Чезаре Беккариа
Беккариагийн маркиз Чезаре Бонесана (Итали: Cesare Bonesana, marchese di Beccaria, 1738 оны 3 сарын 12 – 1794 оны 11 сарын 28) нь Италийн соён гэгээрүүлэгч, нийтлэлч, сэтгэгч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Чезаре Беккариа Миланы язгууртан Жованни Саверигийн ууган хүү болон мэндэлж маркиз Бенесано хэмээх цолыг залгамжлан авсан. Италийн Парма хотын шашны коллеж, Павийн их сургуульд тус тус суралцан 1758 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Оюутан ахуйдаа философи сонирхох болж Монтьеске, Гельвеции, Дидро, Юм нарын бүтээлийг уншиж, үзэл санааг нь итгэл үнэмшил болгосоны улмаас ойр зиндааныхантайгаа хэл амаа ололцохоо больсоны дээр эцгийн хоригийг зөрчин байж угсаа сурвалжгүй Тереза де Бласко гэх бүсгүйтэй гэрлэсэнээс гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөх болж улмаар язгууртан давхрагынхнаас хөндийрчээ.
Энэ үеэс Беккариа тухайн үедээ шинэчлэлийг дэмждэгээрээ алдартай байсан ах дүү Верри нартай нөхөрлөх болж, тэдний найз нөхөд, “Кафе” сэтгүүлийнхэн зэрэг тухайн үеийнхээ тэргүүний сэхээтнүүдтэй философийн маргаан, мэтгэлцээн өрнүүлэх болсноор жинхэнэ соён гэгээрүүлэх үзэлтэн болж төлөвшсөн байна. Түүнд Ж.Руссогийн бүтээл ихэд нөлөөлж нийгмийн гэрээний онолыг итгэл үнэмшил болгон хамгаалдаг байсан тул нөхдийн дунд “итали Руссо” нэрийг авчээ. Анхны бүтээл болох “Миланы мөнгөний бодлогын гажуудал ба түүнийг засварлах арга зам” номоо 1762 онд бичсэн нь язгууртан, сэхээтнүүдийн дунд ихээхэн дуулиан тарьж олны анхаарлыг татсан. Харин алдарт “Гэмт хэрэг ба ялын тухай” номыг 1764 онд бичиж дуусгасан байна.
Беккариа эл бүтээлээрээ эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн суурийг тавьсан бөгөөд гэмт хэрэг гэж юу болох, ялын зорилго юунд орших хийгээд эдгээрээс салбарлан гарсан олон асуултад нийгмийн гэрээний онол, жам ёсны эрхийн үзэл санаанд тулгуурлан хариулт өгсөн юм. Өөрөөр хэлбэл энэ ном хүн бүр байглаас тэгш эрхтэй гэх үзэл санаанд суурилсан. Гэтэл ингэж үзэх нь тэр үеийн язгууртан, сурвалжтаны давхаргаар удирдуулдаг Италийн төрийн байгууламжийн эсрэг зүйл байв.
Түүний “Dei delitti e delle pene” буюу “Гэмт хэрэг ба ялын тухай” (1764) нэртэй бүтээл нь хэвлэгдсэн даруйдаа Европын хэд хэдэн хэлээр хэвлэгдэж тухайн үеийн харгис хатуугаараа гайхагдаж байсан эрүү шүүлт, гэмт хэргийн талаар өнөөгийн хүний хувьд дэндүү харгис ял шийтгэлийн бодлого, хэргийг мөрдөх, ял ногдуулах тухай туйлширсан үзэл баримтлалыг эрс шүүмжилсэн байдаг.
