Jump to content

Үхлийн тоглолт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Киевт болсон хөлбөмбөгийн тоглолтын түүхэн зар, 1942 оны наймдугаар сарын 9

Үхлийн тоглолт (Орос: Матч смерти, Герман: Todesspiel, Украин: Матч смерті) - 1942 оны зун фашистын булаан эзлэгчдэд эзлэгдсэн Украины нийслэл Киев хотод Германы болон Украины багуудын хооронд өрнөсөн хөлбөмбөгийн тоглолт. Тухайн тоглолтод хожигдоогүй учир хэсэг хугацааны дараа булаан эзлэгч германчууд Украины багийн ихэнх тоглогчдыг үл ялих шалтгаанаар концлагерьт хорьж, заримыг нь буудан хороосон гэх яриаЗөвлөлт Холбоот Улсад нь ихээхэн түгсэн байдаг. Гэвч энэхүү хувилбар буруу байсан гэдгийг 1991 оны сүүлээр ЗХУ-ыг задарсны дараа украины тухайн үеийн тоглолтыг үзсэн амьд гэрч болон түүхчид тогтоосон байдаг.

Хэдийгээр Украины багийн тоглогчдын хэдхэн нь л Киевийн "Динамо" багийн тоглогчид байсан (жишээ нь Фёдор Тютчев нь тухайн үеийн ЦДКА буюу одоогийн ЦСКА багийн довтлогч байв) боловч Киевийн "Динамо" баг Германы булаан эзлэгчидтэй өөрийн багийн нэр төр, эх оронч үзэл, дарлагдан доромжлогдсон ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлэлгүй, дарамт заналхийллээс айлгүй домогт ялалт байгуулсан гэж хөл бөмбөгийн буурал түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Эзлэгдсэн Киев хотын "Динамо" багийн хөл бөмбөгчдийн тухай

[засварлах | кодоор засварлах]

1941 оны 6 сарын 22-нд Герман Улс харилцан үл довтлох гэрээгээ зөрчин Зөвлөлт Холбоот Улс руу халдан довтолсонтой зэрэгцэн Киевийн "Динамо" багийн хэсэг тоглогчид (Клименко, Кузьменко, Трусевич, Комаров, Путистин нар) Улаан Армид сайн дураараа элсэж (Киевийн хориглолтын батальонд хуваарилагдсан), зарим нь (Шиловский, Виньковатов, Лерман, Н. Балакин, Глазков, Гребер, К. Фомин нар) нүүлгэн шилжүүлэлтийн явцад Киевийг орхисон. Киевийг эзлэгдэхийн өмнөхөн арай хийн амжиж сүүлчийн галт тэргээр Афанасьев Москва руу, Лившиц, Махиня, Лайко, Онищенко нар тодорхойгүй чигт хотыг орхин гарчээ.

Дайны өмнө багийн цэргийн зөвлөх явсан Щегоцкий 1941 оны 9 сард ухарч яваа цэргийн анги, нэгтгэлүүдийн хамт Киевийг орхижээ.

Түүнээс гадна тухайн үеийн "Динамо" багт 1940, 1941 онуудад гаднаас ирсэн хөл бөмбөгчид болох Скоцень, Горенштейн, Габер, Гурский, Газда, 1974 оны хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ)-д 3-р байр, 1978 оны ДАШТ-д 5-р байр эзэлсэн Польшийн шигшээ багийн ирээдүйн дасгалжуулагч Едынак, Польшийн шигшээ багийн ахлагч асан Михал Матыас нар ч тоглодог байжээ. Дайн эхэлсний дараа тэднийг урван тэрсэлж магадгүй хэмээн болгоомжилж цэнгэлдэхийн нийтийн байранд хорьж байсан бөгөөд эцсийн эцэст Днепропетровск хотод Днепр мөрнөөр хүргэж өгчээ. Эдгээр хөл бөмбөгчид германчуудыг иртэл тэндээ байрлаж байгаад арга заль хэрэглэн Львов хот хүрсэн байна.

