Хан-Уул

Хан-Уул дүүрэг
ᠬᠠᠨᠠᠭᠤᠯᠠᠲᠡᠭᠦᠷᠭᠡ
Улс Монгол
Хотын захиргаа Улаанбаатар
Ажилчны район1965 он
Хан-Уул дүүрэг1992 он
Хороо21
Засаг захиргаа
  Засаг даргаЖ.Алдаржавхлан
Газар нутаг
  Нийт484.7 км2 (187.1 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 238,511
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Вэб сайтwww.khanuul.mn

Хан-Уул Дүүрэг -Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг юм. 16 хороонд хуваагддаг. 1936 оноос Аж үйлдвэрийн 7-р хороо, 1948 оноос 10 дугаар хороо, 1955 оноос Ажилчны хороо, БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Ажилчны район нэртэй байгуулагджээ. 1992 оноос Хан-Уул дүүрэг хэмээн нэрлэх болсон.

Хүн ам нь 2008 оны байдлаар 94,670 бөгөөд 484.7 км² газар нутагтай.[1]

Монгол улсын хэмжээний томоохон үйлдвэр, цахилгаан станцууд энэ дүүрэгт оршидог.

Танилцуулга[засварлах | кодоор засварлах]

Товч танилцуулга[засварлах | кодоор засварлах]

Богд  Хан-Уул нь  далайн  төвшнөөс  2000  гаруй  метр  өргөгдсөн  бөгөөд  ноён  оргил болох Түшээ  гүн  нь  далайн  төвшнөөс  дээш  2268  метр, Цэцээ  Гүн  нь  2256  метр өндөрт  өргөгдсөн байна.  Богд  Хан  уулын  эзлэх   талбай  нь  40.8  мянган  га  бөгөөд  33  амнаас  нь  32  булаг ундраг  байдаг,  хөвч  ой  нь 9  төрлийн  мод, 78  төрлийн  ан араатан,  420 гаруй  зүйлийн цэцэгт  болон  бутлаг  ургамал  45 зүйлийн  хөхтөн , 5 зүйлийн   хоёр нутагтан  116 зүйлийн жигүүртэнтэй  өндөр  уул,  гол  горхи, ан амьтан, жимс, ургамал , рашаан   усны  нөөц   агуулсан байгалийн үзэсгэлэгт  газар билээ.  Богд Хан -Уулыг  тойрсон  эртний домогт  уул  овоо  толгод байдаг.  Үүнд  Зайсан  толгой,  Ар Зайсан,  Өвөр  Зайсан,  Бөхийн  овоо,  Умаа  хум  толгой, Сонсголон  толгой, Манзуширийн  хийд , Айцын  даваа,  Буянт-Ухаа,  Яармагийн  дэнж  зэрэг газрууд  бол тодорхой  цаг  үеийн  үйл  явдлын  бодит  гэрч  болсон  түүхэн  дурсгалт  газрууд юм.  Тус дүүрэг  48500  га  нутаг  дэвсгэртэй  бөгөөд  үүний  21.1  хувь  буюу 10226 га нь ой мод, гол  горхи,  рашаан  ус  бүхий дархлагдсан  ногоон  бүс, 67.6 хувь буюу 32763 га  нь  хөдөө аж ахуйн  эдэлбэр  газар, 11.3  хувь  буюу  5499 га нь хот суурин,  зам  харилцааны сүлжээ, нийтийн  эзэмшлийн  газарт  харъяалагддаг.

Дүүргийн засаг захиргаа[засварлах | кодоор засварлах]

Хан-Уул  дүүрэг  нь  засаг  захиргааны  бүтцийн  хувьд  төрийн  удирдлагыг  өөрөө удирдах  ёсны  удирдлагатай  хослуулан  барих  хуулиар  олгогдсон  бүрэн  эрх  бүхий дүүргийн  Засаг  даргатай  юм. Мөн  анхан  шатны  нэгж  болсон  16 хороотой,  дүүргийн төр захиргааны  30 гаруй  хэлтэс, албатай бөгөөд иргэдээс  сонгогдсон  35 төлөөлөгч бүхий  Иргэдийн  төлөөлөгчдийн  хурал  гэсэн  засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж болон ажиллаж байна.

  • Дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан
  • Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан
  • Засаг даргын орлогч Б.Цэрэн
  • Засаг даргын орлогч А.Амартүвшин
  • Тамгын газрын дарга С.Энхбаяр

Дүүргийн  хэмжээнд  39189   өрхтэй, 141252  хүн  амтай, 8000 гаруй  аж  ахуйн  нэгж, үйлдвэр, компани, нөхөрлөл, хоршоотой. Одоогийн  байдлаар  42686  толгой  мал, 274887 тахиа, шувуу  зэрэг   эрчимжсэн мал  аж ахуй,  газар тариалан, аялал жуулчлал, дэд  бүтэц,  зам тээвэр  хөгжсөн, Төрийн өмчийн 17 сургууль, 25 цэцэрлэг, 21 дээд болон их сургууль, коллежтэй, эрүүл  мэнд,  урлаг,  соёл,  спорт  хөгжсөн  дүүрэг  юм. Цаашид  хөнгөн  үйлдвэрлэл, худалдаа  үйлчилгээ , гадаад  харилцааны  салбар  эрчимтэй  хөгжих  нутаг  дэвсгэр  юм.

Эдийн засгийн хөгжил[засварлах | кодоор засварлах]

Хан-Уул  дүүргийнхэн  нийслэлийн  хэмжээний  аж  үйлдвэрийн  нийт  үйлдвэрлэлтийн  21 хувь , нийт  борлуулалтын  20,7  хувийг  цаашлаад Монгол  Улсын  аж  үйлдвэрийн  нийт үйлдвэрлэлтийн  7.5 хувь,   нийт борлуулалтын  9,2 хувийг   үйлдвэрлэн  борлуулж  байна. Дүүргийн  хэмжээгээр  аж  үйлдвэрийн  жилийн дундаж  үйлдвэрлэлт  272.8 тэрбум төгрөг, борлуулалт 286.7  тэрбум  төгрөгт  тус  тус хүрсэн байна.  Аж  үйлдвэрийн  нийт бүтээгдхүүний 38.8 хувийг ноос ноолуур, нэхмэл бүтээгдхүүн, 40.6 хувийг хүнсний бүтээгдхүүн, 14.6 хувийг цахилгаан эрчим хүч, 0.3 хувийг гутал хувцас, 0.8 хувийг барилгын материалын үйлдвэрлэл, 4.9 хувийг бусад үйлдвэрлэл эзэлдэг. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудаас дурьдвал  “МИАТ” ХК, “АПУ” ХК, “ГОВЬ”ХК, “АТАР ӨРГӨӨ” ХК, “ТАВАН БОГД” ХК, “МОН-ФРЕШ” ХХК, “ЭРЭЛ” ХХК, “УЛААНБААТАР БАРИЛГА” ХК, КАШМЕРЕ ХОЛДИНГ, ВИТАФИТ ИНВЕСТ, ”УЛААНБААТАР ХИВС”ХК-ууд юм.

Дүүргийн түүх дурсгалын билэгдэл

Хан-Уул дүүрэгт түүх дурсгалын олон газрууд, түүхэн барилга, хөшөө, бүтээлүүд байдаг. Тухайлбал Богд Хааны зуны ордон мүзей, Монгол зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан бүтээсэн Зайсан толгой дахь цогцолбор,  Бурхан багшийн сэрэг хөшөө, Чингис хааны сэрэг дүр бүхий Ум уул, соёмбот толгой зэрэг 14  газрууд байдаг.

Гадаад харилцаа хамтын ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Дүүргийн гадаад харилцаа 2000 оноос эрчимтэй хөгжиж БНСУ-ын Сөүл хотын Гуанжин дүүрэг, Дэгү хотын Со дүүрэг, Генгсан аймгийн Хаман сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөх хот, Эрээн хот, ОХУ Буриад улсын Улаан-Үд хотын Төмөр замын район зэрэг 10 гаруй хот, дүүргүүдтэй хамтын ажиллагаа тогтоон төрийн захиргаа, боловсрол эрүүл мэнд, спорт, бизнесийн чиглэлээр үр ашигтай ажиллаж байна.Тус дүүргийн нутаг дэвсгэрт АНУ,Англи, ОХУ, Герман,Өмнөд Солонгос, Хятад улсын хөрөнгө оруулалттай 400 гаруй үйлдвэр, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дэлхийн зөн, Жайка, Адра, Койка, Гүүдхандс, Тайваны гэр бүлийг дэмжих сан, Их Британий хүүхдийг ивээх сан зэрэг 10 гаруй олон улсын байгууллагууд хүмүүнлэгийн болон боловсрол эрүүл мэндийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж халамж үйлчилгээний тусламж дэмжлэгийг үзүүлж байна.

Боловсрол, соёл шинжлэх ухаан[засварлах | кодоор засварлах]

Төрийн өмчийн 25 цэцэрлэг , Төрийн бус өмчийн 63 цэцэрлэгт  нийтдээ 11705 гаруй хүүхдүүд суралцан 350 гаруй  багш  сурган хүмүүжүүлж байна. Ерөнхий Боловсролын Төрийн өмчийн 17 сургууль , Төрийн бус өмчийн 10 сургууль нийтдээ  22333 сурагч бага дунд суурь бүрэн дунд боловсролыг эзэмшихийн сацуу нийт суралцагчдын 75 хувь нь гүнзгийрүүлсэн, сонгон дугуйланд хичээллэж байгаа бөгөөд 1500-аад багш ажиллаж байна. Дүүрэгт орших улсын, хувийн нийт 21 их дээд сургууль коллежид 19.800 оюутан суралцаж, 955 багш ажиллаж байна.

Урлаг спорт[засварлах | кодоор засварлах]

Тус дүүргийн нутаг дэвсгэрт спортын ордон, аж ахуй нэгж байгууллага их дээд сургууль, коллэж ЕБС-ийн 18 спорт заал, хөл бөмбөгийн талбай 2, хөнгөн атлетикийн талбай 2, чийрэгжүүлэлтйг талбай 19 байдаг. Спортын самбо, жү-до, чөлөөт бөх, хөнгөн атлетик, дугуй хүндийн өргөлт, айзамт гимнастик, сагсан бөмбөг, волейбол зэрэг төрлүүд амжилттай хөгжиж байгаа бөгөөд тив, дэлхий улсын хэмжээнд дүүргийнхээ нэрийг алдаршуулсан алдартнуудаараа бид бахархдаг.Тус дүүрэгт дүүргийн соёлын ордон 1, нийтийн номын сан 1 их дээд сургууль, коллеж ЕБС-ын номын сан 37, түүх соёлын дурсгалт газар 14 оршдог. Мөн орчин үеийн стандартад нийцсэн 6000 хүний суудалтай спортын цогцолбортой. Түүнчлэн Монгол үндэстний баяр наадам жил бүр манай дүүрэг байрладаг Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнд болдог билээ.

Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд[засварлах | кодоор засварлах]

Тус дүүрэг нь нарийн мэргэжлийн болон суурь, анхан шатны тусламж үйлчилгээг чанартай шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг амжилттай зохион байгуулж ирсээр байгаа билээ.  Хан-Уул дүүрэгт  ЭМН-1, Нэгдсэн эмнэлэг 1,  өрхийн эмнэлэг 12, хувийн хэвшлийн эмнэлэг 18, ЭМН-ийн харьяа амбулатори 1, тосгоны хүн эмнэлэг 1, Сэргээн Засах Клиник Эмнэлэг, Оргил рашаан сувилал зэрэг эрүүл мэндийн 70 гаруй байгууллага иргэдэд нарийн  мэргэжлийн болон суурь тусламж үйлчилгээг хүргэж байна.

Аялал, жуулчлал байгалийн үзэсгэлэнт газрууд

Дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс дурьдвал Нүхт,Чингисийн хүрээ, Дүнжингарав, Нармонтур, Буянт-Ухаа, Сонгины амралт, Их тэнгэр, Ханбогд цогцолбор зэрэг аялал жуулчлалын баазууд нь үзэсгэлэнт байгальтай дархан цаазат Хан Богд уулын амнуудад байрладаг. Жуулчны баазууд нь жилдээ 60-80 мянга гаруй жуулчид хүлээн авах хүчин чадалтай бөгөөд ОХУ,Герман, АНУ,Канад, Солонгос, Япон, Сингапур, Малайз зэрэг 30 гаруй орны жуулчид манай орны байгаль соёл зан заншилтай танилцдаг юм.

