Эрх зүйн философи
Хүн төрөлхтөн өөр хоорондын харилцааг зохицуулах хамгийн зохистой арга, хэлбэрийг эрж хайх эргэцүүллийн үр дүнд эрх зүй бий болсон бөгөөд эрх зүйн хөгжлийн явцад ямар эрх зүйг хамгийн зөв, шударга гэж үзэх вэ? гэсэн эрх зүйн сэтгэлгээний үр дүнд эрх зүйн философи үүсжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эрх зүйн санаа нь философи болон хөгжихөд эртний Грекийн сэтгэгчид ихээхэн хувь нэмэр оруулсан. Эрх зүйн философийг үндэслэгчид нь нэрт сэтгэгч Сократ, Платон, Аристотель нар юм.
Эрх зүйн философийн сэтгэлгээ нь НТӨ V зууны дунд үеэс хөгжиж байсан түүхэн уламжлалтай. Харин Эрх зүйн философи гэсэн нэр томьёо нь ХVIII зууны сүүлчээр үүсэж, энэ үеэс шинжлэх ухааны бие даасан судлагдахуун болж өнөөг хүртэл хөгжиж байна. Германы хуульч Густав Гуго нь “эрхийн тухай сургаалын философийн хэсэг” гэсэн утгаар ”Эрх зүйн философи”-ийн нэр томьёог анхлан бий болгосон гэж үздэг байна.
Зорилго чиглэл
[засварлах | кодоор засварлах]Эрх зүйн философийн үндсэн зорилго нь эрх зүйд үнэний хайгуул хийх явдал юм.
Хүсэл зориг ба Ашиг сонирхол
[засварлах | кодоор засварлах]Германы сонгодог философийг үндэслэгч И.Кант: “Хүний хүсэл зориг нь эерэг, сөрөг гэсэн хоёрдмол шинжийг агуулж байдаг. Хүсэл зоригийн эерэг тал нь ёс суртахуунд захирагдаж байдаг бол, сөрөг тал нь дур зоргод захирагддаг” гэжээ. Хүсэл зоригийн сөрөг шинж нь хувийн ашиг сонирхлыг дээдлэх, амин хувиа хичээх гэсэн аминч үзлээр илэрдэг. Гэвч объектив бодит байдалд нийтийн ашиг сонирхлыг дээдлэхгүйгээр хүн өөрийгөө ахуйд хадгалах боломжгүй юм.
Хүний объектив, субьектив байдал нь хоорондоо зөрчилдөж байдаг байна. Хүний хүсэл зориг нь гадаад ертөнцөд буюу нийгмийн харилцаанд ашиг сонирхлоор илэрдэг. Ашиг сонирхол нь хүний үйлдэл, объектив зүй тогтлын хоорондын харилцаа холбоогоор илэрдэг нийгэм, хууль зүйн үндсэн категори юм. Ашиг сонирхол нь субъектийн үйл ажиллагааг чиглүүлж, хүний зан үйл, үйлдлийн шалтгааныг тодорхойлдог байна.
Ном товхимол
[засварлах | кодоор засварлах]Хууль зүйн яам, Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төсөл, Эрх зүйн философи, гарын авлага, УБ 2013