Дөнгөж 25 насандаа нийгмийг сэрээсэн цуутай бүтээл туурвисан залуу маркизыг язгууртны давхрагынхан, эрх баригчид ихээр гоочлон “социалист”, “тэрс үзэлтэн” гэхчилэн элдвээр цоллон шүүмжилж байсан боловч тухайн үеийн дэвшилтэт үзэлтэй сэхээтнүүд бүтээлийг нь таашаан хүлээн авч дэмжиж байжээ. Түүний бүтээл тухайн үеийн Европын шилдэг сэтгэгчид болох Францын Мабли, Вольтер, Английн Уилъям Блэкстон, Саммуэль Ромилли зэрэг эрдэмтэдийн бүтээлд хүчтэй нөлөөлж, ер нь бүх Европоор өрнөсөн хувьсгал, шинэчлэлд түүний үзэл, сэтгэлгээ мөрөө үлдээсэн гэж үздэг. Бүр Оросын хатан хаан II Екатерина хүртэл түүний бүтээлийг ихэд сонирхож эх орондоо урьсан байдаг.
Европын олон оронд Беккариагийн үзэл санааг сайшаан дэмжсэнээр эх оронд нь ч түүнийг хүлээн зөвшөөрөх болж 1769 оноос Миланы их сургуульд уригдан профессороор ажиллаж байгаад төрийн өндөр албанд томилогдон 1771 онд Ломбарди хотын эдийн засгийн дээд зөвлөлийн гишүүнээр 1778 оноос мөнгөний шинэчлэлийн зөвлөлийн гишүүн болсон. Тэрээр амьдралынхаа сүүлийн өдрийг хүртэл өндөр албан тушаал хашиж Италийн Флоренц хотод амьдарч байгаад ядуурсны улмаас өлсөж 1794 оны 11 сарын 28-нд нас баржээ.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Гэмт хэрэг ба ялын тухай номд орчин үеийн эрүүгийн эрх зүйн тулгуур үзэл санаанууд томъёологдсон. Эн тэргүүнд тэрээр ял шийтгэх эрхийг нийгмийн гэрээний онолоор тайлбарласан. Беккариа “Хууль бол ганц нэгээрээ бас дээр нь өөрийн эрхээр амьдарч байвч үргэлжийн дайн самуун, нэгэнт баталгаажуулаагүй болохоороо ямар ч үр ашиггүй эрх чөлөөнөөс залхсан хүмүүсийн нийгэмд нэгдэх гэрээ болой. Тэд эрх чөлөөнийхөө өчүүхэн хэсгийг золиослоод хариуд нь үлдсэн хэсгийг нь айх аюулгүй, тайван эдлэх боломжийг олж авсан юм. Нийтийн ашиг сонирхолын төлөө өргөл болгосон тэр л эрх чөлөөний хэсэг бүрээс төрийн дээд эрх мэдэл бүрэлдэж, засгийн эрх баригч тэрхүү сонирхолыг албан ёсоор хадгалагч, эрхлэн мэдэгч нь болсон юм” гээд ялыг “хуулийг үл хэрэгсэж хүй нэгдлийн эмх замбраагүй байдалдаа эргэж очих гэсэн хүмүүсийн дур зоргоороо байх хүсэл эрмэлзлэлийг хазаарлах мэдрэхүйг цочроогч” хэмээн томъёолсон байна.
