Jump to content

Дашзэвэгийн Жаргалсайхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дашзэвэгийн Жаргалсайхан
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрДашзэвэгийн Жаргалсайхан
Тайзны нэрЧингисийн Жагаа
Хөгжмийн урсгалРок, поп, диско
ЗэмсэгГоцлол дуучин,Гоцлол гитар, Хөгжмийн зохиолч, Яруу найрагч, Рок урлаг судлаач
Идэвхтэй1972–одоо
СтудиJaga music entertainment
Хамтардаг уран бүтээлчидБаянмонгол чуулга 1979-1981
Соёл-Эрдэнэ хамтлаг 1980-1994
Оч хамтлаг 1983-1986
Чингис хаан 1989-одоо

Дашзэвэгийн Жаргалсайхан (Чингис Жагаа; 1959 онд Улаанбаатарт төрсөн) нь Монголын софт рок хөгжмийн Чингис хаан хамтлагийн удирдагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин хүн юм. Түүнийг Монголын рок хөгжмийн оюун санааны эцэг хэмээн хэвлэл мэдээллийнхэн, хөгжмийн хүрээнийхэн үздэг. Тэрбээр Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны гишүүн, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын Рок музейг үүсгэн байгуулагч, Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгч бөгөөд 300 гаруй дууны шүлэг, аялгуу бичиж найруулан дуулснаас гадна драмын жүжиг, үлээвэр хөгжимд зориулсан марш, радио телевизийн чимэг хөгжим олныг бичжээ. Тэрээр 1979 оноос өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа эрхэм билээ. [1] [2]

Д.Жаргалсайхан Монголын урлагийн гэр бүлд төржээ. Түүний аав Ч.Дашзэвэг нь 20 гаруй томоохон хөшөө дурсгалыг бие даан босгосон Монголын монументаль чиглэлийн том төлөөлөгч, нэрт уран барималч, уран зураач, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хүн юм.[3] Ээж Г.Бадам нь ардын хөгжимчин, хөгжмийн багш байсан төдийгүй хүүхдийг сурган хүмүүжүүлэх ажилд 50 шахам жил хөдөлмөрлөсөн, Монгол Улсын Гавьяат багш хүн билээ.[4] Таван настайд нь аав ээж нь төрсөн өдрийн бэлэг болгон авч өгсөн гармони хөгжим дээр чадварлаг тоглож сурсан Жаргалсайхан цэцэрлэгийнхээ уран сайханд "зүтгэж" эхэлжээ. Нийслэлийн арван жилийн 6-р дунд сургуульд сурч байхдаа Зургаан хошуу нэртэй хамтлаг байгуулж Сөгнөгөрийн пионерын зуслан, Үдлэг Баянгол, Батсүмбэрийн сангийн аж ахуйн төв, 6-р сургуулийн хөдөлмөр зуслан, Улсын асрахын газар зэрэгт тоглодог байсан. 1977 оноос ЗХУлсын Эрхүү хотын Их сургуулийн Орос хэлний бэлтгэл анги, 1978 оноос Ленинград хотын Архитектурын их сургуульд (ЛИСИ) суралцсан. 1985 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны дэргэдэх Д.Лувсаншарав, Б.Шарав нарын хөгжмийн зохиомжийн (композицийн) курст хамрагдсан. 1988 онд Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүнээр элссэн. [5] 1979 онд Монголын эстрад урлагийн анхдагч болох Улсын Филармонийн Баянмонгол чуулгын дуучин болсноор уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. 1980 оноос Соёл-Эрдэнэ хамтлагт дуучин, хөгжимчнөөр орсон ба Баянмонгол чуулгад ч дуучнаар давхар ажиллаж байжээ. 1983-1986 онд цэргийн алба хаахдаа Ардын армийн 016-р нэгтгэлийн дэргэдэх Оч хамтлагт дуучин, хөгжимчин, удирдагчаар ажиллаж байсан. 1989 оноос Чингис хаан хамтлагаа байгуулсан нь түүний уран бүтээлийн амьдралд цоо шинэ, нэгэн том хуудас нээгдсэн явдал байлаа. Хэдийгээр өөрийн хамтлагаа байгуулсан ч 1997 он хүртэл Соёл-Эрдэнэ хамтлагт уран бүтээлээ туурвисаар байсан.

