Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийтийн номын сан юм.[1] 1980 онд номын сангийн төвлөрүүлэлтийн системээр байгуулагдсан. Нийт 70 гаруй ажилтантай. Нийслэлийн алслагдсан дүүргийн болоод нийт иргэдэд нийгмийн гарал, яс үндэс, шашин шүтлэг, боловсрол, нас хүйс, арьсны өнгө харгалзахгүйгээр номын сан-ном зүйн үйлчилгээг хүргэдэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]- 1980 Улаанбаатар хотын нийтийн төв номын сан СБД-ийн 5-р хороололд байгуулагдсан.
- 1986 Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит болсон.
- Улаанбаатар хотын нийтийн номын сангууд төвлөрүүлэлтийн системд шилжиж Хотын төв номын сан нь 15 салбар номын сантай боллоо.
- 1988 Ховор хуучин ном судрын фонд байгуулав.
- 1991 СХД-ийн Өнөр хороололд шинэ салбар номын сан байгуулагдав.
- 1992 Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн хүнд үед жижиг салбар номын сангууд татан буугдаж, одоогийн тогтолцоонд шилжиж, 4 салбар номын сантай болов. Үүнд 1946 онд байгуулагдсан Монголын анхны нийтийн номын сан нь ЧД дэхь салбар номын сан болж, 1948 онд байгуулагдсан номын сан нь ХУД дэх салбар номын сан, 1968 онд байгуулагдсан номын сан нь БЗД дэх салбар номын сан болж, мөн СХД дэх салбар номын сан болж зохион байгуулагдсан.
- 1997 Олон Улсын номын сангийн холбоонд (IFLA) гишүүнээр элсэв.
- Улаанбаатар хотын Хүүхдийн төв номын сангийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, Хотын төв номын санд хүүхдийн уншлагын танхимууд нээгдсэн.
- 1998 Австралийн олон улсын хөгжлийг дэмжих сан (AUSAID)-гийн санхүүжилтээр электрон каталог байгуулах анхны төсөл хэрэгжиж, Номын сангийн Alice программыг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн. Номын сангийн үйлчилгээнд баркодын системийг нэвтрүүлж, уншигчдад баркодон үнэмлэхийг олгож эхэлсэн.
- 1999 Canada IDRC болон Датаком ХХК-ийн дэмжлэгтэйгээр интернэтийн сүлжээнд холбогдов[2].
- 1999 МННХ-ийн дэмжлэгтэйгээр Эрх зүйн мэдээллийн төвийг байгуулсан.
- 2004 Америкийн соёл мэдээллийн төвийг нээв.
- 2005 Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж Ярьдаг номын төвийг байгуулсан.
- 2008 Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг чөлөөт сонголттой болгов.
- 2011 оноос номын сангийн бүртгэл, үйлчилгээний Windows суурьтай хуучин системийн өгөгдлийн санг интернэт суурьтай, юникод дэмждэг, онлайн системд MARC21 стандартыг баримтлан хөрвүүлснээр номын сангийн үйлчилгээний онлайн систем болох Коха программыг ашиглаж эхэлсэн.
- 2012 оноос АНУ-ын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Хөтөлбөрийн танхим”-ыг ашиглалтад оруулав.
- БСШУЯ-наас “Нүүдлийн номын сан” ажиллуулах зорилгоор 4 ширхэг УАЗ Пургон автомашиныг бэлэглэж, Нүүдлийн номын сан ажиллуулж эхлэв.
- 2016 оноос DUXBURY брайль хөрвүүлэгч программ хангамжийн системд монгол брайлийг суулгаж дууссан ба харааны бэрхшээлтэй хүмүүсийн NVDA (NonVisual Desktop Access) дэлгэц уншигч программд монгол брайль албан ёсоор нэвтэрч, монгол цахим брайлийг хэрэглээнд оруулсан.
- 2018 оны 3 дугаар сараас эхлэн сар бүр Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой хийх “Уулзалт-өдөрлөг” зохион байгуулж эхэлсэн.
- 2019 онд Бүтээлч орон зай, инновац, туршилт, сургалтын танхимыг АНУ-ын ЭСЯ-ны хөрөнгө оруулалтаар байгуулж үйлчилгээг эхлүүлэв.
- 2020 онд номын сангийн үйлчилгээг автоматжуулахаар НЗДТГ-ын санхүүжилтээр RFID (радио давтамжит хүлээн авагч) системийг нэвтрүүлж эхлэв.
Бүтэц бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Захиргаа, аж ахуйн тасаг, Маркетинг Инновацын тасаг, Ном бүрдүүлэлт, тусгай үйлчилгээний тасаг, Олон нийтэд үйлчлэх тасаг, Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан, Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан, Хан-уул дүүрэг дэх салбар номын сан, Чингэлтэй дүүрэг дэх салбар номын сангуудтай.
Салбар номын сангууд
[засварлах | кодоор засварлах]- Чингэлтэй дүүрэг дэх М.Горькийн нэрэмжит номын сан нь анх 1946 онд байгуулагдаж, 3,000 номтой байсан бол өнөөдөр 50,000 номтой, хоёр уншлагын танхимтай, нийслэлийн ууган нийтийн номын сан юм.
- Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан нь 1968 онд байгуулагдсан. Дүүргийн хүн амын номын сан, ном зүйн болон мэдээллийн хэрэгцээг хангах ажлын хүрээнд нэг ээлжиндээ 100 суудалтай нийтийн уншлагын болон хүүхдийн уншлагын танхимаар үйл ажиллагаагаа явуулж байна.
