Тойтогийн Төмөрхүлэг
Тойтогийн Төмөрхүлэг (1945 онд төрсөн) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дипломатч, орчуулагч, түүхийн ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Т.Төмөрхүлэг 1965-1970 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд сурч төгссөн.
Тэрээр 1970 оноос Монгол Улсын гадаад харилцааны салбарт атташегаас эхлээд Элчин сайд хүртлээ 34 жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай дипломатч. Монгол Улсаас хоёр удаа Алжир дахь ЭСЯ-ны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан юм. 1991 -1996 онд Лаос улсад Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа Тайландын Вант улс, Камбож улсын Элчин сайдын албыг давхар хавсран хашиж байжээ.
2000 онд Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдын яамны зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаад 2004 онд тэтгэвэртээ суусан.
2004 оноос МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан.
2008 оноос МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийн багш.
2018 онд тэрээр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүндэт легионы одонгоор шагнуулсан байна.
Орчуулгууд
[засварлах | кодоор засварлах]Т.Төмөрхүлэг нь Bольтер, Шарль де Монтескье, Дэни Дидро, Ги де Мопассан, Антуан де Сент-Экзюпери, Альбер Камю зэрэг Францын үе үеийн алдарт зохиолчдын сор болсон олон арван бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж, монгол уншигчдын хүртээл болгохын зэрэгцээ “Цогт тайж”, “Ингэн нулимс” зэрэг киног франц хэлнээ хөрвүүлсэн манай нэрт орчуулагч хүн юм.