Уран бүтээлийн онцлог

[засварлах | кодоор засварлах]

Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, хөгжимчин Д.Жаргалсайхан нь хэдийгээр хотод төрж өссөн ч уран бүтээлч аав ээжийгээ даган хөдөө нутгийн амьдралыг багаас үзсэний учир монгол ахуй, ардын ёс заншил, нүүдэлчний соёлын нэгээхэн хэсгүүд нь түүний дууны уран бүтээлд хожим тусгалаа олсон нь ажиглагддаг. Монголын өнгөрсөн дайчин түүх, хүлэг морь, хүчит бүргэд, сэтгэлд уяатай нутгаа санасан хүүгийн сэтгэл, үнэн хайр, бага насны дурсамж, ганцаардал, мөрөөдөл, ухаарал, аав ээжийн элбэрэл, жаргал хүлээсэн зовлон, нарлаг Монгол орон тэр чигээрээ түүний дуунуудад багтаж ирсэн. Тэрбээр дууныхаа аялгуу, шүлэг хоёрыг өөрөө зохиож, өөрөө дуулж хөгжимдөх (нэгдүгээр биеийн урлаг) арга барилыг Монголын рок поп урлагтаа үндэслэснээс гадна уран бүтээлийн ажлынхаа хажуугаар Монголын хөнгөн хөгжмийн урлагийн үүсэл, хөгжлийн талаар судалж хэд хэдэн ном, судалгааны товхимол хэвлүүлжээ. [6]

Уран бүтээлийн он жилүүд

[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1983 онд цэргийн албанд байхдаа Чингис хаан рок-дууллын шүлгээ зохиосон нь үзэл суртлын хүлээстэй социализмын үед их эзэн хаанаа алдаршуулан дуулах зориг, хүсэл эрмэлзэлтэй байсныг нь харуулдаг. 1986 онд цэргээс халагдаж ирээд тус шүлгээ дуу болгосныхоо дараа хөгжмийн найруулга дээр нь нэлээд нягт нямбай ажиллаж эхэлжээ. Соёл-Эрдэнэ хамтлагтайгаа Чингис хаан рок-дууллаа дуулж хөгжимдөхийг нь сонссон хөгжмийн нэрт судлаач, яруу найрагч Жамцын Бадраа Монголын залуусын үндэс угсаа, өвөг дээдсээрээ бахархах бахархлыг өдөөж, дэврээж чадсан түүхэн бүтээл болжээ хэмээн Жаргалсайханд баяр хүргэж байжээ. Чингис хаан-рок дуулал нь Олон улсын уралдаан тэмцээнд дуулагдах бүрдээ дээд болон тусгай шагнал хүртэж байсан сайн бүтээл юм. Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж байсан 1990-ээд онуудад Жаргалсайхан түүхэн, томоохон баяр наадмын зохион байгуулагчдын урилгаар олон тоглолт хийж байсны дотор Хэрлэнгийн Хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн их ойн даншиг наадам (1990 он), Польшийн Легница хотын төлөө Бат хааны цэрэг Герман, Чех, Польшийн рыцариудтай тулалдсаны 750 жилийн түүхт ойд зориулсан баярын арга хэмжээ (1991 он), Буриадын Улаан-Үд хотноо явагдсан Ази, Номхон далайн орнуудын оюутан, залуучуудын их наадам (1992 он), Чингис хаан хамтлагтайгаа Сингапур улсад 1 жилийн хугацаат гэрээ байгуулан ажилласан, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт болсон Өндөр гэгээн Занабазарын түмэн мэлмий гийсний их ойд зориулсан даншиг наадам (1995 он) зэргийг нэрлэж болно. Үүний дараа тэрбээр бичгийн ширээнийхээ ард хэсэг сууж Соёл-Эрдэнэ хамтлагийн 25 жилийн ойд зориулж Үл тасрах аялгуу номоо бичиж хэвлүүлсэн юм. Өнөөдөр энэ ном уншигчдын хайгаад хайгаад олохгүй ховор нандин зүйлийн нэг болжээ. Жаргалсайхан 1997 оны Улаанбаатарт хуралдсан Дэлхийн Монголч эрдэмтдийн VII их хуралд Монгол ардын дуу хөгжми орчин цагийн Монголын рок поп урлагт нөлөөлсөн нь хэмээх тун сонирхолтой илтгэлийг тавьж гадаадын Монголч эрдэмтдийн анхаарлыг үндэснийхээ рок поп урлаг руу хандуулж чадсан нь Үл тасрах аялгуу номоо бичсэнтэй холбоотой байлаа. Рок-хөгжим судлалын ажлаа гүнзгийрүүлж, шүлгийн номоо хэвлэлд бэлтгэх, дууны шүлгээ бичих зэргийн хажуугаар аялан тоглолтоо тогтмол хийж байсан юм. Зах зээлийн эхэн үед төвийн урлагийн байгууллагууд хөдөө орон нутагт явж урлаг соёлоор үйлчилж чадахгүй болсон үед Чингис хаан хамтлаг өөрсдийн хүч, нөөц бололцоогоор хөдөөгийн хөдөлмөрчдөдөө хүрч үйлчилж чадаж байснаараа өнөөдрийнхөө оршин тогтнох үндсээ тавьсан гэж үздэг.

