Jump to content

Чойжилсүрэнгийн Пүрэвдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чойжилсүрэнгийн Пүрэвдорж (1948 оны 7 сарын 20-нд Архангай аймгийн Мөрөн сум; † 1998 оны 10 сарын 2-нд Улаанбаатар) Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Монгол Улсын Шадар сайд (1990-1996).

Ч.Пүрэвдорж 1948 онд Архангай аймгийн Мөрөн сумын нутагт “Хөтөл” гэдэг газар малчин эцэг Жалцавын Чойжилсүрэн, эх Янпилын Пунсал нарын отгон хүү болж төрсөн.

1955-1959 онд Архангай аймгийн Мөрөн сумын бага сургуульд элсэн сурч байгаад 1959 оны 9 дүгээр сараас Өндөр-Улаан сумын 7 жилийн дунд сургуульд шилжин суралцаад 1962 онд төгссөн.

Тэр ондоо Тариат сумын 10 жилийн сургуульд дэвшин суралцаад 1965 онд онц сайн төгссөн байна.

1965-1970 онд тухайн үеийн ЗХУ-ын Свердловск хотын (өнөөгийн ОХУ-ын Екатеринбург хот) С.М.Кировын нэрэмжит Уралын Политехникийн (УПИ) дээд сургуульд суралцаж төгсөөд “Цахилгааны инженер” мэргэжил эзэмшсэн.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]

1970 оны 8 дугаар сараас 1980 он хүртэл Улаанбаатар хотын 3 дугаар Цахилгаан станцад цахилгааны цехийн ээлжийн даргын дагалдан, цахилгааны нарийн хэмжүүрийн техник, цахилгаан техникийн лабораторын реле хамгаалалт цахилгаан автоматикийн инженер, лабораторийн эрхлэгч, цехийн ахлах инженер, үйлдвэр хариуцсан орлогч дарга хүртэл дэвшин ажилласан.

1979 онд МАХН-д элссэн байна.

1980 оны 8 дугаар сараас БНМАУ-ын Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны Төвийн эрчим хүчний системийн ерөнхий инженерээр ажилласан.

1983 оноос БНМАУ-ын Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны орлогч сайдын албыг хашсан.

1987-1990 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны орлогч сайдаар ажилласан.

1990 оны 5-р сараас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга ( Монгол Улсын 14 дэхь Ерөнхий сайд Шаравын Гунгаадоржийн тэргүүлсэн Засгийн газар Монгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалт )

1990 оны 9-р сараас Засгийн газрын Шадар сайд ( Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэнгийн тэргүүлсэн Засгийн газар Монгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалт)

1992-1996 онуудад Архангай аймгаас Монгол Улсын УИХ-ын гишүүнээр сонгогдож ( Улсын Их Хурал) анхны “Монгол Улсын Шадар сайд”-аар (Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрайн тэргүүлсэн Засгийн газар Монгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалт) тус тус ажилласан. Тэрээр энэхүү албан тушаалд Гурван Засгийн газарт улиран ажиллаж байжээ.

Монгол Улсын Шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдоржий тэргүүлж байсан зарим комиссууд:

  • Засгийн газар хоорондын комиссуудын үйл ажиллагааг зохицуулах комиссын дарга (1994 оны 3-р сарын 16-ны өдрийн 66 тогтоолоор байгуулагдсан)
  • Худалдаа, э/з, ш/у техникийн талаар хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга;
  • Худалдаа, э/з, ш/у техникийн талаар хамтран ажиллах Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга;
  • Худалдаа, э/з, ш/у техникийн талаар хамтран ажиллах Монгол-Европын Холбооны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга;
  • Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч;
  • Үнийн зөвшлийн комиссын дарга;
  • Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн хяналтын хорооны дарга;
  • “Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулан удирдах, хяналт тавих Үндэсний хорооны дарга;
  • Тулгар төр үүссэний болон улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын комиссын дарга;
  • Тэрээр энэ хугацаанд Улсын Онцгой Комиссын даргаар давхар ажиллаж байжээ.

1996 оны УИХ-ын сонгуульд Архангай аймгийн тойрогт Раднаасүмбэрэлийн Гончигдоржид ялагдсан юм. Түүнээс хойш ажилгүй байж байгаад 1998 оны 10-р сарын 2-нд хүнд өвчний улмаар нас барсан.

1990-1996 оны Монгол Улсын улс, төр нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүнд хэцүү үеийг даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан эгэл даруухан төрийн зүтгэлтэн гэж монголын ард түмэн үнэлдэг. Түүний гавьяа зүтгэлийг үнэлж төрөлх нутаг болох Архангай аймгийн Тариат сумын дунд сургуулийг 2004 онд Монгол Улсын Шадар сайд Ч.Пүрэвдоржийн нэрэмжит болгож мөнхөлсөн юм.

Зориулсан шүлэг

[засварлах | кодоор засварлах]

Ар халхын тэнүүнд Арын сайхан хангай гэж бий

Тэр сайхан хангайд Тэрхийн цагаан нуур гэж бий

Тэвхэлсэн нумнаас тавьсан юм шиг

Тэнгэрийн мөнгөн заадас шиг

Суман гол зүсэн бий

Усан дундуур нь ус харван урсдаг

Урьд эртийн цагт

Уул нь галаар оргилдог

Тунгалаг гурван Тамир

Туяа цацлан хатирдаг

Тунсаг сайхан энэ л нутагт

Тугал хариулж өссөн

Туг барилцаж явсан

Сайн хүү Шадар сайд аа... Морьтой дээдсийн алтан ургийн хунтайж Монгол Улсын шадар сайд Пүрэвдорж -Пунцагийн Бадарчийн "Шадар сайд" шүлэгнээс.

Гэргий Ч.Батбаяр, 4 хүүхэдтэй /охин П.Мягмарцогт, охин П.Батцогт, хүү П.Цогтгэрэл, охин П.Нансал/.