Халуун элгэн нутаг
Халуун элгэн нутаг - Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон мөнхийн бүтээл болсон дуу юм. Дууны үгийг 1960 оны сүүлчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраа бичиж, Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Цэгмидийн Намсрайжав дууны аяыг нь зохиожээ. Уг дуу 1971 онд БНМАУ-ын Төрийн шагнал хүртсэн байна.
БНМАУ-ын Ардын жүжигчин, дуурийн нэрт дуучин Дэмбэрэлийн Жаргалсайхан анх энэ дууг дуулсан байна.
"Халуун элгэн нутаг" дуу 1962 онд "Түмний нэг" кинонд анх дуулагдаж, түүнээс хойш Төрийн ёслол, баяр наадмаас айл гэрийн хурим найр, хамт олон найз нөхдийн уулзалт, хаана л бол дуулагдан дуурссаар эдүгээ нэгэн жарны туршид ашиглагджээ.
1999 онд "Зууны мэдээ" сониноос явуулсан санал асуулгаар энэ дуу XX зууны манлай дуу болжээ.
Эх орондоо хайртай хүн бүхний зүрх сэтгэлээс уяатай байдаг энэ дуу нь зөвхөн Монголд бус халимаг, буриад, өвөр монголчууд дуулдаг, монгол туургатны сүлд дуу болсон.
2008 оны зун монгол хүн анх удаа Олимпын аварга болсонд баяр хүргэж талбай дээр монголчууд хэдэн мянгуулаа цуглан “Халуун элгэн нутаг”-аа чин сэтглээсээ дуулсан юм.
"Халуун элгэн нутаг" дууны шүлэг нь гуравхан бадаг буюу 12 мөр, 40 үгтэй юм.
"Халуун элгэн нутаг" дууны шүлгийг дахин анзаарч уншвал; цэцгийн шим (амтлах), мөрөн гол дуулах (сонсох), салхи сэвших (үнэрлэх), хацар нүүрийг үнсэх (мэдрэх хүрэлцэх), мөнгөн сарьдаг мишээх (харах) бөгөөд эх нутгаа харж, хүрэлцэж, сонсож, амталж, үнэрлэж, хүртэхүйн таван эрхтнээрээ таашаан буйг энэ богинохон шүлэгт багтаан үгээр сийлбэрлэсэн юм. Зохиогч дуундаа хаврыг айлчлуулан байгаа нь энэхүү энх улирлаар төлөөлүүлэн айсуй баяр баясгалан, хөгжил хөдөлгөөн, сайн сайхан ирээдүйг урин дуудаж эргэх дөрвөн цагийн жам ёсыг бэлгэдсэн гэлтэй.
Үг
[засварлах | кодоор засварлах]Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь
Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мөрөн голууд дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг ээ
Сэрүүн салхи сэвшүүлэн
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь
Хөшөө
[засварлах | кодоор засварлах]Эл дуунд зориулсан хөшөөг иргэдийн хүсэлтээр 1999 онд Д.Батдоржийн эх загвараар бүтээж Улаанбаатар хотын төвд Энхтайваны өргөн чөлөөнд, Гадаад харилцааны яамны баруун талд байрлуулсан. Монгол орны газрын дүрстэй төстэй хэлбэрийн хавтгай чулуун дээр дууны нэг бадгийн үг, ноттой нь хамт сийлсэн байдаг. Хөшөө нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутагт, Сүхбаатар дүүргийн хамгаалалтад байдаг.