Эрүүгийн эрх зүйн тулгуур зарчимд тооцогддог “Nullum crimen sine lege” мөн түүний үргэлжлэл болсон “Nulla poen sine lege” –ийн онолын үндэслэлийг эл бүтээлд туйлаас чухалчлан тайлбарласан. “Гэмт хэрэгт оногдуулах ялыг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд тэрхүү хуулийг бүтээх эрх мэдэл зөвхөн гэрээний үндсэн дээр байгуулагдсан нийгмийг төлөөлөгч болох хууль тогтоогчид хадгалагдах учиртай. Шударга ёсны зарчмын дагуу ямар ч шүүх өөрөө нийгмийн нэг хэсэг атлаа нийгмийн бусад гишүүдэд зориулан ял тогтоож болохгүй. Хуульд зааснаас хатуу болон хуулиар тогтоогүй ял оногдуулсан нь шударга байвч түүнийг ял гэж лав болохгүй” гэсэн түүний философийн гаргалгаа нийгэмд итгэл үнэмшлийг олсоны ачаар XVIII зууны Европын хууль тогтоомжид тусгалаа олсон гэдэг. Эрх зүйт ёсны үзэл санааны суурь болсон эрх мэдэл хуваарилах зарчмыг хамгаалан хууль тогтоох, шүүх эрх мэдэл нь гэмт хэрэг, түүнд ногдуулах ялын хүрээнд хэрхэн хэрэгжих ёстойг тодорхойлсон. Энэ тухайд Беккариа “Нийгмийг бүхэлд нь төлөөлөгч болохынхоо хувьд эрх баригч нь зөвхөн нийтээр дагаж мөрдөх хуулийг л тогтоох ёстой бөгөөд харин өөрөө хэн нэгнийг нийгмийн гэрээ зөрчсөн эсэхийг нь шүүж болохгүй, эс бөгөөс улс орон хоёр хэсэг хуваагдахад хүрнэ. Нэг хэсэг нь эрх баригчаар төлөөлүүлсэн нийгмийн гэрээ зөрчигдсөн гэж үзэгчид, нөгөө нь үүнийг нь эсэргүүцсэн яллагдагчид. Ийм учраас ямар нэгэн гомдол санал илэрхийлэлгүй ердөө л тодорхой хэрэг явдлыг болсон эсэхийг нотлох эсвэл үгүйсгэх гуравдагч хэн нэгэн буюу шүүгч хэрэгтэй болдог” гэснийг жишээ болгоё.
Беккариагийн бүтээлийн бас нэг амин чухал санаа бол ялын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго юм. Тэрээр ялын эцсийн зорилго бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулагдах бөгөөд энэ зорилгод нийцээгүй аливаа ял нь өөрийн уг чанараараа шударга ёсонд нийцэхгүй тул ял биш гэж үзсэн байдаг. Мөн тэрээр гэмт хэрэг болон ялын хооронд ямар харьцаа байх ёстой талаар, өөрөөр хэлбэл, тодорхой хэрэгт ногдуулах ялыг тодорхойлохдоо ямар зарчим барих ёстой талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн нь өнөөгийн хууль тогтоогчид ч үнэ цэнэтэй санаа болой. Тэрээр “...ялын зорилго нь нэгэнт үйлдчихсэн хэргийн төлөө хүнийг үгүй хийх, тамлан зовоох явдал бус” гээд “Нийгмийн нэг хэсэг, эд эс нь гэх атлаа бодгаль нь тэрхүү нийгмийн эх сурвалж болсон хүсэл зоригоосоо гадуур хэн нэгний утга учиргүй харгислалыг хүлээж авах ёстой бил үү? Азгүй нэгний ёолох дуу цагийг ухрааж, өнгөрсөнийг өөрчилж чадах уу? Ялын зорилго нь тэгэхлээр гэмт этгээдийг дахин нийгэмд хор уршиг учруулахад саад хийх, бусдыг мөн тийм хэрэг үйлдэхээс сэргийлэхээс өөр юу ч биш. Иймд гэмт хэрэгтэний бие махбодид аль болох бага зовлон зүдгүүр учруулахын хамтаар сэтгэл санаанд нь аль болох гүн хоногшиж, хүчтэй сэтгэгдэл төрүүлэх ялыг хэрэглэх нь зүйтэй” гэсэн нь өнөөдөр ч үнэ цэнэтэй үзэл баримтлал гэж бодогдоно.
“Гэмт хэрэг ба ялын тухай” зохиолын бас нэг үнэт санаа бол хуулийг тайлбарлах, хуулийн үзэл санааг хэрхэн хамгаалах тухай юм. Беккариа “Эрүүгийн хуулийг үгчлэн дагаж мөрдсөнөөс учрах хохирол нь түүнийг тайлбарласанаас үүдэн гарах хохирлоос хавьгүй бага юм” гээд Эрүүгийн хуулийг тайлбарлах гээд түүний утга санааг гуйвуулан төсөөтэй хэрэглэх явдал гарахаас сэрэмжлүүлсэн байдаг. Энэ үзэл санаа нь орчин үеийн “хууль дээдлэх” зарчмын агуулгад багтах болсон билээ. Беккариа хуулийг тайлбарлахыг үгүйсгээгүй боловч хууль тайлбарлах нэрийн доор түүнийг төсөөтэй хэрэглэхийг шууд буруутгасан юм.
