Jump to content

Эмээл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Орчин цагийн Монгол эмээл
Баянхонгор аймгийн Арцатын дэлээс олдсон 13-р зууны монгол эмээлийн мод, дөрөө, ташуур

Эмээл (монгол бичиг: ᠡᠮᠡᢉᠡᠯ, галиг: emegel) нь морь мал унахад зориулж тохдог бүүрэг, хавтас гөлөм, дөрөө зэрэг үндсэн тоногоос бүрдсэн хэрэгсэл. Хэлбэр дүрс нь олон янз байдаг. Гол төлөв морь унахад зориулсан байдаг бөгөөд тэмээ, үхэр, заан зэрэг тэжээвэр амьтаныг мөн унаж эдлэхэд зориулсан хэрэгсэл.

Эмээл нь морь малны хөдөлгөөн болон унаж буй хүний суух ая тухтай байхад тааружл хийдэг. Муу тааруулж хийсэн эмээл нь морь малын нурууг гэмтээх аюултай. Эмээлний үндсэн хэсгийг эмээлийн мод гэх бөгөөд бүүрэг (эмээлийн босоо хэлбэртэй урд, хойд хоёр хэсэг хашлаг болдог модон зүйл), эмээлийн агт (эмээлийн хоёр хавтасны доорх унааны нуруунд тулдаг хэсэг) зэргээс бүрддэг байна. Бүүрэг нь өндөр, нам гээд нутаг бүрт өөрийн гэсэн хэлбэртэй байдаг байна. Үүнээс гадна эмээл модон хэсгээс гадна гөлөмтэй байдаг (унаж буй хүний хөл, гуяыг хамгаалах жийрэг болдог). Мөн эмээлийн олом жирэм гэдэг нь сураар хийсэн үндсэн эмээлийн модыг морь малын гэдэс доогуур татаж эмээлийг бэхэлдэг оосор юм. Эмээл нь мөн үүнээс гадна олонцог, даруулга чимэг, баавар, хяр, ганзаганы даруулга, дэвс, ганзага, дөрөөний оосор буюу сур, тохом, оломны арал хэмээх хэсгүүдээс бүрддэг.

Эмээлийн үндсэн зориулалт бол унаж буй хүний нийт биеийн жинг морины нуруунд жигд хуваарилан тарааж өгдөг ач холбогдолтой юм.

Хүмүүс морийг гэршүүлсэний дараа буюу МЭӨ 4 мянган жилийн тэртээ унаж эхэлсэн гэдэг судлаачдын таамаг байдаг байна. Анх эмээл гарахаас өмнө зөвхөн морины нуруунд тохом тавьж түүнийгээ өнөөгийн олом жирэм мэт оосроор бэхэлдэг байжээ.

Нүүдэлчдийн хамгийн өргөн хэрэглэж байсан уналгын мал бол адуу бөгөөд адууг эрхэмлэн хүндэтгэж ирснээр адууны тоног хэрэгсэл улам боловсронгуй болсоор дундад эртний үед эмээл нь урд бүүрэг босоо, ар бүүрэг цалгар уужим, өргөн суудалтай, урт хавтастай хөнгөн болсон нь аян дайнд удаан хугацаагаар морин дээр явахад тохирсон сонгодог хэлбэртэй болжээ. Дундад зууны үеэс эмээл, дөрөөний загвар, хударга, хөмөлдрөг зэрэг адууны тоног хэрэгсэл өөрийн гэсэн хэлбэрээ олж, тоног хэрэгслийн тэрхүү хэв шинж нь бидний үед уламжлагдан иржээ.

Сүүлд модоор эмээл хийж эхэлсэнээс хойш унаж буй эзэний нийгмийн байр суурийг илэрхийлж төрөл бүрийн арьс, даавуу, сийлвэр, алт, мөнгө зэрэг үнэт эдлэлээр чимэдэг болжээ. Монголчуудын өвөг дээдсүүд анх эмээлийн эд анги дээр сүүлд дөрөө зохион бүтээсэн нь улмаар Хятадаар дамжаад Европ руу дэлгэрсэн гэж судлаачид үздэг байна.

Орчин үеийн монгол эмээл нэлээд олон янз боловч бүгд өөрсдийн гэсэн хөгжлийн тодорхой үе шаттай хөгжиж иржээ. Үүнээс үндэслэн монгол эмээлийг том хүний, хүүхдийн, залуу буюу эмэгтэй хүний, хурдан морины, орос, казах, цэргийн, үзэмчин эмээл гэх зэргээр ангилдаг.

