдын Хорооны даргаар (1961-1973) ажиллажээ.
1962 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны буюу өдгөөгийн Монголын Эмэгтэйчүүдийн холбооны даргаар хавсран ажилласан байна.
Тэрбээр идэр залуу наснаасаа авъяас билэг, хүч чадал, оюун ухаанаа Монголдоо, ялангуяа эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэндээ зориулж, тэдний сайн сайхны төлөө зүтгэж, бүтээж, туурвиж явсан нэгэн буянтан юм.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]XX зууны шинэчлэлийн үед Монголын эмэгтэйчүүд нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх, их дээд сургуульд суралцаж боловсрол эзэмших боломж нөхцөлийг сайжруулах, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлын цаг хорогдуулах, амралт чөлөө олгох, хөнгөлөлт тэтгэмж өгөх олгох зэрэг арга хэмжээг БНМАУ-ын АИХ, СнЗ, МАХН-ын Төв Хорооны тогтоол шийдвэрээр баталгаажуулан, хууль эрхийн тогтолцоо бий болгосон билээ.
Эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдах нь
[засварлах | кодоор засварлах]Монгол орны нүүр царай болсон хот суурин газрын соёлжилт, цэвэр цэмцгэр байдлыг хангах, нийт хүн амын хувийн ариун цэврийг сайжруулах талаар орон даяар зохиогдож байсан шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэх, ахуйн соёлыг дээшлүүлэх талаар явуулсан бараг хагас зуун жилийн үйл ажиллагаанд С.Удвал Монголын эмэгтэйчүүдийн бүх шатны байгууллага, идэвхтэн сонгуультнуудаа дайчлан оролцуулж, чухам л албан газар, үйлдвэр үйлчилгээний бүхий л газар, айл өрх болгоны хаалгыг тогшиж хуучин хоцрогдсон хэвшлийг өөрчлөхөд алхам алхмаар нөлөөлсөн гэж үзэх үндэстэй юм.
Эмэгтэйчүүдийг удирдах ажилд томилох нь
[засварлах | кодоор засварлах]С.Удвал боловсрол, мэдлэгтэй, удирдан зохион байгуулах авьяастай эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд дэвшүүлэх, боловсон хүчний нөөцөд оруулах, тэднийг дараагийн шатны сургууль курст явуулах, томоохон арга хэмжээ, олон улсын хурал зөвлөгөөнд оролцуулахаас гадна эмэгтэйчүүдийн тухай төвийн хэвлэлд бичих, илтгэл хэлэх үгэнд оруулах зэргээр нэр хүндийг нь өргөж байлаа. Түүний хөдөлмөрийн үрээр олон эмэгтэйн хувь заяанд сайн нөлөө үзүүлсэн билээ. Тийм ч учраас 1970-1980-аад онуудад төрийн яамдын нэг орлогч сайд болон эмэгтэйчүүд олноор ажилладаг үйлдвэр аж ахуйн газрын дарга, захирлаар эмэгтэйчүүд томилогдон ажиллаж байсан болно.
Зохиол бүтээл
[засварлах | кодоор засварлах]С.Удвал тэр үеийн нам, төр, олон нийтийн томоохон байгууллагуудад сонгууль хүлээж хамгийн өндөр албан тушаалд хүрсэн эмэгтэй байсны зэрэгцээ утга зохиолын бүх хэлбэрээр чадамгай бичдэг зохиолч хүн байсан. Ардын хувьсгалын жилүүдэд өсөж өндийн, мэдлэг боловсрол эзэмших, хийж бүтээх агуу тэмүүлэлтэй эгэл жирийн боловч, “Ховор” хүмүүс, эмэгтэйчүүдийн хэв шинжит олон дүр бүтээсэн өгүүллэг, тууж, шүлэг, жүжиг, кино олныг бичсэн билээ.
Монголынхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь бие хайргүй тэмцсэн бодит Хатанбаатар Магсаржав буюу Баатар Вангийн дүрийг харуулсан роман “Их хувь заяа” зэргээрээ 1978 онд БНМАУ-ын Төрийн шагнал хүртжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]С.Удвал нь Б.Багаажав[1]тай гэрлэж гурван хүү, нэг охин төрүүлжээ.
Гавьяа шагналууд
[засварлах | кодоор засварлах]- 1965 онд Дэлхий дахины энх тайвны Жолио Кюрийн нэрэмжит Алтан медаль
- 1973 онд Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлийн шагнал
- 1978 онд ЗХУ-ын “Ард Түмний Найрамдал” одон,
- 1978 онд БНМАУ-ын төрийн шагнал
- 1946, 1966 онуудад “Алтан гадас” одонгоор хоёр удаа
- 1956 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон
- 1971 онд Сүхбаатарын одон зэргээр шагнуулжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Дотогш урссан нулимс буюу Сономын Удвал
- ↑ gogo.mn. "ТҮҮХЭН ХҮН: Утга зохиол, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвал". gogo.mn. Татаж авсан: 2024-04-22.
- Сономын Удвал
- Монголын зохиолч
- Монголын эмэгтэйчүүдийн холбоо
- Сонины ерөнхий эрхлэгч
- Монголын төрийн зүтгэлтэн
- Монгол Улсын Төрийн шагналтан
- Алтан гадас одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (Монгол)
- Найрамдлын одон шагналтан
- Сүхбаатарын одон шагналтан
- ЗХУ-ын их сургуулийн төгсөгч
- Дашинчилэнгийн хүн
- Монголчууд
- 1921 онд төрсөн
- 1991 онд өнгөрсөн
- Эмэгтэйчүүд