Беккариа гэмт хэргийг мөрдөн шүүх ажиллагааг хүмүүнлэг, энэрэнгүй болгох үүднээс эрүүдэн шүүхийн эсрэг байж, түүний бүх хэлбэрийг эрс буруутгасан байдаг. Тэрээр мөн гэмт хэргийг мөрдөх, нотлох журам, тэрхүү нотлох баримтаа үнэлэх зарчмыг тогтоож өгсөн. “Хэн ч шүүхээр нотлогдоогүй байхдаа гэмт хэрэгтэнд тооцогдох ёсгүй. Тэгээд ч хамгаална гэж баталгаа өгчихөөд тэрхүү хамгаалалтынхаа нөхцөлийг зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй байхад нийгэм хүнээ өөрийн хамгаалалтаас гаргах ёсгүй. Тэгэхлээр гэм буруутай буруугүй нь тогтоогдоогүй байхад хүчирхийллээс өөр юу шүүхэд хүнийг шийтгэх, хүч хэрэглэх эрх олгох билээ? Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, эсхүл нотлогдоогүй гэсэн хоёроос өөр гаргалгаагүй. Хэрэв нотлогдчихвол хуулинд заасан ялаар шийтгэгдэх бөгөөд эрүүдэх нь илүүц. Харин гэмт хэрэг үйлдсэнийг хөдөлбөргүй нотлож чадаагүй бол түүнийг гэм буруугүйд тооцох тул эрүүдэх нь хууль бус. Түүнээс гадна хүнийг өөрөө өөрийгөө буруутгаж ялла гэх жам ёсны эсрэг зүйлд тулгаад эгээ л үнэн гээч хүний булчин шөрмөсөнд нуугдаж байдаг аятай гал өрдөн төмөр хайлахын адил өвтгөж байгаа үнэнийг мэдэж авна гэж бодвол том алдаа. Шалгарсан гэх энэ арга гэм буруутай, биеийн хат сайтай нэгнийг зөвтгөж, огт буруугүй сул доройг буруутгахад л үйлчилнэ” гэсэн түүний логик гаргалгаа тухайн үед эрүүдэн шүүхийг зөвтгөдөг байсан шашны мөрдөн шүүх ажиллагааны үндэслэгээг няцааж өгсөн байна.
Хуулийг ард түмний мэдэхгүй латин хэл дээр бичдэг, хүнийг нууцаар ялладаг зэрэг тэр үеийн эрүүгийн шүүн таслах ажиллагааны олон бурангуй ёсыг Беккариа шүүмжилж орчин үеийн эрүүгийн эрх зүйн зарчмуудыг хэрэглэхийг санал болгож, тухайлбал, шүүх хуралдааныг илээр, тасралтгүй явуулах шаардлага, шүүхийн шийтгэх тогтоолгүйгээр хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зэрэг олон үнэтэй үзэл санааг дэвшүүлсэн билээ. Чезариа Беккариа цаазаар авахын ялын талаар нилээд ултай эрэгцүүлж, ялын энэ төрөл хүмүүст харгислалын жишээ болдог учраас үр ашиггүй хийгээд ялын хатуу чанга нь бус сэтгэл санаанд удаан хоногшсон нь илүү нөлөөлдөг. Харин цаазаар авах нь хүний сэтгэл удаан хоногшино гэж боддог нь томоохон алдаа болохыг нотлосон байдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ард түмнийг соён гэгээрүүлэхийг чухалчилж “гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг хүсвэл эрх чөлөөг эрдэм мэдлэгийн хамт түгээн дэлгэрүүл. Соёл гэгээрэлтэй муу үйл урвуу, харин сайн үйл шууд хамааралтай байдаг” гэсэн байдаг.