Түүний зохиож дуулсан Аяа анд минь хаалгыг минь тогшооч, Төрсөн өдрийн дуу, Хуримын дуу, Чингисийн баатрууд, Бүргэд, Сэтгэлийн толь, Сэтгэлийн үг, Сайхнаа чи минь сайхнаа, Тамирчны ялалт хямдхан олдоогүй, Ерөөлийн дуу, Чамайг юу ч өөрчлөөгүй, Нүдэн охин, Шувууд нутаг буцаагүй, Өөрөөр дуулж би чадсангүй (Тиймээ) зэрэг олон арван хит дуунууд нь хэдийнээ монгол дууны алтан сан хөмрөгт зүй ёсоор багтсан төдийгүй монгол түмний оюуны өв болжээ.[7]

Д.Жаргалсайханы шүлэг болоод хөгжмийг нь зохиосон дуунуудыг монгол судлаач гадаадын эрдэмтэн мэргэд зохиол бүтээлдээ онцолсон нь бий. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан номыг зохиогч Жак Уэтерфорд Монголд ирээд хөдөө нутгаар аялж явахдаа түүний “Чингисийн баатрууд” дууг анх сонсоод төрсөн гүнзгий сэтгэгдлийнхээ нөлөөн дор номоо бичиж эхэлснээ дурьдсан байдгаас гадна дээрх номдоо Чингис хаан рок дууллын шүлгээс орчуулж Is it our Fault we have forgotten our history хэмээн эшлэл болгон оруулсан байдаг.[8] Америкийн Индианагийн их сургуулийн эрдэмтэн багш, хөгжим судлаач, доктор Питер Марш Чингис хаан хамтлагийн Д.Жаргалсайханы уран бүтээлд оюун санааны хувьд гүнзгий орсноо хожим өөрийн номдоо онцлож, "Чингисийн Жаргалсайхан бол Монголын Боб Дилан" гэж тодорхойлсон байдаг.[9]

  • 1999 оны 12 сард |Жаргалсайханы удирдсан Чингис хаан хамтлаг өөрийн шилдэг дуугаар бүтсэн домогт ХХ зуун концертоо Монгол Бөхийн өргөөнд 3 хоног дараалан тоглосон байна.
  • 2002 оны 3 сард ХХ зуун концертын хаалтын тоглолт нь Монгол бөхийн өргөөнд мөн 3 хоног амжилттай тоглогдож байжээ.
  • 2007 оны 11 сард UB palace-ийн их танхимд 4 өдөр дараалан амжилттай тоглогдсон THE BEST OF CHINGGIS KHAAN концерт. Энэ нь хамрагдсан үзэгчдийн тоогоор тухайн үеийнхээ дээд амжилтыг тогтоож UB palace-ийн Оны тоглолт'-оор шалгарч байв. [10]
  • 2022 онд Монгол орныхоо 21 аймагт тоглосон XXI зуун тоглолт аялан тоглолт (45 хоногийн хугацаанд 1 аймагт 2 буюу нийт 42 тоглот)
  • 2023 оны 9 сарын 16-нд XXI зуун тоглолтоо Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд Чингис хаан хамтлаг концерт тогложээ.
  • 2024 онд Чингис хаан хамтлаг XXI зуун-Европийн аялан тоглолт
  • 2025 онд Чингис хаан хамтлаг XXI зуун-Америк дахь аялан тоглолт