Улаан Армид элссэн тамирчид маань (Клименко, Кузьменко, Трусевич, Комаров, Путистин нар) олзлогдсон бөгөөд зарим нэг баримтаар Трусевич, Кузьменко нар шархадсан[1] гэсэн мэдээ байдаг. Тэднийг Боярскийн цэргийн олзлогдогсдын лагерьт хоригдож байгааг анх Киевийн биеийн тамирын дугуйлангийн дасгалжуулагч Дубянский, Киевийн Их Сургуулийн профессор, «Нове українське слово» сонины редактор К.Штеппа нар олж мэджээ. Тэд Киев хотын хөл бөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэхээр концлагерьт хоригдож байгаа Украины шилдэг тоглогчдыг суллуулахаар хотын захирагч Александр Оглоблинд хүсэлт тавин захидал бичжээ. Захидалд Кузьменко, Трусевич, Клименко, Коротких, Балакин, Щегоцкий (Щегоцкийг Киевийг орхин явсан гэдгийг хүсэлт гаргачид мэдээгүй), Шацкий, Сухарев нарын 8 тамирчныг суллуулахаар жагсаажээ. Удалгүй олзлогдогсдыг германчуудад таатай ханддаг хэмээн сэжигтэн этгээдүүдийн 4-р жагсаалтад багтаан суллажээ[2].

Түүнчлэн эзлэгдсэн Киев хотод байсан Свиридовский, Тютчев, Путистин, Голимбиевский, Гундарев, Комаров, Чернега, Ткаченко, Мельник нар тэдэнтэй нэгдсэн байна.


"Старт" багийг үүсгэн байгуулсан нь

[засварлах | кодоор засварлах]

3-р Рейхын засаглал Украинд тогтсоноос хойш Киев хотын урлаг, соёлын амьдрал дахин сэргэж дуурийн театр нээгдэж, кинотеатрууд ажиллаж, концертууд тавигдсанаас гадна спортын арга хэмжээ зохиогдох нөхцөл бүрдсэн байна.

Үүний үр дүнд хөлбөмбөгийн багууд шинээр байгуулагдсаны нэг нь дайны өмнө Киевт амьдарч байсан моравийн чех Иосиф (Йозеф) Иванович (Иоганович) Кордич захиралтай "Старт" баг байлаа. Германчууд түүнийг "фольксдойче" ангилалд багтаан талхны үйлдвэрийн захирлаар томилжээ. Төдөлгүй Кордич "Евбаз" дээр (одоогийн Киев хотын Ялалтын талбай дээр байрлаж байсан еврейчүүдийн зах) гар хийцийн асаагуур худалдаж байсан Трусевичтэй таарч багт нь орох талаар санал тавьжээ. Трусевич нь нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтойг нь харгалзан "Старт" багийн бүрэлдэхүүнд багтан, талхны үйлдвэрт ажилд орохыг зөвшөөрчээ.

Хэсэг хугацааны дараа Трусевичийн тусламжтайгаар Гончаренко, Тютчев, Кузьменко, Комаров, Путистин, Клименко, Свиридовский, Балакин[3] нарын Киевийн хөл бөмбөгчид талхны үйлдвэрт ажилчнаар орсон байна.

1942 оны 5 сарын 27-нд талхны үйлдвэрийн гүйцэтгэх захирал Чебанюк хотын удирдлагын спортын хэлтэст тус үйлдвэрийн хөлбөмбөгийн шинэ багийг бүртгэн авахыг хүссэн өргөдөл гаргажээ. Энэ мөчөөс эхлэн "Старт" баг албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн захирал Кордич багийн бүрэлдэхүүнийг долоо хоногт 2 удаа "Зенит" цэнгэлдэх хүрээлэнд (Керосинная гудамж,24) бэлтгэл хийх бололцоог гарган өгчээ.

Үйлдвэрийн 9 ажилчин - хөлбөмбөгчид дээр Михаил Мельник, Николай Коротких (хоёулаа хотын захиргааны гал тогоонд тогооч байсан), Юрий Чернега (хотын захиргааны хамгаалалтын албанд ажиллаж байсан), Лев Гундарев, Александр Ткаченко, Георгий Тимофеев (бүгд цагдаагийн газар ажиллаж байсан), Василий Сухарев нар багийн бүрэлдэхүүнд багтжээ. Хамгийн залуу нь 27 настай М.Мельник, хамгийн ахмад нь 35 настай Ф.Тютчев байсан бөгөөд Михаил Свиридовскийг багийн ахлагчаар сонгожээ.

