Jump to content

Уинстон Черчилль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Черчиль-с чиглүүлэгдэв)
Уинстон Черчилль
Англи: Winston Cherchill
Их Британийн ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1951 оны аравдугаар сарын 26 – 1955 оны дөрөвдүгээр сарын 7
DeputyЭнтони Иден
ӨмнөхНевилл Чемберлен
ДараахКлемент Эттли
Хувийн мэдээлэл
Төрсөн1874 оны 11 сарын 30
Бленхейм Ордон, Оксфордшир
Нас барсан1965 оны 1 сарын 24
Лондон
Үндэсний харьяалал Нэгдсэн Хаант Улс

Сэр Уинстон Леонард Спенсер Черчилль (Англи: Winston Leonard Spencer Cherchill, * 1874 оны 11 сарын 30-нд Бленхейм Ордонд, Оксфордшир; † 1965 оны 1 сарын 24-нд Лондонд) нь Их Британийн консерватив улс төрч байсан бөгөөд Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн Их Британий удирдагч байснаараа дэлхий нийтэд танигдсан. Тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайдаар 1940-1945, 1951-1955 онуудад хоёр удаа ажиллаж байжээ. Уинстон Черчилль бол төрийн гарамгай зүтгэлтэн, уран илтгэгч, түүхч төдийгүй Нобелийн шагналт (1953) зохиолч хүн байсан юм.

Гарал, сургууль, цэргийн эрдэм

[засварлах | кодоор засварлах]

Черчилль нь Мальборогийн 7 дахь Герцог, консерватив намын депутат лорд Рендольф Спенсер Черчиллийн 3 дахь хүү юм. Эх нь леди Рендольф Черчилль (Женни Жероме, Англиар:Jennie Jerome-1854-1921) Америкийн баян бизнесмен, "Нью-Йорк таймс" сонины эзэн, редактор Леонард Жеромын охин ажээ.

1875 онд хүүхэд асрагч Элизабет Энн Эверест (Англиар: Elizabeth Anne Everest) бяцхан хүү Уинстоны асрагч болж түүнийг асарч, хүмүүжүүлэхэд их үүрэг гүйцэтгэжээ. Түүнийг 18 нас хүрэхэд Сент-Жоржийн бэлтгэл сургуульд оруулсан бөгөөд тэнд сахилга алдсан хүүхдийг жанчиж шийтгэдэг байсан нь асрагч Элизабетад таалагдаагүй юм. Ингээд "Брайтоны эгч дүү Томсоны" сургуульд шилжүүлсэн боловч тэнд сурлагаар доголдож эхэлжээ. 1886 онд уушгины хатгалгаа авч сульдсан биетэй түүнийг Мальборогийнхний эрчүүд сурдаг "Итон дахь Хэрроугийн сургууль"-д (Harrow School) оруулжээ. Энд ерөнхий боловсрол олгохын зэрэгцээ цэргийн эрдэмд сургадаг онцлогтой байжээ. Тэрээр 1892 онд Хэрроу сургуулийн туялзуур жадны аварга болж байсан түүхтэй.

1893 онд Санзхёрст дахь Эзэн Хааны цэргийн сургуульд гурав дахь удаагаа элсэлтийн шалгалт өгч орсон байна. Латин хэлнээс орчуулах даалгавар нэлээн төвөгтэй байсан хэдий ч амжилттай давж морин цэргийн ангийн сонсогч болж 1894 онд төгсөөд улмаар 1895 онд /Second lieutenant/ буюу монголоор "Бага дэслэгч" цэргийн цол хүртжээ. Тэр жилдээ эхлээд эцэгээ дараа нь хайртай асрагчаа алдаж үүрд хагацжээ.

1895 онд "Дейли График" (Daily Graphic) сонины цэргийн сурвалжлагчаар Кубыг зорьж нутгийн оршин суугчид Испаничуудын эсрэг бослого тэмцлийг сурвалжлах ажил хийж эхэлжээ. Түүний таван сурвалжилга "Дейли График"-т хэвлэгдэж зарим нэг нь "Нью-Йорк таймс"-д дахин хэвлэгдэж байсан байна. Испаний Ззасгийн газар түүний нийтлэлүүдийг үнэлж "Улаан загалмай" медалиар шагнасан бөгөөд энэ үеэс түүний уран зохиолын алдар түгэж эхэлсэн бөгөөд тэрээр үдээс хойш цаг унтах, куба навчин тамхи татах зэрэг зуршилтай болсон ажээ. Кубаас буцах замдаа АНУ-д анх хөл тавьсан ажээ.

