Юрий Ушаков
Юрий Ушаков (орос. Ю́рий Ви́кторович Ушако́в, 1947 оны 3-р сарын 13-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн) —оросын дипломат, төрийн зүтгэлтэн. 2012 оны 5-р сараас хойш ОХУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын туслах.
Тэрээр 1996-1998 онд ОХУ-аас Европын Аюулгүй Байдал Хамтын Ажилагааны Байгууллага (товч. ЕАБХАБ) -д суугаа Байнгын төлөөлөгч, 1998-1999 онд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд, 1998-2008 онд ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд, 2008-2012 онд ОХУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Ю.Ушаков түүхийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн (Ph.D).
Намтар
[засварлах | кодоор засварлах]1970 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилд орсон. Мөн онд түүнийг Дани дахь Зөвлөлтийн Элчин сайдын яаманд томилогдсон. Москвад буцаж ирээд тэрээр Скандинавын орнуудын хэлтэс, ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт ажиллаж байсан. Тэрээр ЗХУ-ын Гадаад хэргийн яамны дэрэдэх Дипломатын академид ахисан түвшний сургалтанд хамрагдаж, "Умард Европын орнуудын гадаад бодлого" сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
1986-1992 онд - Дани дахь ЗХУ-ын дараа нь ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөхөөр ажилласан.
1992-1996 онд - ОХУ-ын Гадаад хэргийн яамны Бүх Европын хамтын ажиллагааны газрын захирал байхдаа ЕАБХАБ, Европын Холбоо, НАТО, Европын зөвлөл, Европын бүс нутгийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах асуудал эрхэлж байсан.
1996 оны 5-р сарын 13-наас 1998 оны 1-р сарын 6-ны өдөр хүртэл - Австри улсын Вена хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад (ЕАБХАБ) суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгч.
1998 оны 1-р сарын 28-аас 1999 оны 3-р сарын 2-ны өдөр хүртэл - ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд. НҮБ-тай харилцах асуудал, хууль эрх зүй, хүмүүнлэгийн асуудалд хяналт тавьж ажилласан.
1998 оны 12-р сарын 16-аас 2008 оны 5-р сарын 31 хүртэл - ОХУ-аас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, мөн энэ хугацаанд Америкийн Улсуудын Байгууллага дахь Оросын Байнгын ажиглагчаар ажилласан.
2008 оны 5-р сарын 31-ээс 2012 оны 5-р сар хүртэл ОХУ-ын Засгийн газрын ХЭГ-ын орлогч дарга.
2012 оны 5-р сарын 22-ноос -ОХУ-ын Ерөнхийлөгчийн Засаг захиргаанд Гадаад бодлогын асуудлын туслахаар ажиллаж байна.
2022 оны 2-р сард тэрээр Орос Украин руу довтлохоор төлөвлөж байна гэсэн АНУ-ын анхааруулгыг үгүйсгэж, "Тэд яагаад Оросын санаа зорилгын талаар илт худал мэдээлэл тарааж байгааг бид ойлгохгүй байна" гэж тэрээр мэдэгдэж байсан юм.
2024 оны 5-р сарын 14-нд Ерөнхийлөгч Владимир Путин Юрий Ушаковыг дахин ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслахаар томилсон байна.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Юрий Ушаковын эхнэр 1982 онд Крымд төрсөн Ольга Викторона Ушакова, бөгөөд насанд хүрсэн охинтой. Тэрээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2018 онд 8,736,043 рублийн орлого олсон бол эхнэр нь мөн хугацаанд 214,527 рублийн орлоготой байсан гэдэг. 2022 онд "Метла" хэвлэлд явуулсан судалгаагаар Ушаковын гэр бүл 700 сая гаруй рублийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг болохыг тогтоожээ. Нэмж дурдахад Юрий Ушаков англи, дани хэлээр чөлөөтэй ярьдаг байна.