1941 оны Зөвлөлт Холбоот Улсын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Киевийн "Динамо" багийн бүрэлдэхүүнд багтан оролцсон тамирчдаас Трусевич, Клименко, Комаров нарын 3 тоглогч л "Старт" багийн бүрэлдэхүүнд багтаж байсныг онцлох хэрэгтэй. Гундарев, Мельник хоёр 1940 онд Киевийн "Локомотив" багт, 1941 онд Киевийн "Динамо" багт ирсэн боловч нэг ч тоглолтод оролцоогүй. Гончаренко дайны өмнө Одессын "Спартак" багт, Балакин, Сухарев хоёр Киевийн "Локомотив" багт, үлдсэн нь Киевийн "Рот фронт" багт тус тус хүчин зүтгэдэг байв. Путистин, Свиридовский хоёр дайны өмнө хөл бөмбөг тоглодоггүй, дасгалжуулдаг л байжээ.

1942 оны 6 сарын 4-нд талхны үйлдвэрийн захиргаанаас өөрийн багт зориулан хотын удирдлагын спортын хэлтэст хөл бөмбөгийн гутал, шорт, футболка, өвдгөвч, гидр, бөмбөг, хаалганы тор зэрэг хэрэглэлүүдээр хангах хүсэлт гаргасныг хөл бөмбөгийн гутал, шорт 2-оос бусдыг нь 6 сарын 19-нд олгожээ[3]. Футболка нь улаан өнгөтөй байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Талхны үйлдвэрийн багтай зэрэгцэн Киевийн "Желдор" багийн тоглогч асан Георгий Дмитриевич Швецов хөлбөмбөгийн "Рух" багийг үүсгэн байгуулжээ. Шинэ засаглалын үед тэрээр германчуудад үйлчлэн, "Нове українське слово" сонинд Штеппын хамт ажилладаг байлаа. Трусевич болон Киевийн "Динамо" багийн экс тоглогчдыг Швецов өөрийн "Рух" багт урьсан боловч ихэнхи нь татгалзжээ. Үүний үр дүнд "Рух" багийг төрийн байгууллагын алба хаагчид, үйлдвэрийн ажилчид бүрдүүлж байсан бөгөөд зарим тохиолдолд талхны үйлдвэрийн багаас "Рух" багт зөвхөн Гундарев, "Динамо"-гийн экс тоглогч Николай Голембиовский нар л тоглодог байв.

Тухайн үеийн Украины хөл бөмбөгийн лиг болон Киев хотод хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулахыг Швецов л санаачилсан баримтууд бий. Түүний саналаар Штеппа нь дайны өмнө Хрущёвын нэрэмжит байсан цэнгэлдэх хүрээлэнгийн нэрийг хотын удирдлагын удирдах албан тушаалтан Леонтий Форостовскийн дэмжлэгтэйгээр өөрчлүүлж чадав. 1942 оны 7 сарын 12-нд шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ажиллагаанд зориулан явагдсан анхны тоглолтод "Рух" баг германы цэргийн ангийн "DV" багийг хожжээ.

1942 оны 6 сарын эхээр Киев хотод хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулахыг албан ёсоор зөвшөөрсөн байдаг.

Анхны тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]

"Старт" баг анхны тоглолтоо 1942 оны 6 сарын 7-ны ням гарагийн 17 цаг 30 минутад "Спортын Ордон"-ы (эдүгээгийн "Олимпын" цэнгэлдэх хүрээлэн тухайн үед ийм нэртэй байв) цэнгэлдэх хүрээлэнд "Рух" багтай хийж 7:2 харьцаатай хожжээ.

"Старт" багийн бусад тоглолтууд "Зенит" цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тасалбарын үнэ 5 карбованц (тухайн үеийн Украины мөнгөн дэвсгэрт бөгөөд 1942 оны 7 сарын 6-25 хооронд рублийг карбованцаар сольсон)[4] байлаа.

