Jump to content

Эдгар Дега

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эдгар Дегагийн 1855 оны өөрийгөө зурсан зураг

Эдгар Дега́ (франц. Edgar Degas; 1834 оны 7-р сарын 19-нд Парис хотод төрсөн—1917 оны 9-р сарын 27-нд нас барсан) — францын алдартай уран зураач, импрессионист урлагийн томоохон төлөөлөгч.

1834 оны 7-р сарын 19-нд Парист эцэг Огюст де Га, эх Селестин Муссон нарын хөрөнгөтний гаралтай чинээлэг гэр бүлд төрсөн. Тэрээр таван хүүхдийн том нь байсан. Эдгар 13 настайдаа ээжийгээ алдсан нь түүний хувьд хүнд цохилт болсон юм. Хожим нь залуу насандаа нийгмийн шинэ санааны нөлөөн дор Эдгар овог нэрээ Де Га-гаас "язгууртан биш" -Дега болгож өөрчилсөн.

Зураачийн эцэг Огюст де Га нь Эдгар Дега-гийн өвөг Рене Хилер де Га -гийн Италид байгуулсан томоохон банкны Франц дахь салбарыг удирдаж байжээ. Хилер де Га Францын хувьсгалын үеэр амь насанд нь аюул тулгарсан гэж үзэн Итали руу цагаачилжээ. Эдгарын эх Селестин Муссон Америкт суурьшсан Францын гэр бүлээс гаралтай. Түүний эцэг Нью-Орлеаны хөвөнгийн биржид брокер байсан.

Зурах хүсэл нь Дегад бага наснаасаа илэрч эхэлсэн. Гэсэн хэдий ч эцэг нь түүнийг хуульч мэргэжлээр ажиллах болно гэж таамаглаж байсан ч Эдгар хуульч болох хүсэлгүй, чадваргүй байсан бөгөөд гэр бүлийн хөрөнгө нь түүнд хоолонд талаар санаа зовохгүйгээр зураг зурах боломжийг олгосон байна. Мөнгөний хэрэгцээ бага байсан Дега өөрийн бүтээлүүдээ зарахгүй байж, тэдэн дээр дахин дахин ажиллаж, төгс төгөлдөр боловсронгуй болгохыг хичээдэг байжээ.

Эдгар Луврын музейд уран зургийн агуу мастеруудын бүтээлийг судалж, амьдралынхаа туршид Италид хэд хэдэн удаа очиж (аавынхан хамаатан садан нь тэнд амьдардаг) Италийн сэргэн мандалтын урлагийн мастеруудын бүтээлүүдтэй танилцах боломжтой байв. Зураач ялангуяа Мантегна, Беллини, Гирландайо, Жиотто зэрэг эртний Италийн мастеруудыг сонирхож байв. Энэ хугацаанд Андреа Мантегна, Паоло Веронезе нар түүний шүтээн болсон бөгөөд сүнслэг нөлөө бүхий, өнгөлөг зургууд нь залуу зураачийг үнэхээр гайхшруулдаг байжээ.

1861 онд Дега Эдуард Манеттай танилцсан бөгөөд тэдний нөхөрлөл амьдралынхаа эцэс хүртэл үргэлжилсэн юм. Залуу зураачдын дунд маш их нэр хүндтэй хүн байсан Мане Дега-г дараа нь импрессионистууд гэгдэх болсон залуу зураачидтай танилцуулсан. Уран бүтээлчдийг нэгтгэсэн цөөхөн хүрээний дунд Дега өөрийн зан араншин, нарийн соёл, эелдэг байдал, өвөрмөц сэтгэл татам байдал, хурц тод байдал зэргийг хослуулан өндөр нэр хүндтэй байсан нь эргэлзээгүй.

Дега, Эдуард Мане нар академик салоны хэтэрхий зөв урлагийг үгүйсгэдэг байсан нь их нийлүүлжээ.