1896 онд түүний алба хааж байсан "Эзэн хааны 4 дүгээр морин цэргийн" ангийг Энэтхэгийн Бангалор хотод шилжүүлэн байршуулах болжээ. Энэтхэгт У.Черчилль өөрийн боловсролд санаа тавьж эрдэм номтой нөхөрлөхийн зэрэгцээ хорооныхоо шилдэг "поло"-гийн тамирчин болсон байна. 1897 оны намар тэрээр эхийнхээ талын холбоо сүлбээгээ ашиглан Пуштуны овог аймгийн бослого болж буй Энэтхэгийн баруун умард хэсэгт орших уулын Малаканд руу амь өрссөн аюултай экспедицийг даргалан явжээ. Пуштунчууд олзлогсод болон шархдагсдыг алж, үхдлүүдийг элдвээр доромжилж байсан юм. Байлдааны талбараас бичсэн захидлуудыг "Дейли Телеграф"-д /Daily Telegraph/ гарч сүүлд "Малакандын хээрийн цэргийн хүчний түүх" (англ. «The Story of the Malakand Field Force») нэртэй ном нь 8500 хувь хэвлэгдэн гарчээ.

1899 онд тэрээр армиас чөлөөлөгдөж Суданы компани талаарх "Гол дээрх дайн" ном бичсэн нь («The River War») бестселлор болж байжээ.

1899 оны 7 дугаар сард тэрээр улс төрд орж Консерватив намаас тавьсан саналын дагуу Олдхэм хотын Нийтийн Танхимын /House of Commons/ сонгуульд орж ялагдал хүлээжээ. 1899 оны 10 дугаар сарын 14-нд тэрээр "Морнинг Пост" сонины сурвалжлагчаар Өмнөд Африк руу Англи-Бурын дайныг сурвалжлахаар морджээ. Тэнд ахмад Холдейны (Haldane) хуягласан галт тэргээр явж байгаад Бурчуудад олзлогджээ. Черчилль 12 дугаар сарын 12-нд хорих лагериас 2 нөхрийн хамт оргожээ. Олзноос оргосон явдал түүнийг маш их алдаршуулсан байдаг.

Улс төрийн замнал

[засварлах | кодоор засварлах]

Алдар нэртэй болсон У.Черчилль 1900 оны 6 дугаар сард Англид эргэж ирээд Олдхэмын Иргэний танхимын сонгуульд оролцож Либерал намын өрсөлдөгчөөс 222 саналаар давамгайлж 26 насандаа Иргэний танхимын гишүүн болж улс төрд анхлан хөл тавьжээ. Мөн онд тэрээр "Саврола" хэмээх роман бичсэн бөгөөд өөрийгөө гол баатраар дүрслэн харуулсан гэж урлаг судлачид үздэг. Тэрээр 1901 оны 2 дугаар сарын 18-нд анх Иргэний танхимд илтгэл тавьсан бөгөөд Бурчуудад сайн санааны тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.

Тэрээр 5 дугаар сарын 13 нд цэргийн яамны сайд Уильям Бродрикийн (William Brodrick) цэргийн зардлыг нэмэгдүүлэх төслийг шүүмжилсэн илтгэл тавьж илтгэлээ урдчилан «Морнинг пост» сонинд илгээсэн нь намынх нь удирдлагуудад таалагдсангүй. Залуу парламентч 1902—1903 онд чөлөөт худалдааны талаар мөн л намаасаа сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Үүний үр дүнд тэрээр 1904 оны 5 дугаар сарын 31-нд Либерал намд шилжин орсон байна.

У.Черчилль 1905 оны 12 дугаар сарын 12-нд Эзэнт улсын Колониудын асуудал эрхэлсэн орлогч сайдаар томилогдов. Ингээд тэр Бурын үндсэн хуулийг боловсруулах ажилд оржээ. 1908 онд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Кемпбелл Баннерман ерөнхий сайдаа Герберт Асквитд шилжүүлж сайд нарын халаа сэлгээ явагдсанаар 4 дүгээр сарын 12-нд Черчилль Үйлдвэр худалдааны сайд болж улмаар цэрэг дайны зардлыг багасгах ажилд ханцуй шамлан оржээ. У.Черчилль Асквитын Засгийн газарт ажиллахдаа нийгмийн шинэчлэлийн бодлого явуулж ажлын өдрийн үргэлжлэх хугацаа, хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэргийг боловсруулж Англид анхлан мөрдүүлжээ. Тэрээр 1910 оны 2 дугаар сарын 14-нд 35 насандаа Дотоод хэргийн сайд болсноор түүний улс төрийн амьдралын хамгийн зөрчилтэй үе нь эхэлсэн юм. Бослого тэмцэл үймээн самуун тухайн үед ихээр гарах болж заримыг нь хүч хэрэглэн дарахад У.Черчилль Дотоод хэргийн сайдын хувьд биечлэн оролцож байжээ.