Том хүний эмээлийн суудал уужим, намхан бүүрэгтэй байх бөгөөд мөнгөн чимэглэл бараг ордоггүй. Залуучууд буюу эмэгтэй хүний эмээл нь хэмжээгээр бага, цомбогор босоодуу бүүрэгтэй, мөнгөн баавар даруулгатай байна. Хүүхдийн ба хурдан морины эмээл нь жижиг, авсаархан нам бүүрэгтэй хөнгөн жинтэй байна.

Эмээлийн яс модыг бүрдүүлж буй бүүрэг нь эмээлийн урд ба хойно байх босоо хэлбэртэй хоёр гозгор хэсэг мод юм. Өмнөх бүүрэг нь өглөөний наран цухуйн мандаж байгаа хэлбэртэй байдаг учир наран бүүрэг, хойд бүүрэг нь яг шинийн саран шиг хэлбэртэй тул саран бүүрэг гэж тус тус нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, урд бүүрэг нэлээн босоо өндөр, хойд бүүрэг нь намхан (налуу) байдаг. Энэ нь хүн эмээл дээр сууж явахад биед эвтэйхэн тохиромжтой байдагтай холбоотой.

Эмээлийн бүүргийг ихэвчлэн тод улаан өнгөөр ямар ч өө сэвгүй жигд будаж гоёдог. Бүүрэгний доод захыг өөр өнгөөр эмжин будвал үзэмжтэй болно.

Монгол эмээлийн хоёр бүүрэгний дээд ирмэг дагуулан хадахад тохируулж, яс, төмөрлөгөөр хийсэн гоёл чимэглэлийн зүйлийг хяр гэнэ. Хярыг бугын эвэр, өнгөлсөн төмөр, ясаар хийж болдог. Гоёлын эмээлийн хярыг хээлсэн буюу хөөмөл хээ гаргасан мөнгө, гууль зэргээр хийдэг. Хярыг ясан болон төмөр хадаасаар хадаж бэхэлнэ. Хярны орчмын модны (бүүрэгний) ирмэгийг мөлгөр болгодог.

Эмээлийн хоёр бүүрэгний доорх олом жирэм, дөрөөний сур, ганзага, угсуурга зэргийг оосорлон тогтоодог хавтгай модыг эмээлийн хавтас гэнэ. Үүний доторх ирмэгүүдийг сайн налуу болгох нь малын нурууг нухаж гэмтээхээс хамгаална. Эмээлийн бүүрэг, хавтасны доод хөндийг эмээлийн хонх гэж нэрлэнэ.

Эмээлийн хавтасны дөрвөн үзүүрийн хавтгайг нүхэлж, зөөлөн элдсэн нарийн сурыг сүвлэж тогтоосон оосрыг эмээлийн ганзага гэнэ. Ганзагыг 50см-60см урт, 0.5см өргөн, 0.3см-0.4см зузаан сураар хийнэ. Ганзага нь морины жолоог сойх, чөдөр, тушаа, ташуур, ачаа бараа зэргийг бэхлэх, даруулахад зориулагддаг.

Эмээлийн хавтасны дөрвөн үзүүр хавийн чимэглэлийг баавар гэнэ. Баавар ямар ч хэлбэртэй байж болдог. Баавраар сагалдраганы бэхэлгээг далдлан даруулна.

Эмээлийн модон суудлыг зөөллөх зорилгоор хийсэн нимгэн эсгий болон цэмбэн жийрэг бүрээсийг олонцог гэнэ. Олонцогны урт, өргөн нь эмээлийн суудал модонд яг таарсан байх шаардлагатай. Түүнийг дөрвөн ширхэг даруулга буюу баавраар яс модонд тогтооно. Олонцгийг зузаан хийвэл суудал нь багасаж, хүн чөлөөтэй сууж явах боломжгүй болох тул эмээлэндээ тохируулж хийх нь чухал. Олонцогийг тод өнгийн, бат бөх материалаар хийнэ.

Дөрөөний сур, гархи, эмээлийн хавтас нь хүний биеийг холгох, хувцсыг элээхээс хамгаалах зорилгоор хийгдсэн бөгөөд энэхүү жижиг гөлмийг эмээлийн дэвс гэнэ. Дэвсийг эмээлийн гөлөмний адил булигаар, хивс, шир, зузаан даавуун материалаар хээлж хийдэг.