Оролцож байсан олон улсын их наадам

[засварлах | кодоор засварлах]
  • 1990 оны 8-р сард Казакстаны Алматы хотын "Медео" цэнгэлдэх хүрээлэнд 30 шахам орны шилдэг уран бүтээлчид оролцсон Азийн дуу хоолой олон улсын уралдааны Тэргүүн байрын шагнал-ыг хүртэж эрдэнийн чулуун шигтгээтэй алтан цом болон 5000 рублиэр шагнуулж байсан.
  • 1991 оны 10 сарын 27-нд Японы нийслэл Токио хотын "Бүдоокан цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн өнцөг булангаас ирсэн 16 рок хамтлагтай мөр зэрэгцэн "Дэлхийн шигшээ" рок поп хөгжмийн уралдаанд оролцож "Чингис хаан" дуугаараа уг тэмцээний Ерөнхий зохион байгуулагч "Ямаха" пүүсийн тусгай шагнал (Band Explosion’91 World Final Yamaha, Special Staff Prize)- ыг хүртжээ.[11]
  • 1991 оны 10 сарын 28-нд Японы Токио хотын төв Шинжүкүд байрладаг рок хөгжмийн алдартай төвд (PIT INN HALL in SHINJUKU-KU, TOKYO, 3-17-4 SHINJUKU) бие даасан тоглолтоо Японы хөгжмийн хүрээнийхэн, Японы хөгжмийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч нарт зориулан хийжээ.
  • 1992 "Азийн амьд хөгжмийн солилцоо-92" (ASIAN LIVE MUSIC EXCHANGE IN SHIRATAKA), (Япон, Ширатака)
  • 1997 он "Азийн амьд хөгжмийн солилцоо-97" хөгжмийн наадам. (Япон, Ширатака)
  • 2016 онд Монгол хэлтэй үндэстнүүдийн 8-р их наадам Халимаг улс

Гадаад орнуудад хийсэн аялан тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]
Он Нэр Газар
1984 Оч хамтлаг ЗХУ-ын Читийн орчим
1986 Соёл-Эрдэнэ Герман
1986 Соёл-Эрдэнэ Эрдэнэт хот. Монгол Зөвлөлтийн залуучуудын их наадам
1988 Д.Жаргалсайхан ЗХУ-ын Молдав
1989 Соёл-Эрдэнэ ЗХУ-ын Буриад
1989 Соёл-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО
1990 Чингис хаан хамтлаг “Азийн дуу хоолой” (Voice Of Asia), Алма-Ата, Казакстан
1991 Чингис хаан хамтлаг Band Explosion’91 World Final Yamaha, Токио, Япон
1991 Соёл-Эрдэнэ Халимаг, ОХУ
1991 Соёл-Эрдэнэ Польш, Легница
1992 Чингис хаан ASIAN LIVE MUSIC EXCHANGE IN SHIRATAKA - 92, Япон, Ширатака
1992 Чингис хаан Буриад, Ази, Номхон далайн орнуудыг оюутан залуучуудын их наадам
1993-1994 Чингис хаан Сингапур улсад 1 жилийн гэрээ байгуулан ажилласан
1996 Чингис хаан Сингапур улсад 1 жилийн гэрээ байгуулан ажилласан
1997 Д.Жаргалсайхан БНАСАУ-ын Пхеньяан, Хаврын баяр наадам
1999 Чингис хаан хамтлаг БНХАУ-ын ӨМӨЗО болон Шинжаан Уйгарын өөртөө засах оронд хийсэн аялан тоглолт
2000 Chinggis khaan-World Tour 2000 Америк, Англи, Герман, Чех, Польш, Унгар, Швед, Ирланд, БНСУ, БНАСУ, Орос, БНХАУ
2000 Чингис хаан хамтлаг БНХАУ-ын ӨМӨЗО
2001 Д.Жаргалсайхан Европ Европын орнуудад амьдарч байгаа монголчууддаа
2001 Чингис хаан ХХ зуун Солонгос улс
2001 Чингис хаан ХХ зуун ОХУ-ын Москва хот
2003 Чингис хаан БНХАУ-ын ӨМӨЗО болон Шинжаан Уйгарын өөртөө засах оронд хийсэн аялан тоглолт
2004 Д.Жаргалсайхан Америк дахь монголчууддаа зориулсан тоглолт
2005 Д.Жаргалсайхан Европ дахь монголчууддаа зориулсан тоглолт /Варшавт Б.Сарантуяагийн хамт 4 сард тоголсон/.
2006 Asian tour-2006 БНСУ, ОХУ-ын Буриад, БНХАУ
2007 Чингис хаан Цагаан сар -2007 Солонгос улс дахь монголчууддаа зориулсан тоглолт
2008 Д.Жаргалсайхан Америк дахь монголчууддаа зориулсан тоглолт
2010 Д.Жаргалсайхан Америк болон Япон дахь монголчууддаа зориулсан тоглолт
2012 Чингис хаан хамтлаг Япон дахь монголчууддаа
2014 6:45 Өвөр Монголд 25 жил БНХАУ-ын ӨМӨЗО болон Шинжаан Уйгарын өөртөө засах орон
2016 Чингис хаан хамтлаг Солонгос улс
2016 Д.Жаргалсайхан Монгол хэлтэй үндэстнүүдийн 8-р их наадам, Халимаг улс
2017 Чингис хаан хамтлаг Europian tour-2017, Европын Герман, Австри, Чех, Бельги, Швед, Турк улс
2019 Чингис хаан хамтлаг БНХАУ-ын ӨМӨЗО
2022 Чингис хаан хамтлаг XXI зуун - Монгол орон даяар
2023 Чингис Жагаа Chinggis Jaga-Euro tour
2023 Чингис хаан хамтлаг XXI зуун - Европ дахь аялан тоглолт
2025 Чингис хаан хамтлаг XXI зуун - Америк дахь аялан тоглолт