1911 оны 10 дугаар сарын 23-нд Ерөнхий сайд Асквет У.Черчиллийг Их Британий Адмиралын газрын нэгдүгээр Лордоор /Усан цэргийн яамны сайд/ тохоон томилжээ. Хэдийгээр энэ албан тушаал Дотоод хэргийн сайдаас доогуур зиндааных байсан ч Черчилль дуртай хүлээн авсан гэдэг. Учир нь усан флот нь Английн геополитикийн гол зэвсэг байсан тул тэрээр томоохон шинэтгэл хийхээр зорьж байсан хүсэл эрмэлзэлтэй нь таарч байжээ. 1906 онд Английн хүнд артиллерийн "Дредноут" байлдааны усан онгоц буй болсноос хойш Герман, Франц, АНУ байлдааны усан онгоцны зэвсэглэлээр хөөцөлдөх болсон юм. Английн төсөвт Тэнгисийн хүчний зардал жин дарж байсан бөгөөд тэнгисийн хүчинд шинэ загварын нисэх онгоц, усан онгоцнууд шаардлагатай байсан үе билээ. 1912 онд шинэ загварын "Айрон Дьюк" зорьж байсан ч түүний оронд Их Британийн тэнгисийн цэргийн хүчинд 1948 он хүртэл ашигласан "Queen Elizabeth" байлдааны онгоцыг буй болгож чадсан билээ.

Их Британи дэлхийн нэгдүгээр дайнд албан ёсоор 1914 оны 8 дугаар сарын 3-нд оролцсон бөгөөд энэ өдөр Австри-Унгар улс Сербид албан ёсоор дайн зарласан билээ. Бельгийн Засгийн газар Антверпен хотыг Германчуудад өгөхийг санал болгосон хэдий ч У.Черчилль уг хотыг хамгаалахаар 10 дугаар сарын 5-нд очсон хэдий ч 5 хоногийн дараа 2500 цэргээ алдаж хотыг Германчуудад өгчээ. Үүний дараа тэрээр "Хуурай замын хөлгийн комиссын (Landships Committee) гишүүний хувьд танк бүтээх, танкийн арми байгуулах ажилд орсон ажээ.

1921 онд Британий Колониуд хариуцсан сайдын ажилд томилогдож Англи- Ирландын Гэрээ байгуулахад оролцож Ирланд биеэ даасан чөлөөт улс болсон юм. 1921 оны 9 дүгээр сард консерваторуудын эвслээс гарч 1922 онд тэрээр Либерал намын санал асуулгаар Дандийн тойрогт ялагдал хүлээжээ. Тэрээр 1924 оны сонгуулиар Нийтийн Танхимд /House of Commons/ сонгогдож Консерватив намдаа эргэн орсон байна.

1924 онд Стэнли Бодуинын Засгийн газарт Сангийн сайдаар томилогдон ажиллав. Энэ үед инфляц үүсч ажилгүйдэл ихсэж 1926 оны нийтийг хамарсан бослого тэмцэл үүсэх үндэс болоод байсан юм. 1929 оны сонгуульд консерватив намынхан ялагдал хүлээсний дараа намын удирдлагуудтайгаа Энэтхэгийн худалдааны тарифын асуудлаар санал зөрчилдсөнтэй холбоотойгоор 1931 онд тэрээр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаагүй байна.

Засаг төрийн ажлаас түр хөндийрсөн тэрээр өөрийн удмын Мальборогийн анхны герцог Жон Черчиллийн тухай «Мальборо болон түүний амьдрал, цаг хугацаа» (Marlborough: His Life and Times) номоо бичжээ.

Дэлхийн хоёрдугаар дайн

[засварлах | кодоор засварлах]

1939 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Фашистын Герман Польш руу цөмрөн орснооор Дэлхийн хоёрдугаар дайн эхлэж Их Британи дайнд татагдан орж байгаагаа 9 дүгээр сарын 3-ны өдөр зарласан юм. Энэ өдөр Уинстон Черчиллийг Адмиралын газрын Нэгдүгээр Лорд болон Цэргийн зөвлөлийн бүрэн эрхт гишүүн болжээ.