  • 6 сарын 21-нд "Старт" - Унгарын гарнизоны шигшээ баг - 6:2
    • "Старт" багийн бүрэлдэхүүнд: Трусевич, Клименко, Сухарев, Балакин, Путистин, Гончаренко, Чернега, Комаров, Коротких, Кузьменко, Сотник, Ткаченко, Свиридовский.
  • 6 сарын 28-нд "Старт" - Германы артиллерийн ангийн шигшээ баг - 7:1
    • "Старт" багийн бүрэлдэхүүнд: Трусевич, Клименко, Сухарев, Балакин, Путистин, Гончаренко, Чернега, Комаров, Коротких, Кузьменко, Сотник, Ткаченко, Свиридовский.
  • 7 сарын 5-нд "Старт" - "Спорт" баг (Украины спортын холбооны шигшээ баг) - 8:2
    • "Старт" багийн бүрэлдэхүүнд: Трусевич, Клименко, Свиридовский, Балакин, Сухарев, Ткаченко, Гончаренко, Чернега, Комаров, Коротких, Путистин, Кузьменко, Сотник, Тютчев.
    • "Спорт" багийн бүрэлдэхүүнд: Голембиовский, Ткаченко А., Купь, Рожков, Пенкин, Пичугин, Портнов, Гундарев, Дубовик, Южда, Китасов, Стаднис, Ногачевский.
  • 7 сарын 17-нд "Старт" - "RSG" баг (Германы төмөр замын анги, нэгтгэлүүдийн шигшээ баг) - 6:0
    • "Старт" багийн бүрэлдэхүүнд: Трусевич, Клименко, Свиридовский, Сухарев, Балакин, Ткаченко, Гончаренко, Чернега, Комаров, Коротких, Путистин, Тимофеев.
  • 7 сарын 19-нд "Старт" - "MSG.Wal." баг (Унгарын цэргийн ангиийн шигшээ баг) - 5:1
    • "Старт" багийн бүрэлдэхүүнд: Трусевич, Клименко, Свиридовский, Сухарев, Балакин, Ткаченко, Гончаренко, Чернега, Комаров, Коротких, Путистин, Тимофеев.
  • 7 сарын 26-нд "Старт" - цэргийн "GK SZERO" баг (Унгарын цэргийн анги, нэгтгэлүүдийн шигшээ баг) - 3:2
    • "Старт" багийн бүрэлдэхүүнд: Трусевич, Клименко, Свиридовский, Сухарев, Балакин, Путистин, Гончаренко, Чернега, Комаров, Коротких, Тимофеев, Кузьменко.

Бараг бүх тоглолтыг хэнээс ч хараат бус, шударга шүүлтийг явуулдаг обер-лейтенант Эрвин шүүжээ.

1942 оны 8 сарын 6-нд Украин дахь Германы агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах анги, нэгтгэлүүдийн офицер, дайчдаас бүрдүүлсэн шигшээ баг болох "Flakelf" Зөвлөлтийн хөлбөмбөгчдийн эсрэг анхны тоглолтоо хийж "Старт" баг 5:1 харьцаатай хожжээ.

"Старт" багийн бүрэлдэхүүнд: Трусевич, Клименко, Свиридовский, Сухарев, Балакин, Тютчев, Гончаренко, Чернега, Комаров, Коротких, Путистин, Тимофеев, Мельник.

1942 оны 8 сарын 9-ний тоглолт

[засварлах | кодоор засварлах]

3 хоногийн дараа германчууд хариу тоглолтод нилээн хүч нэмэгдүүлсэн бүрэлдэхүүнтэй оролцов. Германчууд: "Хайл" гэж, киевчүүд: "Биеийн тамир мандтугай" гэж тус тус мэндчилэв.