- Сонгино хайрхан дүүрэг дэх салбар номын сан нь 1991 онд байгуулагдсан. Нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүүхдийн ба нийтийн уншлагын 2 танхимтай СХД, БГД-ийн хүн амд номын сангийн үйлчилгээ үзүүлдэг. 35,000 орчим номын фондтой.
- Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн суурь 1948 онд Сүхбаатарын нэрэмжит клубийн дэргэд 100 гаруй боть номтой байгуулагдсан. 1974 онд ЗХУ-ын техник-эдийн засгийн тусламжтайгаар 19-р хорооллын Жаргалант үйлчилгээний төвд номын сангийн зориулалттай байранд орж одоог хүртэл үйл ажилллагаа явуулж байна.
Сан хөмрөг
[засварлах | кодоор засварлах]2009 онд Улаанбаатар хотын төв номын сан нь нэгдсэн камерын хяналт, дохиоллын системд суурилсан чөлөөт сонголттой үйлчилгээнд шилжиж 70000 боть ном, тогтмол хэвлэлтэй, 300 суудалтай танхимуудыг зохион байгуулсан. Энэ үйлчилгээнд шилжсэнээр чөлөөт сонголтод тохирсон байдлаар сан хөмрөгөө хэсэгчлэн зохион байгуулжээ. Номын сангийн сан хөмрөгийг судар бичиг, монгол хэл дээрх бүх шинжлэх ухааны ном зохиол, орос, англи болон бусад хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл, судалгааны материал, аудио материалууд бүрдүүлнэ. Сан хөмрөгийн баяжилтыг шинэлэг байдлаар өөрчлөн хэрэгжүүлж 2019 оноос Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалт зарлан сүүлийн үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн саналын дагуу номыг бүрдүүлэн авч байна.
Номын сан нь тусгайлсан лавлагааны фондтой ба мэдээллийн хэвлэмэл болон электрон төрөл бүрийн эх сурвалжуудыг ашиглан уншигч, үйлчлүүлэгчдэд амаар, бичгээр, утсаар, мэйл, чат, веб, видео уулзалт зэргээр мэдээлэл лавлагааг хүргэдэг.
Уншлагын А танхимд байгалийн шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах, анагаах ухаан, хэл бичиг, утга зохиол, уран зохиол, урлаг, шашин, гүн ухаан, сэтгэл судлалын 37000 орчим монгол, гадаад хэлээрх номтой.
Уншлагын Б танхим буюу нийгмийн шинжлэх ухааны танхимд техникийн шинжлэх ухаан, ХАА ба ойн аж ахуйн шинжлэх, нийгмийн шинжлэх ухаан, түүх, эдийн засаг улс төр, төр эрх хууль цааз, цэргийн шинжлэх ухаан, соёл, шинжлэх ухаан, гэгээрэл, боловсролын 33000 номын фондтой.
Хүүхдэд зориулсан болон гэр бүлийн уншлагын танхим нь 30 суудалтай, монгол, англи, орос, япон хэлээрх уран зохиол болон бусад төрлийн 8000 орчим номын сан хөмрөгтэй. Хүүхдэд зориулсан чанга уншлага, өдөрлөг, сургалт зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.
Америкийн соёл мэдээллийн төвийн уншлагын танхим нь англи хэлээр 2500 орчим сүүлийн үеийн ном зохиолоос гадна олон улсын шалгалтад бэлтгэгчдэд зориулсан ном, СД материалаар бүрдүүлэлт хийсэн. Мөн цахим ном уншигч киндл төхөөрөмжийг гэрээр олгож үйлчилдэг.
Олон нийтийн ажлууд
[засварлах | кодоор засварлах]Нийтийн номын сангийн үндсэн үүрэг бол нийгмийн бүх гишүүдэд үйлчлэх бөгөөд номын сан, ном зүйн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй олон нийтийг соён гэгээрүүлэх, сурч боловсрох насан туршийн хэрэгцээг хангах бүхий л үйл ажиллагааг зохион байгуулдаг.[3] Улаанбаатар хотын төв номын сан хөгжлийнхөө явцад ном хэвлэлийн сан хөмрөгийг олон нийтэд сурталчлах, олон нийтийг үйл ажиллагаандаа татан оролцуулах, уншигчдын эрэлт хүсэлтэд нийцсэн, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор хөтөлбөр, соёл олон нийтийн ажлыг төрөл бүрийн арга, хэлбэрээр сурталчлан таниулсаар ирсэн.
- Зохиолч-уншигчийн уулзалт
- Шинэ номын нээлт, хэлэлцүүлэг
- Номын баяр
- Номоо солилцох, хандивлах өдөрлөг
- Уралдаан, тэмцээн
- Ганцаарчлан болон бүлгээр уулзах танхим
- Олон нийтийн хөтөлбөрийн танхим
- Англи хэлний клуб
- Англи хэлээрх лекц
- Кино үдэш, хэлэлцүүлэг
- Тоглоомын хөтөлбөр
- "Гэр бүлээрээ уншъя" хөтөлбөр
- Номын санчдыг чадавхжуулах сургалт
- Элекроникийн сургалт
- 3Ди принтерийн сургалт
- Шинжлэх ухааны туршилтын хичээл
- Дахин загварчлах сургалт
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ https://www.legalinfo.mn/law/details/10844
- ↑ "Archive copy". Archived from the original on 2021-04-25. Татаж авсан: 2021-04-25.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ https://www.legalinfo.mn/