Цэндийн Олзвой
Цэндийн Олзвой | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | цэргийн зүтгэлтэн |
Цэндийн Олзвой - БНМАУ-ын Улсын баатар, тагнуулч, байлдагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Олзвой 1914 онд Засагт хан аймгийн Маньбадар гүнгийн хошуу, одоогийн Ховд аймгийн Манхан сумын нутагт малчин ард Цэндийн ууган хүү болон төржээ. Нутагтаа мал маллаж байгаад 1937 онд цэргийн албанд татагдан ирсэн байна. Түүнээс хойш МАХЦ-ийн армид алба хааж, Тамсагбулаг дахь VI морьт дивизийн 17 дугаар хорооны I суманд шилжин иржээ. Удалгүй 1939 оны тавдугаар сарын 17-нд VI морьт дивизийн 17 дугаар хороо шийдвэрлэх тулаанд оролцохоор Хайлаастайн голд хүрч ашигтай байрлал эзлэхээр дөхөж очтол Японы арми гэнэт өөдөөс нь их буу, пулемётоор ширүүн гал нээжээ. Ц.Олзвой хороон дарга Лодонгийн Дандарын "ашигтай байр эзэлтэл дайсны хүчийг барьж" байх тушаалаар тэрээр хөнгөн пулемётын мэргэн галаар дайсны хүнд пулемётыг салаа цэргийн хамт устгажээ.
1939 оны 5-р сард болсон ширүүн тулаанд манай нэг суман дайсны 3 сумантай тулжээ. Олзвойн мэргэн галд 90 гаруй дайсан өртжээ. 4 нөхдийн хамт тагнан байлдах үүрэгтэй явах үедээ 50 гаруй хүнтэй холбоо тагнуулын заставыг бүслэн хааж жагсаалаас гаргасан нь ангийнхаа давших нөхцөлийг хангаж өгчээ.
1939 оны 7-р сард болсон тулааны үед дайсны талын их бууны дуранг туслах буучийн хамтаар уран аргаар олзлон авчирч байжээ. Өөрийн сайн анд байлдагч Лундаажанцангийн хамтаар тагнуулд явах үедээ дайсны 2 машин цэрэгтэй таарч, ихэнхийг нь усгаад үлдсэнийг нь баривчлан авчирч байсан баатарлаг байлдагч байжээ.
Мөн 1939 оны наймдугаар сарын 21-нд Зөвлөлт-Монголын цэргийн их давшилтын үед 17 дугаар хорооны даргын тушаалаар тагнуулч, пулемётчин Ц.Олзвой тагнуулын хэсгийг ахлан явж, элсэн манхан дотор Японы хоёр машин цэрэг явж байгааг илрүүлэн тосч, нэг машин цэргийг нь устгасан. Улмаар нөгөө машины цэргүүдийг мориор хөөж буудалцсаар тэн хагасыг нь устгаж, машин, зэр зэвсгийг нь олзлон авч байжээ.
Цаашлан дайсны гүнд нэвтрэн, Японы тагнуулын албаны том тушаалтныг усгаж, байлдааны нууц материалыг олзлон авчирч байжээ.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Улсын баатар (УБХ-ын тэргүүлэгчдийн 1939 оны 10 сарын 21-ний өдрийн 71-р тогтоол)
- Цэргийн гавьяаны улаан тугийн нэгдүгээр одон
Гэгээн дурсгал
[засварлах | кодоор засварлах]Түүний дурсгалын хөшөөг төрсөн нутаг Ховд аймгийн Манхан сумын төвд босгож, цэрэг ба НАХЯ-ны сайдын 1958 оны 42 дугаар тушаалаар түүний суралцаж байсан ЦЕС-ийн Ерөнхий цэргийн I курсийн I тасагт Олзвойг “Хүндэт байлдагч”-аар бүртгэж алдрыг нь мөнхжүүлсэн юм.