Урлагийн салбарын шагналууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1982 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монгол телевизийн хамтарсан 8х3 нэртэй поп дууны анхны шалгаруулах уралдааны Тэргүүн байрыг өөрийн зохиож, дуулсан Төрсөн өдрийн дуу-хүртсэн.
  • 1990 онд Монголын Урлагийн Ажилтны Холбооны Шилдэг уран бүтээлчийн шагнал
  • 1997 онд Монголын рок поп хөгжмийн шилдэг эрэгтэй дуучин Пентатоникийн дэд шагнал
  • 2000 ондТамирчны ялалт хямдхан олдоогүй дууг зохиож дуулсны учир Монголын Үндэсний Олимпын Хорооны Алтан очир одон
  • 2000 онд Монголын хөгжмийн шагнал гардуулах Алтан микрофон наадмын Үзэл бодолдоо үнэнч дээд шагнал
  • 2002 ондАлтан микрофон наадмын Амьд домог номинацын дээд шагнал
  • 2002 онд Америкийн нэрт кино жүжигчин Стивен Сигалын нэрэмжит Холливүүдийн Алтан Од алтан цом
  • 2004 онд Дэлхийн Эв нэгдлийн холбооноос дэлхийн суут хүн Чингис хааны судлал, сурталчилгаанд оруулсан үнэт хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Тэнгэрлэг үйлстэн өргөмжлөл
  • 2005 ондХаалгыг минь тогшооч, Эрхүүгийн хавар цомгууд нь Алтан цомог өргөмжлөлийг Hi-Fi records-оос хүртээсэн.
  • 2007 онд Төрсөн өдрийн дуу, 18 нас минь намайг бүү орхиоч, Харийн нутаг давчдаад байна дуунууд Монголын Алтан дуу шагнал
  • 2008 онд Мөрөөдсөөр байх болно дууны клип нь UBS music awards-ын шилдэг графикийн шагнал
  • 2013 онд "Соёл-Эрдэнэ" хамтлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчдийн Монголын рок поп урлагийн хөгжилд оруулсан их хувь нэмрийг үнэлэх үед Д.Жаргалсайханд Алдрын од одонг хүртээжээ. (2013 он)[12]
  • 2019 онд Монголын Зохиолчдын эвлэлийн шагналыг Хаалгыг минь тогшооч, Шувууд нутаг буцаагүй, Тамирчны ялалт хямдхан олдоогүй зэрэг дууны шүлэг бичсэний төлөө хүртээсэн байна.


