Суфанувонг хунтайж
Хунтайж Суфанувонг (Suphanuvong) (1909 оны 7-р сарын 13-нд төрсөн-1995 оны 1-р сарын 9-нд нас барсан)- Лаосын улс төрийн зүтгэлтэн, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын анхны Ерөнхийлөгч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хунтайж Суфанувонг Луангпрабанг хотод 1909 оны 7-р сарын 13-нд Луангпрабангийн Хунтайж Бунхонгийн 22 дахь буюу отгон хүү болж төржээ. Суванна Фуматай эцэг нэгтэй юм. Вьетнамын Ханой хотод бага сургуульд сурч байгаад Франц Улс руу явсан. Гавр боомт хотод жил тойрон ажиллаж байхдаа марксист сургаальд автсан байдаг. Эцэг нэгт ахын адил Парисын иргэний инженерийн сургууль төгсөж, Францын ардын фронтын бослогын үйл ажиллагаанд оролцож байжээ.
1939 онд Вьетнамд буцаж ирээд Вьетнамын төв бүсийн Нячанг хотын нийгмийн ажлын хэлтэст ажилсан байна. Энэ үед тэрээр зөвхөн Вьетнамтай хамтдаа тэмцэж тусгаар тогтнолоо олж авна гэж хатуу ойлголттой болсон бөгөөд Хо Ши Миний сургаалийг дагагч, Энэтхэг-Хятадын Коммунист намтай нэгдэн хөдөлгөөнд орсон байна.
1945 онд Лаост эргэн ирж “Лао Иссара” /Эрх чөлөөт Лаос/ хөдөлгөөнийхөнтэй холбоо тогтоожээ. 1945 оны 10 дугаар сард Суфановонг Лаосын Батлан хамгаалах, чөлөөлөх армийн удирдагчаар томилогдсон. 1946 онд Лаосын арми Францын корпуст ялагдаж, Хунтайж Суфановонг шархадаж Меконг мөрнийг гаталж Тайландад орогнож байхдаа “Эрх чөлөөт Лаосын” түр Засгийн газрын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд байсан.
1949 онд Тайландын эрх баригчид лаосын босогчдыг бэлтгэх төвүүдийг хаасан бөгөөд “Эрх чөлөөт Лаос” хөдөлгөөн таран, удирдагчид эх орон руугаа буцан ирж үйл ажиллагаагаа явуулах болсон. Энэ үеэс түүнийг “Улаан хунтайж” хэмээх хоч түүнийг дагалдах болсон. “Лао Иссара” хөдөлгөөнийг олон жил удирдан ажилсан.
1975 оны 12 дугаар сараас 1991 оны 8 дугаар сар хүртэл БНАЛАУ-ын Ерөнхийлөгч, Ардын Ассамблейн даргаар ажилсан. Энэ хугацаанд ерөнхийдөө төвийг сахих бодлого баримталж байсан. 1991 оноос хойш ЛАХН-ын Төв Хорооны зөвлөхөөр ажиллаж байгаад 86 насандаа 1995 оны 1-р сарын 9-нд таалал төгссөн.
Түүнийг нас барахад Лаос даяар 5 хоног гашуудал зарласан байдаг байна.
Жич: 1980 оны 10-р сард БНМАУ-д айлчилж байсан.