Тужийн нарс
Тужийн нарс -Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг 65548.56 га талбайтай Төрийн тусгай хамгаалалт бүхий байгалийн цогцолбор газар. Далайн түвшнээс дээш 620 гаруй метрийн өндөрт буюу Монгол Улсын хамгийн нам дор газар байрладаг энэхүү нарсан ой нь өөрөө агаарыг цэвэршүүлж хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг байна. Нарс мод нь 200-300 жил наслах чадвартай бөгөөд 10 метрээс дээш өндөр ургадаг байна.
Тужийн нарс байгалийн цогцолбор газрын нутаг нь Орхон Сэлэнгэ мөрний бэлчир орчмын нам уулс, гүвээ толгод бүхий хээр нутаг юм. Уул толгод, ухаа гүвээнүүдийн хажуу нь налуу, хоорондох ам хөндийнүүд нь өргөн. Энд хуурай хээрийн хар хүрэн хөрс голлон тархсан байдаг. Тужийн нарс орчмын нутаг нь Монгол орны уур амьсгалын мужлалаар хахир хүйтэн өвөлтэй, сэрүүвтэр зунтай мужид багтана. Өдөр нь их халах, шөнө нь их хөрөх, салхины хүч өдөр ширүүсэн шөнө намдах, хур чийг дутмаг байх зэрэг эх газрын эрс тэс уур амьсгалын шинж тод илэрдэг.
Нэршил
[засварлах | кодоор засварлах]Тужийн нарс хэмээх нэр нь “туж нарс” гэдэг үгнээс үүссэн гэдэг. Хэсэгхэн газартаа хар модтой, захаараа хэдэн хустайг эс тооцвол бүхэлдээ нарс учраас “Туж нарс” хэмээн нэрлэсэн ажээ.
Сэргээх ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]1986-2002 онуудад 7 удаагийн их хэмжээний ойн түймэр болон зах зээлийн нийгэмд шилжиж мод бэлтгэл, модны наймаа хийсний уршигаар Тужийн нарсны 70% сүйджээ.
Тужийн нарсыг экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч байгалийн цогцолбор газар болгосон. 2010-2022 онд Сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг эрчимтэй хийсний үр дүнд 40-50% нь байгалийнхаа аясаар сэргэн ургаж байна. Энэ ажилд оролцсон Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсранг 2022 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан байна. Тужийн нарс нь байгалийн зүй тогтоцын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог. Тужийн нарс нь тэгш тал газрын элсэрхэг хөрстэй нарсан ой бөгөөд эгэл нарс зонхилон ургана. Цагтаа хүн явахын аргагүй шигүү, ойн гүнд нь хээрийн салхины исгэрээ мэдрэгдэхгүй байсан гэгддэг энэ нарсан ой устаж мөхөхийн ирмэгт ирсэн нь саяхан билээ.