Аудио хуурцаг болон цомог

[засварлах | кодоор засварлах]
Нэр Төрөл Гарсан жил
1 Сэтгэлийн үг хуурцаг 1988
2 Чамайг юу ч өөрчлөөгүй хуурцаг 1991
3 Бүргэд хуурцаг 1993
4 Сарны бүжиг хуурцаг 1994
5 Хаалгыг минь тогшооч хуурцаг 1995
6 Дуулах гэж амьдарсан хуурцаг 1996
7 Мэнгэ төөрсөн амраг хуурцаг 1997
8 ХХ зуун VHS кассет 2000
9 Хаалгыг минь тогшооч CD 2000 [13]
10 Би эргэж ирнэ CD 2003
11 Бодлын дуу CD 2004
12 Эрхүүгийн хавар CD 2004 [14]
13 Бидэнд ялгаа байхгүй DVD 2004
14 Chinggis khaan live in Soul DVD 2004
15 Өөрөөр дуулж би чадсангүй CD 2012 [15]
16 Шувууд нутаг буцаагүй CD 2012 [16]
17 Нүдэн охин DVD 2017
18 Гүрэн Монгол чинь хүлээнэ CD 2019 [17]
19 Чингис хаан CD 2019
20 Зургаа дөчин тав CD 2019
21 Сарны бүжиг CD 2023

Зохиосон жүжгийн хөгжим

[засварлах | кодоор засварлах]
  • С.Михалковын "Бардам туулай" жүжгийн хөгжим (Улсын Драмын театрт Б.Мөнхдоржийн найруулгаар тавигдсан, 1988 он)

Зохиосон дан хөгжим

[засварлах | кодоор засварлах]
  • "Бид" /рок композиц/ 1988 он
  • Идэр тамирчин /марш/ 1984 он
  • Халагдах цэрэг /марш/ 1985 он
  • Жаавай хонгор /Баруун монгол ардын дууны найруулга/ 1986 он
  • Хоожоомаа /Баруун монгол ардын дууны найруулга/ 1987 он
  • Үлэмжийн чанар /Монгол ардын дууны найруулга/
  • Бид бүгд /дан хөгжим/ 1989 он
  • Азтай цаг /Төгөлдөр хуурын аяз/ 1992 он
  • Бодол хургасан тал /Морин хуурт зориулсан гоцлол/ 1997 он


Бичиж, эмхэтгэж хэвлүүлсэн номууд

[засварлах | кодоор засварлах]
  • Монголын залуучууд, Залуучуудын Үнэн сонинд Хөшигний цаана хэмээх буланг санаачлан хөтөлж байсан. 1987-1991 он
  • Соёл-Эрдэнэ чуулга дуулж байна дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Ө.Наранбаатар дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Д.Галсанбат дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • З.Зундарь дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Г.Жаргалсайхан дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Г.Жаргалсайхан дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Д.Жаргалсайхан дууны шүлгийн эмхэтгэл – 1995 он
  • Үл тасрах аялгуу – 1996 он - Монголын анхны поп хамтлаг болох “Соёл-Эрдэнэ” байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж гаргасан бүтээл юм. Монгол оронд рок поп хөгжим үүсэж, хөгжсөн замналыг дэлгэрэнгүй өгүүлсэн ном юм.[18]
  • Зүрхнээс зүрхэнд дууны шүлгийн эмхэтгэл – 1999 он
  • Зургаа дөчин тав хуучин монгол бичгээр эмхэтгэсэн дууны шүлгийн ном - 2014
  • Мөрөөдсөөр байх болно хуучин монгол бичгээр эмхэтгэсэн дурдатгалын ном - 2017

Тоглолтын тоон үзүүлэлтээс

[засварлах | кодоор засварлах]

