Янгалагийн Шуурав
МУ-ын гавьяат багш, инженер-эдийн засагч.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]1950 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд ард Янгалаг, Довуш нарын 5 дахь хүүхэд болон мэндэлжээ. Монголууд (Моолдар) овогтой, тува ястан.
Цасаар шуурсан хүйтэн өдөр мэндэлсэн тул Шуургач гэж нэр өгчээ. Хожим нь бага сургуульд элсэхэд нь “Шуурав” хэмээн бичсэнээр албан ёсоор ийм нэртэй болжээ. Тува ястнууд үр хүүхэддээ энгийн, ахуйн шинжтэй болон байгалийн үзэгдэл, юмсын холбогдолтой нэр өгдөг, "хаад, ноёд, бурхан шүтээн, уул, гол нурууны нэрийг хүндэднэ" гэж үзээд хүүхэддээ өгдөггүй уламжлалтай. Энэ уламжлал өнөө цагт суларч, чихэнд чимэгтэй монгол нэрийг эрхэмлэх болжээ.
1959-1963 онд Цэнгэл сумын бага сургуульд суралцаж, онц дүнтэй төгсжээ. Бага сургуульд орохдоо арифметикийн нэмэх, хасах үйлдлийг 100 дотор цээжээр боддог, ном, сонины нэр, гарчигийг уншиж чаддаг байсан нь дөрвөн жил "онц" сурахын үндэс байв. Түүний энэ амжилтыг үнэлсэн нэгэн явдал 3 дугаар ангид сурч байхад болжээ. Тодруулбал сумын хүндэт самбарт аав Янгалагийнхаа зурагтай зэрэгцэн зураг нь тавигджээ. Энэ нь түүний хувьд амьдралд томоохон урам зоргийг өгсөн явдал болсон. Үүнээс нэг жилийн дараа 4 дүгээр ангийн төгсөлтийн тооны шалгалтын материалыг багш нь самбарт бичээд дуусахтай зэрэгцэн бодчихоод гарах гэтэл аймгийн төвөөс хянагчаар ирсэн комиссын ажилтан С.Соян хэмээх казах гайхаж, шалгалтын материалыг авч үзээд, гайхаж хоцорчээ.
1963-1969 онд Өлгий хотын 10 жилийн II дунд сургуульд суралцаж, “Сайн” дүнтэй төгссөн. Түүний ангиас 4 хүүхэд сайн суралцаж, бусад нь дунд болон түүнээс бага үнэлгээтэй сургуулиа дүүргэжээ.
1969 онд гадаадад сурах хүүхдүүд нийслэлд, дотоодын их, дээд сургуульд хуваарилагдсан нь орон нутагтаа уралдаант шалгалт (конкурс) өгчээ. Тус онд конкурсыг улсын хэмжээнд анх удаа зохион явуулсан жил байв. Түүний ангиас П.Хөхөө гадаадын хуваарь авч, үлдсэн хүүхдүүд дотоодын их, дээд сургуульд хуваарилагдаж, уралдаант шалгалтанд оржээ. Шалгалтад аймгийн төвийн хоёр бүрэн дунд сургуулиас 100 гаруй хүүхэд орсоны 28 нь монгол хэлний сургалттай II сургуулийнх байв. Эдийн засгийн чиглэлээр сурах хүүхдүүд математик, орос хэл, эдийн засгийн газар зүйгээр шалгалт өгчээ. Тэрээр I сургуулийн 2 казах сурагчтай өрсөлдөж, шалгараад МУИС-д элсжээ.
Конкурс буюу уралдаант шалгалтыг тухайн үеийн үнэлгээний систем болох 5 баллын үнэлгээгээр дүгнэсэн бөгөөд Я.Шуурав, Б.Жекей хоёр 14 оноо авч аймагтаа тэргүүлж, бусад сурагчид 14-өөс доош оноо авч сургуульдаа элсжээ.
