Тайванийн Үндэсний Хааны Ордон Музей

Тайванийн Үндэсний Хааны Ордон Музей
國立故宮博物院
Байгуулагдсан 1925 оны 10 сарын 10 (Бээжин хотод)
1965 оны 11 сарын 12 (Тайпэйд)
Байршил Тайпэй, Шилинь
Цуглуулгын хэмжээ 698,856 (2022 оны 2 сарын байдлаар)
Үзэгчдийн тоо Хойд хэсэг: 3,832,373 (2019)
Өмнөд хэсэг: 1,049,262 (2019)
Захирал У Мича
Цахим хуудас https://www.npm.gov.tw/?l=2

Тайванийн Үндэсний Хааны Ордон Музей нь анх 1925 оны 10 сарын 10-ний өдөр Бээжин хот дахь Хориотой хотод байсан Чин гүрний сүүлчийн хаан Пүиг хөөж явуулсны дараа байгуулагдаж байсан. 1931 оноос Япон улсын арми зүүн хойд Хятадыг байлдан эзэлсний дараа Чан Кайшигийн засгийн газар Бээжин хотод байсан Хааны ордон музейн сан хөмрөгийг нүүлгэх ажил хийгдэж эхэлсэн. 1933 оны 2 сарын 6-ннас 5-р сарын 15-ны хооронд Ордны музейн эртний олдворуудын танхим, Зуны ордон, Бичгийн утгачийн хүрээлэн зэрэг танхимийн 13,491 хайрцаг, 6,066 хайрцаг эд зүйлсийг Шанхай руу ээлж болгон шилжүүлэв. 1936 онд Японы түрэмгийлэлээс болгоомжилж Нанжингийн Чаотянь ордон дахь үзмэрүүдийг нүүлгэжээ. 1945 онд Япон бууж өгөх хүртэл цуглуулгыг баруун тийш гурван замаар Аньшун, Лешань зэрэг хэд хэдэн газар руу зөөв. 1947 онд Нанжингийн агуулахад буцааж ачуулсан. Хятадын иргэний дайнд Чан Кайшигийн тэргүүлсэн Гоминдан нам ялагдах нь тодорхой болсон үеэс эхлэн Үндэсний Хааны Ордон музейн үзмэрүүдийг Тайвань арал руу нүүлгэж, олон газар хадгалж явсаар 1957 онд Тайванийн Үндэсний Номын Санд 4 танхим, 200 гаруй зарим үзмэрүүдээ дэлгэж ажиллаж эхэлсэн. 1960 оны эхээр музейн шинэ байр барих төслийг эхлүүлж АНУ-аас 32 сая тайвань доллар зээлж, Тайванийн засгийн газар нэмж 30 сая тайвань долларын хөрөнгө оруулан Вайшуаньси хэмээх газарт музейн барилгын ажил эхлүүлж, 1965 оны 11 сарын 12 нд нээлтээ хийжээ. Тус музей нь хойд, өмнөд хоёр хэсэгтэй. Хойд хэсэг нь 1965 онд нээлтээ хийсэн бол, өмнөд хэсэг нь 2000-2015 оны хооронд барилгын ажил хийгдэж, 70 гектар талбай бүхий музейн барилга ашиглалтанд орсон. Өмнөд хэсгийн барилгын төсөв нь нийт 268 сая доллар болсон. Одоогоор нийт 698,000 гаруй үзмэртэй.