1940 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Нийтийн Танхимд / House of Commons/ Норвегийн төлөөх тулалдаанд ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулжээ. Улмаар 1940 оны 5 дугаар сарын 10-нд Георг VI сонгуульд ялсан намын даргыг бус улс орны онцгой байдлыг харгалзан Уинстон Черчиллийг Их Британий Ерөнхий сайдаар томилжээ. Черчилль "Британичуудад цус, нулимс, хөлс, хүнд хөдөлмөрөөс өөр юуг ч санал болгож чадахгүй" хэмээн парламентад хэлж байжээ. Тэрээр Батлан хамгаалах сайдын үүргийг өөртөө хүлээж усан флот, арми, яамдын ажлын холбоонд анхаарал тавин ажиллажээ. Ард түмний дунд түүний нэр хүнд өндөр буюу дунджаар 84 хувь байсан бөгөөд энэ үзүүлэлт нь дайн дуустал хадгалагдан үргэлжилсэн байна.

1940 оны 6 дугаар сарын дунд үеэс Британийн төлөөх тулаан эхэлж Германы агаарын цэрэг өргөн далайцтай дайралтууд эхлүүлж Английн цэргийн объект, нисэх буудал, хотуудыг бөмбөгдөж эхэлжээ. Черчиль дайны халуун цэг, бөмбөгдөлтөд өртсөн газруудаар явж 1940 оны 5 дугаар сараас 1941 оны 12 дугаар сарын хооронд нийт 21 удаа радиогоор үг хэлж байжээ. Британичуудын 70 хувь нь түүнийг сонсдог байсан байна.

1941 оны 8 дугаар сарын 12-нд «Уэльсийн хунтайж» байлдааны хөлөг онгоц дээр У.Черчилль Т.Рузвельт нарын уулзалт болж "Атлантын харти"-г гурав хоногийн хугацаанд боловсруулжээ.

1942 оны 8 дугаар сарын 13-нд Черчилль Москва руу нисч ирээд И.Сталинтай Гитлерийн эсрэг хамтран довтлох Гэрээнд гарын үсэг зуржээ

1943 онд Тегераны "Холбоотнуудын удирдагч" нарын бага хуралд оролцсон.

1944 оны 10 дугаар сарын 9-19 нд Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталинтай дайны дараах Европт нөлөөгөө тогтоох асуудлаар хэлэлцсэн хэдий ч түүний санаачлагыг хүлээж аваагүй байдаг.

1945 онд Ялтын болон Потсдамын бага хурлууд үр дүнтэй болоход Черчиллийн оруулсан гавьяа их билээ.

Дайны дараа Английн эдийн засгийн асуудал хүндэрч 1945 оны 5 дугаар сарын сонгуульд У.Черчилль ялагдав. Тэрээр сөрөг хүчнийг албан ёсоор толгойлох болсон хэдий ч улс төрийн гэхээсээ уран зохиолд хүчээ дайчлан "Дэлхийн хоёрдугаар дайн" дурсамж ном нь 1948 оны 10 сарын 4-нд худалдаанд гарчээ.

1946 оны 3 дугаар сарын 5-нд АНУ-ын Фултон дахь Вестминстрын сургууль дээр У.Черчилль алдарт "Фултоны үг" -ээ хэлсэнээр "Хүйтэн дайны" эхлэл тавигдсан гэж улс төр судлаачид үздэг.

1951 оны 10 дугаар сард У.Черчилль Их Британий Ерөнхий сайдаар дахин томилогдож 1955 оны 4 дүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгсөн.

1953 оны 4 дүгээр сарын 24-нд Хатан хаан Елизавета II У.Черчилльд "Загалмайтны одон"-тнуудын гишүүн болгосон нь түүнд «сэр» гэдэг цол олгосон байна.

1954 оны 10 дугаар сард Букинхэмийн ордонд Уинстон Черчиллийн 80 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн.

Тэрээр 1965 оны 1 дүгээр сарын 25-нд тэрээр цус харваж нас барсан. Түүний оршуулга Их Британий түүхэнд дахь Төрийн хамгийн өндөр хэмжээний оршуулгын ёслолын ажиллагаа болсон байдаг юм.

Түүний оршуулгын Ёслолд Францын Ерөнхийлөгч Шарль де Голль, Баруун Германы канцлер Эрхард зэрэг 112 орны төр засгийн тэргүүн нар хүрэлцэн ирсэн, зөвхөн БНХАУ төлөөлөгчөө илгээгээгүй байна.

 Commons: Winston Churchill – Викимедиа дуу дүрсний сан