Идэр нас, хөдөлмөрийн гараа
[засварлах | кодоор засварлах]1974 онд МУИС-ийг “Инженер-эдийн засагч” цол, “Аж үйлдвэрийн эдийн засаг, зохион байгуулалт” мэргэжлээр “Онц сайн” үнэлгээтэй, улаан дипломой төгссөн. Тэр жил МУИС-ийг төгсөгчдөөс 15 хүн улаан дипломтой төгссөн бөгөөд тэдний дипломыг ректор, академич Н.Содном биечлэн гардуулж тусгайлан баяр хүргэжээ. 1974 оны 7 дугаар сарын 1-ний өдөр сургуулийн ректорын тушаалаар МУИС-ийн Инженер-эдийн засгийн факультетийн Үйлдвэр, барилга, тээврийн эдийн засаг, зохион байгуулалтын тэнхимд багшаар томилогдсоноор ажил, амьдралын гараа нь эхэлжээ. Уг ажлаас гадна:
- МАН (МАХН)-ын Бага хурлын гишүүнээр ХХ их хурлаас эхлэн 3 удаа,
- МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 1 удаа сонгогдож,
- ММХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ЕНБ-ийн даргаар 1991-2020 онд,
- МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтэн мэргэжилтний зөвлөлийн гишүүнээр 1997-2005, 2005-2009 онуудад тус тус ажиллажээ.
Удирдлагын академийн Удирдахуйн ухаан, менежмент, үйлдвэрлэл-технологийн менежментийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүнээр 1999-2008, 2013-2015, 2020-2021 онуудад ажилласан байна. Энэ хугацаанд гадаад (БНХАУ), дотоодын 13 иргэний судалгааны ажлыг удирдаж доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулснаас 6 хүн төрөлх Академидаа ажиллаж байна. Үүнд:
- Д.Сүрэнчимэг (захирал),
- Б.Баясгалан (дэд захирал),
- Д.Ганбаатар (профессор),
- Л.Отгонтуяа (профессор),
- П.Оюун-Эрдэнэ (дэд профессор),
- М.Мөнхболд (профессор, ажиллаж байсан) нар болно. Эдгээр багш нараас гадна Я.Бямбасүрэн, Б.Хэрлэн нарын магистрын ажлыг удирдсаны дээр М.Мөнхбаяр, С.Мөнхнаран нарыг дагалдуулан сургаж багш болгожээ.
Гавъяа, шагнал
[засварлах | кодоор засварлах]Улсын байгууллагад 48 жил ажилласан хугацаандаа эрдмийн болон төрийн цол, одон, ЗГ-ын шагнал тэргүүний ажилтан цол, тэмдэг, нам, төрийн бус байгууллагын шагнал, тэмдэг, хүндэт иргэн цолоор шагнагдсан байна. Үүнд:
- 1992 онд Дэд профессор цолоор(Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн шийдвэрээр),
- 1999 онд Удирдлагын академийн профессор цолоор(Академийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр, анхны профессор),
- 2004 онд Монгол Улсын Гавьяат багш цолоор(Ерөнхийлөгчийн зарлигаар, хавсралтаас үзнэ үү). Энэ цолонд захиргааны саналаар биш хамт олны гишүүдийн санаачлагаар нэр дэвшсэн онцлогтой.
- 2015 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүндэт иргэн,
- Алтан гадас одон, ардын хувьсгалын болон Их Монгол улсын ойн медалиуд,
- Монгол улсын ЗГ-ын шагнал болох Ардын боловсрол, Төрийн алба, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэг (1992, 2002, 2008),
- МАН (МАХН)-ын Эх орны төлөө одон, хүндэт тэмдэг, бусад нам, ТББ-уудын шагналуудаар тус тус шагнагджээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]1981 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас гаралтай Төв аймгийн Заамар сумын харьяат З.Сэржхүүтэй гэр бүл болж 3 хүүхдийн эцэг, эх болжээ. Гэргий З.Сэржхүү нь малчин гаралтай, техникийн тусгай дунд боловсролтой, эрчим хүчний мэргэжилтэй хүн. Тэрээр төрийн захиргааны анхан шатны байгууллагад тасралтгүй 30 гаруй жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.