Баттөмөрийн Жамсран

Баттөмөрийн Жамсран (Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Буурал булнай гэдэг газар төрсөн)- 2022 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2000 онд Монгол Улсын Ой модны гавьяат ажилтан цол хүртсэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1954 онд Согоотын бага сургуулийн дөрөвдүгээр анги төгссөн.

1958-1963 онуудад Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр 10 жилийн сургууль төгссөн.

1963-1968 онд ЗХУ-ын Москвагийн ойн техникийн дээд сургуульд сурч ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн.

1968 оны намраас Завхан аймгийн Тосонцэнгэлийн мод бэлтгэлийн аж ахуйн ерөнхий инженерээр ажилласан.

1970 оны 8-р сарын 1-нд Улаанбаатар хотод Сайд нарын зөвлөлийн дэргэдэх ой, модны аж үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа ой, хээрийн түймэртэй тэмцэх агаарын харуулын албанд ойн хортны мэргэжилтнээр ажилласан байна.

1972 онд Ой модны аж үйлдвэрийн яам байгуулагдаж тэрээр Сэлэнгэ аймгийн мод бэлтгэл, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байна.

1973 оны 5-р сард түүнийг Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн ерөнхий инженер болсон.

1977 оны 11-р сарын 11-нд тэрээр Цагаан толгойн улсын мод үржүүлгийн даргаар томилогдон байна.

1982 онд Мод үржүүлгийн газар татан буугдаж аймгийн ойн аж ахуйтай нийлэхэд дарга нь болсон.

1988 оны 1-р сарын 1-нээс 1990 оны арваннэгдүгээр сарын 1 хүртэл Сэлэнгэ аймгийн анхны Байгаль орчныг хамгаалах газрын даргаар ажилласан байна. Үүнээс хойш ойн чиглэлээр ажиллаж байна.

Тэрээр Дархан цаазат “Богд хан” уулын хөвч ойн хамгаалалт, арчилгааг гардан зохион байгуулж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт 1965, 1989, 1990 онд түймэрт өртсөн Тужийн нарсыг ойжуулахын тулд 13 жил “ноцолдож” байж 2011 оны есдүгээр сарын 11-ний өдөр 20 сая гаруй нарс модтой таримал ойг улсын санд хүлээлгэн өгч, Тужийн нарсыг унаган төрхөд нь оруулсан гавьяатай хүн юм.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Гэр бүлийн хүнийг Л.Наранцэцэг гэдэг. Тэд 10 жилийн сургуульд байхдаа танилцаж дараа нь гэрэлсэн байна. Л.Наранцэцэг гурилын үйлдвэрийн лаборант, Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн тооцоологч, Цагаан толгойн сангийн аж ахуйд тооцооны нягтлан зэрэг ажил хийж байсан.

Түүний дөрвөн хүү бүгд ойн мэргэжилтэй аж. Том хүү Ж.Гөлгөө нь 28 жил Тужийн нарсыг ойжуулахад ажилласан, удаах хүү Ж.Отгонхүү ойн инженер, Ж.Отгонбаяр байгаль хамгаалагч эрх зүйч, бага хүү Ж.Отгонбат ойн инженер мэргэжил эзэмшсэн байна.