Чингис хаан (монгол дуу)
Чингис хаан рок-дууллын шүлгийг 1983 онд, хөгжмийг 1986 онд Д.Жаргалсайхан (Чингис Жагаа) зохиож, дуулжээ.
Дууны тухай
[засварлах | кодоор засварлах]Д.Жаргалсайхан 1983 онд цэргийн албанд байхдаа |Чингис хаан рок-дууллын шүлгээ зохиосон нь үзэл суртлын хүлээстэй социализмын үед их эзэн хаанаа алдаршуулан дуулах зориг, хүсэл эрмэлзэлтэй байсныг нь харуулдаг. 1986 онд цэргээс халагдаж ирээд тус шүлгээ дуу болгосныхоо дараа хөгжмийн найруулга дээр нь нэлээд нягт нямбай ажиллаж эхэлжээ. Соёл-Эрдэнэ хамтлагтайгаа Чингис хаан рок-дууллаа дуулж хөгжимдөхийг нь сонссон хөгжмийн нэрт судлаач, яруу найрагч Жамцын Бадраа Монголын залуусын үндэс угсаа, өвөг дээдсээрээ бахархах бахархлыг өдөөж, дэврээж чадсан түүхэн бүтээл болжээ хэмээн хэлсэн байдаг. Чингис хаан рок-дууллын анхны аудио бичлэг 1988 онд Монгол телевизийн 600-гийн их студид, хожим 2004 онд "Sound design Records" студид дахин шинэчлэгдэн бичигдсэн юм. 1990 онд Монгол телевиз, 2007 онд DX продакшн тус тус дүрсжүүлж байсан. Чингис хаан хамтлагийн 2019 онд гаргасан Чингис хаан цомогт орсон. Д.Жаргалсайханы шүлэг болоод хөгжмийг нь зохиосон дуунуудыг монгол судлаач гадаадын эрдэмтэн мэргэд зохиол бүтээлдээ онцолсон нь бий.
Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан номыг зохиогч Жэк Уэтерфорд Монголд ирээд хөдөө нутгаар аялж явахдаа түүний “Чингисийн баатрууд” дууг анх сонсоод төрсөн гүнзгий сэтгэгдлийнхээ нөлөөн дор номоо бичиж эхэлснээ дурьдсан байдгаас гадна дээрх номдоо Чингис хаан рок-дууллын шүлгээс орчуулж Is it our Fault we have forgotten our history хэмээн эшлэл болгон оруулсан байдаг.[1]
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Чингис хаан рок-дуулал нь Олон улсын уралдаан тэмцээнд дуулагдах бүрдээ дээд болон тусгай шагнал хүртэж байсан сайн бүтээл юм.
- 1990 оны 8-р сард Казахстаны нийслэл Алма-Ата хотод болсон Азийн дуу хоолой /Voice of Asia/ олон улсын уралдааны 3-р байрын шагнал
- 1991 оны 10 сарын 27-нд Японы нийслэл Токио хотын "Бүдоокан цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн өнцөг булангаас ирсэн 16 рок хамтлагтай мөр зэрэгцэн "Дэлхийн шигшээ" рок поп хөгжмийн уралдаанд оролцож Чингис хаан рок-дууллаараа уг тэмцээний Ерөнхий зохион байгуулагч "Ямаха" пүүсийн тусгай шагнал (Band Explosion’91 World Final Yamaha, Special Staff Prize)- ыг хүртжээ.[2].
Дууны шүлэг
[засварлах | кодоор засварлах]Чингис хаан рок-дуулал
Алтан нарыг
Армагийн тоосоор хиртүүлж
Аймшиг авчирсан чинь
Аргагүй үнэн
Авралгүй үнэн
Газар тэнгэрийг
Галдан цахилж
Гамшиг тарьсан чинь
Гашуун үнэн
Гарцаагүй үнэн
Урвалт шарвалтыг хэзээ ч уучлаагүй Чингис хаан
Унаган сүлдэндээ хийморийн тэнгэртэй Чингис хаан
Эр хонгор хүчиндээ эрдээгүй Чингис хаан
Эв найрын сэтгэлээ эвдээгүй Чингис хаан
Нэрийг чинь хэлэхээс айдаг байлаа
Дүрийг чинь бодоод ч олдоггүй байлаа
Нүгэл буяныг чинь ялгадаггүй байлаа
Худал үнэнийг чинь салгадаггүй байлаа
Эрхт Монголоо гэсэн Их хаантны буруу юу?
Эх түүхээ гээсэн та бидний буруу юу?
Чингис хаан, Чингис хаан, Чингис хаан
Морьтны заяа,
Монгол нэрээ
Мөнхөд дуурсгасан чинь
Мадаггүй үнэн
Маргашгүй үнэн
Сэлэм атгаж,
Салхи исгэрүүлж явахдаа ч,
Соёлоо дээдэлсэн чинь
Дарагдашгүй үнэн
Давтагдашгүй үнэн
Урвалт шарвалтыг хэзээ ч уучлаагүй Чингис хаан
Унаган сүлдэндээ хийморийн тэнгэртэй Чингис хаан
Эр хонгор хүчиндээ эрдээгүй Чингис хаан
Эв найрын сэтгэлээ эвдээгүй Чингис хаан
Нэрийг чинь хэлэхээс айдаг байлаа
Дүрийг чинь бодоод ч олдоггүй байлаа
Нүгэл буяныг чинь ялгадаггүй байлаа
Худал үнэнийг чинь салгадаггүй байлаа
Эрхт Монголоо гэсэн Их хаантны буруу юу?
Эх түүхээ гээсэн та бидний буруу юу?
Чингис хаан, Чингис хаан, Чингис хаан
Холбоотой зургууд
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ en.unesco.org: Genghis Khan and the Making of the Modern World
- ↑ yamaha-mf.or.jp: BAND EXPLOSION '91 World Championship