"Старт" багийн бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Түүхт энэ тоглолтод оролцсон багийн бүрэлдэхүүнд: Николай Трусевич, Алексей Клименко, Михаил Свиридовский, Василий Сухарев, Владимир Балакин, Лев Гундарев, Макар Гончаренко, Юрий Чернега, Павел Комаров, Николай Коротких, Михаил Путистин, Михаил Мельник, Георгий Тимофеев, Фёдор Тютчев, Иван Кузьменко (тоглолтын зарлалын самбарт нэр нь байгаагүй боловч Гончаренко, Владлен Путистин нарын дурсамжинд тухайн тоглолтод оролцсон хэмээн нэр нь дурсагддаг)

Нэгдүгээр үед тоглолтын анхны гоолыг германчууд оруулсан боловч Иван Кузьменко алсын цохилтоор оноог тэнцүүлж, Макар Гончаренко дубль (нэгийг нь довтолгоогоор, нэгийг нь Кузьменкогийн алсын дамжуулалтаас) хийв[5]. Иван Кузьменкогийн хуучин гэмтэл нь сэдэрсэн тул хоёрдугаар үед тоглолтод оролцоогүй[6].

Хоёрдугаар үе тун ширүүн өрнөсөн бөгөөд германчууд 2 гоол оруулан оноог тэнцүүлсэн боловч эцсийн бүлэгт тоглолт 5:3 харьцаагаар "Старт" багийн давамгайллаар өндөрлөжээ.

Хожим нь тоглолтод оролцсон Украины зарим тоглогчдыг буудан хороосон учраас энэ тоглолтын Зөвлөлт Холбоот Улсад "Үхлийн Тоглолт" хэмээн онцолжээ. Тоглолтын өмнө хувцас солих өрөөнд герман цэргийн дарга (хурандаа цолтой хүн байсан) концлагерьт хорих, буудан хороох зэргээр сүрдүүлэн хожигдохыг шаарджээ.

... хашааны ард, баруун талд нь хувцас солих өрөө байсан. Өрөөнд футболка өмсөж байсан Трусевич, хувцасаа бүрэн өмсөн талх хугалан идэж байсан А.Клименко, өөр нэрийг нь үл мэдэх тамирчин гутлаа үдэж байсан. Бид 4-ийг өрөөнд байж байтал герман цэргийн дарга орж ирэн намайг өрөөнөөс хөөж гаргасан. Дараа нь тэд чухам юу ярилцсаныг би мэдэхгүй.

О. Ясинский[1]

Ямартай ч тоглолтын дараа 2 багийн тоглогчид хамт зургаа авахуулсан байдаг.

8 сарын 9-ний орой тоглолтын дараа "Старт" багийн тоглогчид ялалтаа тэмдэглэн хувцас солих өрөөндөө идэж уужээ.

... хэн нэг хөгжөөн дэмжигч самогон авчирсан. Түүнийг уусны дараа мань хөгжөөн дэмжигч биднийг гэртээ урьж бид удтал суун ярилцаж, уусан. Харихдаа еврейчүүдийн захаар ("Евбаз") дайран өнгөрсөн. Хэнд маань ч мөнгө байгаагүй. Паша Комаров наймаачидтай ярилцан (өрийн дэвтэртээ биччих хэмээн) намайг пирожкигоор дайлсан. "Ударник" кинотеатрын дэргэд Алексей Клименко цагдаа нарт баригдсаныг санаж байна. Цагдаа түүнийг заамдаж аван Гестапо хүргэх гэсэн боловч хүчрээгүй. Газар дээр нь буудах гэж байснаа гудамжинд хэтэрхий олон хүнтэй байсан учир чадаагүй. Ингэж Клименко мултарч чадсан[6].

Энэ тоглолтоос хойш Киев хотын захирагч Рогауш (1942 оны 7 сарын сүүлээр томилогдсон) герман, украины багуудын хөл бөмбөгийн тоглолтыг хоригложээ[7].

Тоглолтын дараа

[засварлах | кодоор засварлах]
1942 оны 8 сарын 16-нд болсон «Старт — Рух» багуудын тоглотын сурталчилгааны хуудас

Сүүлчийн тоглолт

[засварлах | кодоор засварлах]

1942 оны 8 сарын 16-нд "Старт" баг "Рух" багтай тоглон 8:0 харьцаагаар хожсон нь тэдний сүүлчийн тоглолт байлаа.

Ер нь "Старт" баг 17 хөлбөмбөгчинтэй байжээ.

