Jump to content

Улаан од сонин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"Улаан од" сониныг анх Их зохиолч Д.Нацагдорж, бичгийн их хүн Наваандоржийн Жадамба нар санаачилж, 1924 оны хоёрдугаар сарын 5-нд "Ардын цэрэг" нэртэй анхны дугаараа гаргаж байжээ. Түүнээс хойш 1929-1930 онд "Улаан эргийн соёлын зам", 1930-1990 онд "Улаан од", 1990-1997 онд "Тусгаар тогтнол", 1997 оноос "Соёмбо" зэрэг нэртэйгээр уншигч олноо хүрч байсан түүхтэй юм.

Монгол Улсын түүхэнд тохиолдсон хүнд хэцүү шалгалт сорилтын нэг 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны жилүүдэд дарийн утаа үнэрлэж, дайтаж явсан дайчин сонин гэвэл зөвхөн “Улаан од” байжээ.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүх цаг үеийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад ч даль жигүүр нь болж,  1990 оны ардчиллын салхи энэ сонины хуудсуудаар Монголын өнцөг булан бүрт сэвэлзэж, улс орны хувьд далд байсан олон мэдээллийг ил болгон бичиж эхэлснээрээ нийгэмд асар их улс төрийн зориг авч ирснийг түүх гэрчилнэ.

“Улаан од”-ын чадал чансааг илтгэх өөр нэг зүйл нь энэ байгууллагаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн олон арван сэтгүүлзүйн алдартан, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Т.Ганди, сайд дарга нар, хэвлэл мэдээллийн салбарын мэргэшсэн магнатууд Л.Пүрэвдорж гээд алдартнуудын өнгөжин дэвших, өөдөлж гялалзах анхны гараа нь энэ сонин байжээ. “Сэрүүлэг” сонины эрхлэгч С.Баярмөнх, “Хөх толбо” сонины эрхлэгч Б.Эрдэнэбаатар, “Хөх тэнгэр” сонины эрхлэгч Т.Баяраа, “Толь” сонины эрхлэгч Б.Цэдэн, “Чоно” сонины эрхлэгч Д Жамъян, “Ардчилал Таймс” сонины эрхлэгч Нанж Лхагва нар энэ сонинд ажиллаж байжээ. Олон улсын тоймч Д.Баярхүү "Улаан од" сонинд 1980-ээд оны сүүлчээр мөн олон арван нийтлэлээ хэвлүүлж байжээ.

Ардын армийн хэвлэлүүдийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгчээр томилогдсон. Нэгдсэн редакцид “Улаан-Од” сонин, “Ардын арми”, “Байлдааны бэлтгэл” сэтгүүл багтана. “Улаан-Од” сонин БНМАУ-ын Батлан хамгаалах яам, Нийгмийг аюулаас хамгаалах яамны төв хэвлэл байсан ажээ.