Түүхэн замнал[засварлах | кодоор засварлах]

Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг 1639 оны шарагчин туулай жил Монголын шарын шашны “Өндөр гэгээн” хэмээн өргөмжилж түүнд зориулан одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг ”Ширээт цагаан нуур” хэмээх газарт Шар бөсийн орд барьж суулгаснаар Их Хүрээ буюу одоогийн нийслэл Улаанбаатар хотын үндэс суурь тавигдсан түүхтэй билээ. Хүрээ нь ийнхүү 1639-1672 онд Ширээ цагаан нуурт суурьшиж байгаад 1672-1686 онд Архангай аймгийн Өгий нуур сумын нутаг ”Улаан худаг” –т суурьшиж байх үед Галдан Бошигтын түрэмгийлэлд өртөж тэндээсээ нүүж одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хийдийн сарьдаг “ гэдэг газарт суурьшсан байна. Хүн очихын аргагүй битүү шугуйтай энэ газарт 2 жил орчим болжээ. Үүний дараа Өвөр-Монголын Нутаг Долнуурт арваад жил суурьшиж байсан судалгаа бий юм.

Бэлгэдэл[засварлах | кодоор засварлах]

Билэгдэл

Богд хан уулын онгон шүтээн Хангарьд буюу Дүнжингарав юм. Монголчууд гэгээн мэргэн гэсэн утгатай Богд гэдэг үгийг нэн эрхэмлэн хүндэтгэсэн зүйлдээ өгдөг учир энэ уулыг Богдхан гэх болжээ. Дээр үед мөн уулыг Богд Дүнжингарав гэж нэрлэдэг байжээ. Улаанбаатар хот дөрвөн их уулын хооронд байдгаас зөвхөн Богд Уул л Богдхан цолтой хайрхан юм .

Соёмбо: Монголын ард түмэн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үед гал мэт мандан бадарч, наран мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билгээ хослон, төмөр хэрэм лугаа төр улсаа батлан хамгаалъя гэсэн утгатай.

Чандмань, цац суварга: Дорно дахины билэгдэл нь бүх юмс мод ус шороо гурваас тогтсон гэсэн гүн ухаан байгаль орчныг хамгаалах гэсэн билэгдэлтэй холбоотой.

Очир: Тэнгэрийн цахилгаан ялагдашгүй, эрчим хүч төдийгүй, бат цайз, оюун ухаан хүч чадлын өрнөлийг билэгдэнэ. Цээжиндэх араа: Ажил хөдөлмөр, “Ажилчны дүүрэг” гэсэн утга санааг илэрхийлнэ.

Тууз: Эдийн дээж ариун цагаан хадаг гэж үзэж хавсарга болгон хэрэглэсэн.

Өнгөний билэгдэл: Хөх тэнгэрийн өнгө мөнх орших, үүрд, үнэнч шударга уудам сэтгэл найрсаг сайхныг, шар алтны өнгө хайр сэтгэл сүрлэг бадрангуй эрэлхэг зориг сүр хүчийг, Улаан баяр баясгалан цог жавхлан мандан бадрахыг, цагаан цэвэр ариун үнэнч шударгыг, ногоон үхэшгүй мөнх амар амгалан, үржин өсөн дэлгэрэхийг билэгдэнэ.

Хороодын байршил[засварлах | кодоор засварлах]