Алдарт "Вратарь" уран сайхны киноны (1936 онд дэлгэцэнд гарсан) зураг авалтад тухайн үеийн Киевийн "Динамо" баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Киноны төгсгөлийн хэсэгт Зөвлөлт Холбоот Улсын шигшээ баг "барууны" шигшээ багтай тоглодог хэсэг гардаг. "Баруун"-ы шигшээ багийн бүрэлдэхүүнд "Старт" багийн хөл бөмбөгчид тоглосон байдаг. Энэ нь тэдний цорын ганц дэлгэцэнд хадгалагдан үлдсэн дүрс билээ.

1942 оны 8 сарын 18-ны 10 цагийн үед талхны үйлдвэрт агуулах руу гурил зөөж байсан Н. Трусевич, М. Путистин, И. Кузьменко, А. Клименко, М. Гончаренко, Ф. Тютчев, М. Свиридовский, В. Балакин, П. Комаров нарыг ажлын байран дээр нь баривчилжээ[4]. Баривчлах болсон шалтгааныг тайлбарласан олон таамгууд байдаг[3]:

  • 1944 оны 2 сарын 28-нд М.Свиридовскийн өгсөн мэдүүлгээс: "... биднийг Г.П.Вячкис (Украины усанд сэлэлтийн аварга, германы тагнуулын байгууллага, гестапотой хамтран ажилладаг байсан, "Төмөр загалмай" тэмдгээр шагнуулж явсан, хожим нь германчуудтай хамт зугтсан) барьж өгсөн. "Динамо" багийг Зөвлөлт Холбоот Улсын Дотоод Явдлын Ардын Комиссариат (НКВД-Народный Комиссариат Внутренних Дел) байгуулсан учир зорилго нь тодорхой хэмээн биднийг сөрөх тагнуулчид хэмээн буруутгасан. Баривчлагдсан 8 тамирчнаас "Локомотив" багт тоглож байсан Балакин л суллагдсан. Чернега, Гундарев, Ткаченко нар германчуудын нүдэн дээр ажилладаг байсан учраас баривчлаагүй".
  • 1943 оны 12 сарын 2-нд М.Путистины өгсөн мэдүүлгээс: "... намайг "Динамо" багийн тоглогч байсан учраас 1942 оны 8 сарын 18-нд гестапогийнхан баривчилж 23 хоног хорьсны эцэст Сырецкийн концлагерь руу шилжүүлсэн. Тэнд би 1943 оны 10 сарын 5 хүртэл суусан".
  • М.Гончаренкогийн мэдүүлгээс: "... 1942 оны 8 сарын 18-нд намайг Дотоод Явдлын Ардын Комиссариатын ажилтан гэж Швецовын ("Рух" багийг үүсгэн байгуулагч) ховлолтоор баривчилсан".
  • 1942-1943 онд Киевийн цагдаагийн газар ажиллаж байсан В.Егоровын 1943 оны 11 сарын 28-нд өгсөн мэдүүлгээс: "... туршуул Г.Вячкисын зөөсөн ховын улмаас "Динамо" багийн экс тоглогчдыг баривчилсан тухай би хожим нь мэдсэн. Дараа нь баривчлагдсан тамирчдаас заримыг нь буудаж алсан".
  • Украины 1-р фронтын "СМЕРШ" сөрөх тагнуулын дарга хошууч генерал Осетровын хөлбөмбөгчдийг баривчилсан тухай 1943 оны 11 сарын илтгэх хуудсаас: "... гестапод болон бусад германы тагнуулын байгууллагуудад ажилладаг урвагчид өөрсдийн хүчтэй өрсөлдөгчдөөс ангижрахын тулд "Старт" багт тоглодог хуучин "Динамо" багийн гишүүд бүгд Дотоод Явдлын Ардын Комиссариатын ажилтнууд. Тэд тагнуулын үйл ажиллагаа явуулахын тулд Киевт зориуд үлдсэн хэмээн хов зөөсөн".

Баривчлагдсан тамирчдаас 3 хоногийн дараа Балакиныг л сулласан. Мельник, Сухарев (германчуудтай хамт уурын галт тэргэн дээр ажилладаг байсан учраас[6]) нар гестапогийн хараанд өртөөгүй[8].

Хамгийн сүүлд 1942 оны 9 сарын 6-нд Н.Короткихыг баривчилсан.