Д.Жаргалсайхан нь 1975 оноос олны өмнө дуулж, хөгжим тоглож эхэлсэн бөгөөд, мэргэжлийн урлагийн нэгдүгээр тайзнаа анх 1979 онд гарч, албан ёсны урлагийн ажилтан болжээ. Зөвхөн 1995-1999 онуудад Чингис хаан хамтлагтайгаа нийт 600 гаруй цагийн буюу 7 хоног бүр 3 цагийн бүрэн хэмжээний концертыг толилуулсан ба аймаг сумдын соёлын ордон, клубын суудал ашиглалтыг ойролцоогоор 200-300 хүн гэж үзвэл нийтдээ 60 гаруй мянган хүнд 5 жилийн хугацаанд үйлчилсэн байх юм. Үүнд: Улаанбаатар хот болон, гадаад улсад хийсэн тоглолтуудыг тооцоогүй болно. [19] ( Д.Жаргалсайханы 1975 оноос хойш тэмдэглэсэн түүний тоглолтын жагсаалтаас тоймлон гаргасан болно.)

Тавьсан илтгэлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • 1997 оны 8 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Олон улсын монголч эрдэмтдийн VII их хурал дээр Д.Жаргалсайхан Монголын ардын дуу хөгжми орчин цагийн рок поп хөгжимд үзүүлсэн үр нөлөө гэсэн илтгэл тавьсан байна. [20]
  • 2001 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Д.Жаргалсайхан Монголын рекламын ассоциаци болон Монголын Гадаад харилцааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан Монгол улсын гадаад сурталчилгаа сэдэвт үндэсний зөвлөгөөнд оролцон Монголын соёл урлаг Монгол орны гадаад сурталчилгааны тэргүүнд байх ёстой сэдэвт илтгэл тавьжээ.
  • 2022 онд "Соёл-Эрдэнэ" хамтлаг байгуулагдсаны 50 жилийн зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд Соёл-Эрдэнэ байгуулагдснаар Монголын хөгжмийн урлагт оруулсан өөрчлөлт, шинэчлэлт сэдвээр илтгэл тавьжээ.
  1. https://www.facebook.com/share/v/19cn7ZMZky/
  2. president.mn: Д.Жаргалсайхан: Хэрмэл жүжигчний л амьдрал ийм байдаг байх, нийтлэгдсэн 2016-05-04
  3. hunnu.mn:[permanent dead link] Газар газарт өнө удаанаар түүний бүтээлүүд сүндэрлэсээр л…, нийтлэгдсэн 2015-01-30
  4. mass.mn: Г.Бадам:Би хүүгийнхээ хөгжмийн анхны багш нь, нийтлэгдсэн 2014-11-26
  5. writersunion.mn: (Memento 18. Дөрөвдүгээр сар 2021 цахим архивт) МЗЭ-ийн бүх гишүүд нэрсийн жагсаалтаар
  6. mmnews.mn: (Memento 18. Дөрөвдүгээр сар 2021 цахим архивт) Д.Жаргалсайхан: Би эх орноо халин дэвэн нисч буй бүргэдтэй адилтгадаг, нийтлэгдсэн 2019-04-25
  7. 24news.mn: Д.ЖАРГАЛСАЙХАН: ХАРИУЦЛАГАД ХҮЛЭГДСЭН ОН ЖИЛҮҮДИЙГ ТУУЛЖ ДЭЭ, ГЭХДЭЭ БУЦАХ ЗАМ БАЙХГҮЙ
  8. en.unesco.org: Genghis Khan and the Making of the Modern World
  9. www.mongoluls.net: Mongolia Sings its Own Song
  10. gogo.mn: Холерын үеэр "Үзэгчдийн хүлээлтийг тайлсан софт рок үдэш, нийтлэгдсэн 2007-11-15
  11. yamaha-mf.or.jp: BAND EXPLOSION '91 World Championship
  12. mass.mn: Соёл -Эрдэнэ хамтлаг “Алдрын од” шагнал хүртлээ, нийтлэгдсэн 2015-07-30
  13. music.apple.com: Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч CD
  14. open.spotify.com: Эрхүүгийн хавар CD
  15. open.spotify.com: Өөрөөр дуулж би чадсангүй CD
  16. open.spotify.com: Шувууд нутаг буцаагүй CD
  17. open.spotify.com: Гүрэн Монгол чинь хүлээнэ CD
  18. monkoha.com: Үл тасрах аялгуу
  19. gogo.mn: Холерын үеэр "Чингис хаан" хамтлаг Хөтөлд тоглосон нь, нийтлэгдсэн 2020-12-02
  20. jstor.org: The Seventh International Congress of Mongolists