Хороо Хан уул дүүргийн хороодын байршил Танилцуулга
1-р хороо 19-р хороолол 120 мянгат, Богдын музейнээс урагш Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо нь 33.8 га газар нутагтай бөгөөд нийт нутгийг байшин барилга, зам талбай эзэлдэг, Баруун талаараа Хан-уул дүүргийн 2 дугаар хороотой, зүүн талаараа Хан-уул дүүргийн 15 дугаар хороотой, хойд талаараа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороотой, урд талаараа Хан-уул дүүргийн 11 дүгээр хороотой тус тус хиллэлдэг. Нийт 2411 өрхийн 10922 хүн амтай. Хороо нь 120 мянгат хороололын 8 дугаар байрны 15 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг болно.
2-р хороо 19-р хороолол Жаргалан үйлчилгээний төв Хан-Уул дүүргийн 2-р хороо нь 28.9 га газар нутагтай бөгөөд нийт нутгийг байшин барилга, зам талбай эзэлдэг. Зүүн талаараа Хан-Уул дүүргийн 1-р хороотой, урд талаараа Хан-Уул дүүргийн 15-р хороотой, баруун талаараа Хан-Уул дүүргийн 3-р хороотой хиллэдэг. Байшин хороолол түлхүү эзэлсэн, цөөн тооны гэр хороололтой, үйлдвэр аж ахуй нэгж байгууллага төвлөрсөн хороо юм. Нийт 2865 өрхийн 12238 хүн амтай
3-р хороо 19-р хороолол цагаан хаалга Хан-Уул дүүргийн 3-р хороо нь 426.5 га газар нутагтай бөгөөд нийт нутгийг байшин барилга, зам талбай эзэлдэг. Хойд талаараа Баянгол дүүргийн 3-р хороо, зүүн болон урд талаараа Хан-Уул дүүргийн 2-р хороотой, баруун талаараа Хан-Уул дүүргийн 4-р хороотой хиллэдэг. Байшин хороолол түлхүү эзэлсэн, цөөн тооны гэр хороололтой, үйлдвэр аж ахуй нэгж байгууллага төвлөрсөн хороо юм. Нийт 3236 өрхийн 12162 хүн амтай.
4-р хороо Яармаг, 34-р сургуулийн хажууд 1936 онд анх аж үйлдвэрийн комбинатын дэргэд 7-р хороо 20 гаруй хоринтойгоор байгуулагдсан байна. Манай хороо нь одоогийн ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Хүнсний техник мэргэжлийн сургуулийн орчимд 2,3 дугаар хорин гэж хашаагүй ил задгай олон өрх айл суурьшиж байжээ. Нийт 4443 өрхийн 14898 хүн амтай.
5-р хороо Яармаг, яармагийн 2-р буудлын ард талд Хан-Уул дүүргийн 5-р хороо нь 151.3 га газар нутагтай. Урд, зүүн, баруун талаараа ХУД 4-р хороо, 6-р хороо, 8-р хороотой хиллэдэг. Нийт 1337 өрхийн 5175 хүн амтай.
6-р хороо Яармаг, амбулатор 1-ийн хажууд Хан-Уул дүүргийн 6-р хороо нь яармагийн 3-р буудлын гүүрний жалганаас эцсийн буудлын хооронд, урд талаараа Богд Хан уулын Нүхтийн ам, Туул голын урд хэсгийг хамарч баруун талаараа 7-р хороо, зүүн талаараа 5-р хороотой хиллэн нийт 87 га газар нутаг дэвсгэртэй. Нийт 1735 өрхийн 6497 хүн амтай.
7-р хороо Яармаг, 60-р сургуулийн хойд талд Хан Уул дүүргийн 7-р хороо нь анх 1966 онд үүсэн байгуулагдсан яармагийн хуучин, шинэ автобусны буудлыг хамарч зүүн талаараа 6-р хороотой, урд талаараа Нисэхийн төв зам, баруун талаараа 8-р хороо, хойд талаараа Туул голын хойт далангаар тус тус хиллэж 101.9 га нутгийг хамардаг, хөрс нягтралтай, үржил шим дунд зэрэг, газрын төлөв байдалд өөрчлөлт ороогүй гадаргатай.
8-р хороо Яармаг, 60-р сургуулийн баруун хойд талд Хан-Уул дүүргийн 8-р хороо нь ажилчны районы 13-р хороо "одоогийн 7-р хороо"-оос 1974 онд ажилчны районы 20-р хороо болон суурьшиж байгаад 1992 онд Хан-Уул дүүргийн 8-р хороо болон зохион байгуулагдсан. Тус хороо нь урд талаараа "Богд-Хан" уул, баруун талаараа 16-р хороо, зүүн талаараа 7-р хороо хойд талаараа туул голын ай сав газар нийт 4520.8 га газар нутгийг эзлэн оршдог.
9-р хороо Нисэх, 107-р анги Тус хороо нь 1957 онд нисэх буудлын харъяа хороо болж анх үүссэн бөгөөд 1967 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Орон сууц гудамжны хорин эртэй нутгийн анхан шатны нэгж болон байгуулагдаж улмаар Буянт-Ухаа дэнж дээр ажилчны районы 12-р хороо болон өргөжсөн тус дүүргийн ууган хороодын нэг юм.
10-р хороо Нисэх, 7-р байр Хан-Уул дүүргийн 10-р хороо нь анх 1957 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгуулагдан, 1987 он хүртэл Хорин нэртэйгээр ажиллаж байгаад, хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбогдуулан,1987 оноос Ажилчны районы 15-р хороо болон өөрчлөгдсөн.
11-р хороо Зайсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо нь хойд талаараа Төв цэнгэлдэх хүрээлэн, Зүүн талаараа Их тэнгэрийн ам, Урд талаараа Богдхан уул Бугын сангийн аж ахуй, Баруун талаараа Яармагийн гүүр хүртэлх нутгаар бусад хороодоосоо зааглагддаг.
12-р хороо Биокомбинат Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо нь тус дүүргийн 10,13,14 дүгээр хороо болон СХД-ийн 20 дугаар хороотой хиллэдэг бөгөөд Сонгино хайрхан уулын бэл Хатан туулын хөвөөнд оршдог.
13-р хороо Туул тосгон Хан-Уул дүүргийн 13-р хороо Туул Тосгон нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 2-р сарын 14-ны өдрийн 23 тоот тогтоолоор байгуулагдсан.Нийт 5672 га нутаг дэвсгэртэй, зүүн талаараа 12-р хороо, хойд талаараа СХД, баруун болон урд талаараа Төв аймгийн Алтанбулаг сумтай тус тус хиллэдэг.
14-р хороо Өлзийт хороолол Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо нь Айцын давааны өвөрт Бурхант уулын урд дэнж дээр, Түргэний голын сав нутагт оршдог. Тус хороо Улаанбаатар хотоос 28 км-ийн зайтай, 15113 га нутаг дэвсгэртэй. 1768 өрхийн 5747 хүн амтай.
15-р хороо Стадион, Нархан ,Жаргалан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо нь ХУД урдуураа 18-р хороо, баруун талаараа ХУД 1-р хороотой хиллэдэг. Нийт 3784 өрхийн 13354 хүн амтай.
16-р хороо Нисэх 2-р байр Хан-Уул дүүргийн 16-р хороо нь урд, баруун талаараа ХУД-ийн 10-р хороотой, хойд талаараа ХУД-ийн 9-р хороотой, зүүн талаараа ХУД-ийн 8-р хороотой хиллэдэг.Тус хороо нь 200 га талбай бүхий нутаг дэвсгэртэй, 3801 өрхийн 14104 хүн амтай.
17-р хороо Удирдлагын академийн хажууд 48-р байр 1 давхар Хан-Уул дүүргийн 17-р хороо нь урд талаараа ХУД 11-р хороо, баруун талаараа ХУД 19-р хороо, хойд талаараа ХУД 18-р хороотой хиллэдэг. Нийт 2845 өрхийн 10277 хүн амтай.
18-р хороо Оргил рашаан сувилалын хойно өөрийн байр Хан-Уул дүүргийн 18-р хороо нь урд талаараа ХУД 11-р хороо, хойд талаараа ХУД 15-р хороотой хиллэдэг. Нийт 1707 өрхийн 6124 хүн амтай.
19-р хороо 115-р сургуулийн баруун талд Хан-Уул дүүргийн 19-р хороо нь урд талаараа ХУД 11-р хороо, хойд талаараа ХУД 1,2-р хороо, баруун талаараа ХУД 10-р хороо, ХУД 17,18-р хороотой хиллэдэг. Нийт 2978 өрхийн 10908 хүн амтай.
20-р хороо Ивээл хотхоны хажууд өөрийн байр Хан-Уул дүүргийн 20-р хороо нь урд талаараа ХУД 11-р хороо, баруун талаараа 3-р хороо, зүүн талаараа ХУД 19-р хороотой хиллэдэг. Нийт 2725 өрхийн 9798 хүн амтай.
21-р хороо Буянт-ухаа 2 хотхон 1017 байр 1 давхар Хан-Уул дүүргийн 21-р хороо нь урд талаараа ХУД 14-р хороо, баруун талаараа ХУД 10,12-р хороотой, зүүн талаараа 8-р хороо, хойд талаараа 16-р хороотой хиллэдэг. Нийт 1725 өрхийн 6047 хүн амтай.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf (Memento 19. Гуравдугаар сар 2007 цахим архивт) pop2006.01.01.pdf (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт)