Цогт хунтайж
Цогт хунтайж гэж алдаршсан Түмэнхэн (1581–1637) нь Халхын тэргүүлэх язгууртаны нэг байв. Тэрбээр Монголын шашин оюун санаа, бүтээн байгуулалтад төдийгүй улс төрд гүнзгий тод ул мөр үлдээжээ. Эриехэй мэргэн ханы үед Хунтайж болжээ.
Цогт тайж амьдралынхаа ихэнхийг Туул голын орчимд төвлөрч сууж өнгөрөөсөн бөгөөд Гарма урсгалын сүм дуган бариулж, ном эрдмийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байв. 1601 онд бариулсан Цогтын цагаан байшингийн балгас өнөө үеийг хүртэл үлдэж хоцорчээ.
Цахар харьяаны зарим монгол отгууд Лигдэн хаантай зөрчилдөж Өмнөд монголоос Халхад ирээд Далай жононг дэмжиж, улмаар түүнийг "хан" цолтой болохыг хэмээн шахжээ. Далай жонон тэдний саналыг Түшээт ханд хэлж, өөрөө ч хан зэрэгт дэвших хүсэлтэйгээ илэрхийлэв. Өрнөж буй улс төрийн үйл явцыг Түшээт хан Гомбодорж болгоомжтой авч үзээд арга буюу Далай жононд Сэцэн хан цол зөвшөөрөв. Энэ явдалд дургүйцсэн Цогт тайж Халхын ноёдтой эвдрэлцэх болжээ. Учир нь, тэрбээр Далай жононгоос дээгүүр зиндаа буюу Түшээт ханы дараа орох (Халхын зүүн гарын хоёр дахь ноён) язгууртан, мөн Халхын зүүн гарын тэргүүлэгчдээс хамгийн ахмад нь байв. Улс төрийн энэ мэт зөрчлөөс болж Цогт тайж Халхаас шахагдсаар улмаар Төвөдийн зүгт орших Хөхнуурын зүг цэрэг, ардаа авч дүрвэн нүүжээ. Тэрээр Төвөдийн Буддизмын Гармапа урсгал-ыг дэмжиж Амдо (одоогийн Хөхнуур) хүртэл довтлоод тэндээ хэдэн жил "хаан" гэгдэж суув. Тэрээр Төвөд уруу довтлохдоо Их Монгол Улсын Лигдэн хаан-тай хүч хавсрахаар хэлэлцсэн байсан боловч Лигдэн хаан 1634 онд Цогттой нийлж амжилгүй нас эцэслэв. Гэвч Цогт давшилтаа үргэлжлүүлэн, мөн онд Хөхнуурын Түмэд-үүдийг цохиж, тэнд төвлөрөн суужээ. Тэгээд улааны шашныхны хүсэлтээр хүү Арслангаа 1635 онд Төвөд рүү цэрэг удирдуулж явуулсан байна. Гэвч Арслан 5-р Далай ламтай уулзаж, шарын шашин нь бурханы шашны урсгалуудаас хамгийн шинэлэг дээд ном болохыг ойлгож дагасан төдийгүй үүний үрээр аавынхаа холбоотнуудыг эргэж довтолсон тул Цогт хүүгээ цаазлахыг тушаажээ. Арслан тайж тушаал ёсоор алагдав. Хөхнуурын нутгийг Цогт хаан хэмээн эзлэн сууснаар халх, өвөр монгол, ойрад зэрэг бүх монголчуудын Лхаст (Төвөдөд) хүрэх, мөргөх замыг хяналтдаа байлгах болов. Үүнд, Гэлүгпа урсгал (Шарын шашин)-ыг дэмжигч монголчууд дургүйцэж, Хошуудын Төр Байхтай тохирч Цогтод цэрэглэхийг тохирсоноор 1636 онд Ойрадын баруун гарын цэргүүд Төвөдөд нэвтэрч, мөн үүнд Халхаас баруун гарын жононгийн цэргүүд оролцсоноор 1637 оны шийдвэрлэх тулаан болов. Энэ тулаанаар Цогтын цэрэг ялагдаж, өөрөө алуулжээ.
Цогтыг дарахад хамссанаар Халх, Ойрадын харилцаа сайжирч 1640 онд Цогтын асуудлыг шийдэх ба хариас хамтарч сэргийлэх асуудлаар анх Монгол-Ойрадын цааз байгуулав. Цааз байгуулж тохиролцоод Цогтын эзэмшил нутгийг Хошуудад үлдээж, Төр байхыг Гүш хаан хэмээн өргөснөөр Алтайн өвөрт ойрадууд бие даан буцаж суух болсон төдийгүй Гүш хан бээр Төвөдийг эрхшээх нөхцөл тохироо бүрдэв. Үүгээр Ойрад хүчирхэгжих эх тавигдав. Ихэнхдээ, Эрчисийн адгаар (Өнөөгийн зүүн хойд Казак ба Баруун өмнөд Сибирьт) Монголоос зайлан сууж, салан тусгаарлахыг эрмэлзэж ирсэн ойрадууд энэ дайны дараа Алтайн өвөрт (өнөөгийн Шинжаанд) бүхэлдээ эргэж суурьших боломжтой болжээ. Улс төрийн энэ үйл явц нь Халх, Ойрадын харилцаанд ихээхэн өөрчлөлт авчирсан юм.
Цогт тайжтай дайсагнаж явсан Дээд монгол, Төвөд, Өвөр Монголын зарим хошуудад түүнийг шашин, дээдийн ёсноос урвасан этгээд гэж үздэг. Харин Монгол улсад 1945 онд Цогт тайж хэмээх кино бүтээхдээ коммунистууд үнэн түүхийг гуйвуулан өөрчилж, шашны эсрэг тэмцэгч эх оронч хүн мэтээр харуулж алдаршуулжээ.
Хожим Цогт хунтайжийн эзэмшлээс Халхад үлдсэн нь түүний ач хүү Сутай Илдэнгийн үр сад Сайн ноён хан аймгийн Илдэн засгийн хошууг үе залгамжлан захирч байв.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Цогт тайж - 1945 онд бүтсэн кино.