Дэвс нь эмээл талдаа 12см- 13см, дөрөө талдаа 15см орчим өргөн, хоёр ширхэг байх бөгөөд түүнийг эмээлийн модон дээр, олонцгийн дор бөгтөргөн тавьж хадаж тогтооно.

Морины гэдсийг дөрөөний сур, дөрөө холгох, морь унаачийн гутлыг морины хөлснөөс хамгаалах зориулалттай том хэмжээтэй булигаар, хивс, шир зэрэг эдээр хийсэн халхавчийг гөлөм гэнэ. Гөлөм нь 60см-70см орчим урт, дээд талаараа 40см, доод талаараа 30см өргөн байдаг.

Эрэгтэй хүний эмээлийн хавтасны урт 45, өргөн 13, хойд бүүргийн өндөр 10, урд бүүргийн өндөр 13 сантиметр байдаг бол эмэгтэй хүний эмээлийн хавтасны урт 35, өргөн 11, хойд бүүрэг 9, урд бүүрэг 14-15 сантиметр байдаг. Хүүхдийн эмээлийн хавтас 32, өргөн 11, хойд бүүрэг  9, урд бүүргийн 11 сантиметр байвал тохиромжтой. Мохоо өнцөгтэй, дөрвөлжин хэлбэртэй, дөрвөн талын голоор нь хотгор эсгэж битүү оёод, доод хэсэгт нь ам гарган дотор нь эсгий, унгас хийж өгсөн зөөлөвчийг мааюуз гэнэ. Үүнийг эмээлийн суудалд олонцог дээр тавьж голоор нь хавтас модтой бэхлэн тогтооно. Морины гэдсэн доогуур оруулан, зөв талын жирэмд горхилон хийж, эмээл тогтоох хошлон оосрыг олом гэнэ. Ихэвчлэн хялгасаар томж, сүлжиж хийнэ. Эмээлийн олмыг гогцоонд нь оруулж чангалдаг гөрмөл сурыг жирэм гэнэ. Нарийн сурыг дөрвөөр сүлжиж хийдэг. Урд ба хойд жирэм гэж бий. Урд жирэм нь 40см, хойд жирэм нь 50см орчим урт байна. Олом, жирэм нь морины гэдэс, хэвлийг холгохгүйгээр овгор товгоргүй, өө сэвгүй, жигд байх шаардлагатай. Үгүй бол морины гэдэс, хэвэл холгогдож олойртоно. Эмээлийн даралтыг бууруулах, зөөллөх зориулалттай эсгий хэрэглэлийг тохом гэнэ. Морины нурууг холгохоос сэргийлэн хэрэглэдэг.

Морь малд мордох, унаж явахад хөлөө тавих зориулалттай эмээл, тохошны нэгэн эдлэлийг дөрөө гэнэ. Үүнийг оломтой сураар эмээлэнд бэхэлнэ. Олмыг ашиглан дөрөөг урт, богино болгож сунгаж болдог байна.

Эмээлийн олонцогийг тогтоох товчин тоногийг эмээлийн даруулга гэнэ. Эмээлийн бүүрэг, хавтасны дунд байрлах жижиг дөрвөлжин модыг эмээлийн загас гэнэ.

Эмээлийн хоёр бүүрэгний дунд талын хүн суух хэсгийг эмээлийн суудал гэнэ.

Монголчууд эмээлийн хонхыг дээш нь харуулж тавихыг төдийлөн таалдаггүй. Хойд бүүрэг дээр нь босгож тавих юм уу доош харуулан гөлмийг дээр нь тохон эвхэж тавьдаг. Эмээл дэрлэж унтахыг цээрлэнэ. Зөрчвөл есөн ес наян нэгэн муу ёрд унана гэдэг. Шинэ эмээлийг моринд анх тохоход эцэг хүн юм уу ахмад хүн эхэлж суудаг. Морио эмээллэчихээд уналгүйгээр эмээлээ авахыг цээрлэнэ. Зөрчвөл унаа эзэнгүйрэхийг ёрлов хэмээдэг тул заавал мордож ёс хийсний дараа эмээлээ авдаг заншилтай.

 Commons: Эмээл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан