Шар тос

Шар тос. Халх Монголчууд шар тосыг ихэвчлэн өрөмнөөс гаргаж авна. Зарим нутагт айргийг түүхий сүүгээр эсгэж бүлээд, айргийн тос ялган, түүнийгээ шаргаан (удаан буцалгах) шар тос авахыг ч эрхэмлэнэ. Ер нь шар тосыг өрөмнөөс авах, айраг бүлж ялгах хоёр үндсэн арга аль ч нутагт голдуу зэрэгцэж байсан бөгөөд эхний арга зонхилж байжээ. Тос холиход хайлж буй өрөмний дээд хэсгээр ялгарсан шар тосыг халбагаар дахин дахин хутгаж тусгай саванд хуримтлуулж авна. Түүхий сүүний айрагнаас шар тос ялгаж авахдаа хоёр шатны боловсруулалт хийнэ. Юуны өмнө айргаа халаасан хярмаар хярамлах, эсвэл айрагнаас тасалж халаан эргүүлж хийн олон дахин бүлж айргийн тосоо загсааж унагана, дараа нь хамж аваад түүнийг шаргааж шар тос ялгах жишээтэй.

Шар тос бод, бог малын сүүний өрөм, ундаанаас ялгаж авах байдлаар үхэр, тэмээний шар тос, бог малын шар тос гэх мэтээр ялгагдах бөгөөд өнгө, амтны хувьд арай өөр өөр байдаг.[1]

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. [С.Бадамхатан, Г.Цэрэнханд, Г.Батнасан, Ц.Аюуш, Т.Дисан, Д.Тангад, Д.Нансалмаа, Г.Мэнэс - БНМАУ-ын угсаатны зүй 1 - 1987 - хуудас 175-176]