Jump to content

Эгийн гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Эг-с чиглүүлэгдэв)
Эгийн гол
Хатгал сумаас өмнө зүгт хэдэн км зайтай газарт урсан буй Эгийн гол
ЭхХөвсгөл нуур
АдагСэлэнгэ мөрөн
Усаа цуглуулдаг орнууд Монгол
Байршил Хөвсгөл
 Булган
Урт475 км
Эхийн өндөр1645 м
Ус цуглуулах талбай49,100 км²
Зүүн цутгалуудҮүрийн гол, Тарвагатайн гол
Эгийн гол, Хөвсгөл аймаг

Эгийн гол нь Монгол орны хамгийн гүн цэнгэг Хөвсгөл нуураас эх аван Хөвсгөл, Булган аймгуудын нутгаар урсан Сэлэнгэ мөрөнд зүүн гараас нь цутгадаг гол юм. Уг гол нь Хөвсгөл нуураас эх аван урсдаг цорын ганц гадагш урсгалтай гол юм. Эгийн гол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 332 тоот тушаалаар Хөвсгөл нуур-Эг голын усны сав газарт хамаардаг. Харин Сэлэнгэ мөрний сав газарт хамаардаггүй юм байна.

Эгийн голын урт нь 475 км, ус хураах савын талбай 40454 хавтгай дөрвөлжин км бөгөөд усны унал нийт уртад 815 м буюу км тутамд 2 м орчим болно. Дундаж хэвгий нь 0,0017%. Эгийн гол ой хөвч бүхий бэсрэг уулс дундуур урсдаг ба 2 талын уулс зарим газарт 100-150 м хүртэл ойртож эгц өндөр хадан хясаатай хавцал үүсгэх тул голын хөндийн төрх байдал маш үзэсгэлэнтэй байдаг. Голын гульдрал эхнээсээ адгаа хүртэл шинэс,нарс, улиас,хайлас, төрөл бүрийн жимсний бут зэрэг үзэсгэлэнт байгалийн тогтоцтой бургасан ой дундуур урсана. Түүний өргөн Үүр голын билчир хүртэл 20-70 м түүнээс доош 50-150 м юм.

Эгийн гол унал ихтэй уулын гол болохоор харгиа, боргио ихтэй бөгөөд усны гүн янз бүр харгиа бүхий зарим хэсэгт 0,3м орчим нимгэрч урсгалын хурд 4 м/сек хүртэл нэмэгддэг байна. Цээл цүнхэл газарт 3-3,5 м гүнзгий болж урсгалын хурд 0,6 м/сек болтлоо буурна. Эгийн голын усны горим, түвшний хэлбэлзлийн талаар цугласан зарим материалаас үзвэл усны түвшний хэлбэлзэл Үүр голын цутгалан хүртэл маш тогтвортой бөгөөд борооны өндрийн хамгийн их түвшин, урсцын гажиг үеийн түвшний зөрөө 1,0м-ээс үл хэтэрнэ. Энэ голын дурьдсан хэсэг Хөвсгөл нуурын илүүдэл усаар тэжээгдэх учраас борооны болон шар усны үерийн долгио бараг үл ажиглагдана. Харин Үүр голын цутгалангаас доошлоход усны түвшний горим маш тогтворгүй байдалд шилжинэ. Тэр хэсэгт хаврын шар усны үер 4-р сарын сүүлчээс эхлэн 5-р сарын эхний хэсэгт ажиглагдаж усны түвшин огцом дээшлээд түргэн хугацаанд буурна. Эг гол дээр өнөөгийн байдлаар ус судлалын Хатгал(1965), Эрдэнэбулган(1973), Хантай(1959)байнгын ус зүйн харуулууд ажиллаж байна. Эг голын урсцын жилийн дундаж өнгөрөлт Хатгал орчимд 23,8м3/сек, Алаг-Эрдэнэд 9,13м3/cек, Эрдэнэбулганд 18,5м3/сек болтол буурч алдагдаж байхад Үүр голын дундаж өнгөрөлт Цагаан-Үүр сумын нутагт 21,5м3/сек болдог байна. Сав газраар навчит болон шилмүүст ой ихтэй. Голын ёроол хайрга чулуун хурдастай, зарим газартаа огцом уналттай. Эг голын сав газрын хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ, зуны хур борооны үерийг давахгүй бөгөөд хамгийн их хур борооны үер 1986онд 2100м3/сек хүрч ажиглагджээ. Нуураас эх аван урсах хэсэгт Эг голыг Өлхөн сайрын хурдас чулуулаг хаврын шар ус, хур борооны үерийн үед их хэмжээгээр урсан ирж хаасаар зарим жилүүдэд Эг голын урсац доош боогдон урсах урсац нь эрс багасдаг байна. Үүний улмаас сүүлийн жилүүдэд урсацын хэмжээ багассанаас Эг гол Алаг-Эрдэнэ, Эрдэнэбулган, Хантай зэрэг сумдаар урсацгүй хатаж хуурай сайр болох нь элбэг тохиолдох болжээ. Энэ нь байгаль цаг уур, усан орчны экологийн зохистой харьцаа, нийгэмд их хэмжээний саад, хор хохирол учруулж байна. 2008 оны 7-р сарын хэмжилтээр Эг голын урсац нь олон жилийн дундаж урсацын хэмжээнд буюу 21,29-25,34м3/cек урсацтай байлаа. Хатгал сумын байгаль орчныг хамгаалах газраас санаачлан Эг голын урсцыг боогдуулаад байсан хайрга дайргыг техникийн хүчээр зайлуулан урсцыг чөлөөлж өгснөөр Эг голын урсац мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэн урсаж байв. Эг голын урсацын хурд тогтмол их ширүүн 0,80-1,94м/cек хүрдэг ба энэ нь дээд цутгал голуудын орчим хур тунадас их хэмжээгээр орж нуурын усны түвшин нэмэгдэхэд Эг голын урсацын хурд мөн нэмэгддэг байна. Хатгал сум дахь Эг голын модон гүүрний орчимд их хэмжээний хайрга чулуу нь голын хүчтэй урсацад туугдан урсан ирж овоорч байгаа нь хожим гүүрний бат бэх байдалд ч нөлөөлөх магадлалтай юм. Эг гол нь Хойд мөсөн далайн ай савд багтах бөгөөд Монголын төдийгүй Төв Азийн цэнгэг нуур болох Хөвсгөлөөс эх аван ой хөвч бүхий бэсрэг уулс дундуур урсан Үүр голтой нийлж улмаар Сэлэнгэ мөрөнд цутгана. Эгийн голын хамгийн том цутгалан болох Үүр гол нь Соёны нуруунаас эх авч Хөвсгөл нуурын зүүн талын тэгш өндөрлөгийг дайран урсах замдаа Армаг, Цагаан, Баян, Ариг, Уйлган голуудыг өөртөө нийлүүлэн ой тайгын дундуур 331 км урт замыг туулж Эгийн голд цутгана. Эг голын жилийн доторхи урсацын хувиарилалт ихээхэн жигд бус, хамгийн бага нь өвөл, хамгийн их нь зуны хур борооны үерийн үед ажиглагдана.

Эг голын сав газарт цасны усны нөөц борооныхыг бодвол харьцангуй бага учир 5-р сард бага зэргийн шар усны үер ажиглагдаж. 6-р сард урсац ямар нэгэн хэмжээгээр буурдаг байна. 7-р сараас эхлэн хур бороо элбэгшихийн хамт 8-9-р сард хамгийн их урсац ажиглагдана. Ийм учраас Эг гол нь борооны үертэй голд хамрагддаг.

Дулааны улирлын бага урсац нь гол төлөв хаврын шар усны үерийн төгсгөлөөс зуны хур борооны үерийн эхлэл хүртэл ажиглагддаг бөгөөд ойролцоогоор 30-50 хоног үргэлжилдэг байна. Өвлийн бага урсац намар тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон үеэс эхлэн хаврын мөсний үзэгдэл дуусах хүртэл үргэлжилнэ. Усны үндсэн тэжээлд томоохон нуурын илүүдэл ус оролцдогийн ачаар жилийн урсцын улирал, сарын хувиарилалт манай орны бусад гол горхийг бодвол нилээд жигд байдаг. Эгийн голын усны дулааны өвлийн горим эхлэх, тогтворжих хугацаа голын нийт уртад адил бөгөөд намрын зайр аравдугар сарын хоёрдугаар хагааас эхэлж 6-20хоног үргэлжилдэг. Хаврын цөн цөөн хоног үргэлжилдэг. Өвлийн улиралд Эг гол нь битүү мөсөн бүрхүүлээр хучигдана. Эг гол 150-190 хоног мөсөөр хучигдаж мөсний дундаж зузаан 0,8-1,0м хиртэй байдаг. Усны эрдэсжилт нь 150-200мг/л, гидрокарбонатын усанд багтана.

Эгийн голын адаг орчимд буюу Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд усан цахилгаан станц барьж байгуулах боломжтой талаарх судалгааг 1991 оноос хойш хэд хэдэн удаа хийж байсан. Эгийн голын усан цахилгаан станцыг Эгийн гол дээр барьсанаар эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улмаар улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.

Манай Улсын эрчим хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс Оросын холбооны улсаас жил бүр 25-26 сая долларын өртөг бүхий эрчим хүч импортоор авсаар байна. Оросын холбооны улстай холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарч цахилгаан авч чадахгүй байдал үүсвэл олон мянган хэрэглэгчдийн цахилгаан тасрах аюул нүүрлэхийн зэрэгцээгээр өвлийн оргил ачааллын үед ноцтой байдал үүсэж болзошгүй юм. Эдгээрээс гарах гарц нь Эгийн гол дээр усан цахилгаан станц цаг алдалгүй барьж байгуулах явдал юм.