Цагдаагийн газар ажиллаж байсан Александр Ткаченког хүртэл баривчилжээ. 1942 оны 9 сарын 8-нд эргэлтээр ирсэн ээжийнхээ нүдэн дээр зугатах оролдлого хийж байгаад буудуулсан байна[8].

Хамгийн эхэнд Коротких амь үрэгдсэн. Германчууд түүнийг Дотоод Явдлын Ардын Комиссариатын офицер байсныг тодруулж (нэгжлэгийн явцад гэрээс нь тусгай албаны хошууч цол бүхий дүрэмт хувцастай зураг олдсон, 1932-1934 онд Иваново хотод ажиллаж байсан, Большевик намын гишүүн байсан зэргийг нь тогтоосон) гестапогийн аймшигт залхаан цээрлүүлэлтээр тагнуулч болохыг нь хүлээлгэсэн байна. Щербачёвын таамгаар залхаан цээрлүүлэн, тамлах явцад тамирчны зүрх зогсож, гестапогийн хонгилд нас барсан гэж үздэг[9].

Бусад хөлбөмбөгчдийг Короленкогийн гудамжны 33-д байрлаж байсан гестапогийн байрны хонгилд ганцаарчлан сар орчим хорьж байгаад 1942 оны 9 сард Сырецкийн концлагерь руу тодорхойгүй хугацаагаар хорихоор шилжүүлсэн. Тэнд М. Путистиныг цахилгаан монтажчинаар, Ф. Тютчев, П. Комаров хоёрыг туслахаар нь, М. Свиридовский, М. Гончаренко хоёрыг гуталчнаар, Н. Трусевич, И. Кузьменко, А. Клименко (хожим нь Ф.Тютчевыг нэмсэн) нарыг ачигчаар тус тус томилсон[3].

Энэ үед фронт дээрх байдал өөрчлөгдөж, Зөвлөлтийн талд ашигтайгаар үйл явц өрнөж эхэлсэн. Германчууд сэтгэл зүйн дарамтад орж эхлэн, хамаагүй догшин ширүүн болж, эмх замбараагүй аллага үйлдэж эхэлснээс 1943 оны өвлийн сүүлчээр хэсэг хөлбөмбөгчид маань буудуулан амь насаа алджээ.

  • Макар Гончаренкогийн ярианаас (Ф.Тютчевийн түүнд ярьсан түүх)[7]:

... хуучин Владимирскийн гудамжны 33-д байрлаж байсан Дотоод Явдлын Ардын Комиссариатын байрны подвал нурсан байсныг цэвэрлэхийн тулд гестапо Сырецкийн концлагерийн хоригдлуудаас 3 бригадыг бүрдүүлж авчирсан. Нэг бригад нь (Трусевич, Тютчев, Клименко, Кузьменко нараас бүрдсэн) нурсан барилгаас түлээг ялгаж талхны үйлдвэр рүү, нөгөөх нь махны үйлдвэр рүү, гурав дахь нь гестапо руу хүргэдэг байв. Эхний 2 бригад нь талхыг хиамаар сольцгоодог байв. Сольцгоосон бараагаа нуудаг байсан боловч нэг удаа концлагерийн даргын нохой хиамны үнэр аван үмхээд авсан. Тэгтэл 20-22 насны нэг хоригдол армян эр нохойны хойноос хөөсөн. Чимээ сонссон гестапогийн ажилтан нөгөөх залууг хэрцгийгээр зодож гарсан. Хэд хэдэн хоригдол зодуулж байгаа нөхрөө өмөөрөн гестапогийн офицерийн шинэлийнх нь товчийг тасалтал тэрээр буугаа гарган армян эрийг болон туслахаар ирсэн концлагерийн дарга Радомскийн хамт нөхрөө өмөөрсөн хоригдлуудыг буудан унагасан. Үлдсэн хоригдлуудыг лагерь руу ачаад явсан.

Дайны өмнө хөлбөмбөгийн "Желдор" болон "Рот фронт" багийн тоглогч асан В.Волков[10]:

... манай хөл бөмбөгчдийн хоригдож байсан Сырецкийн концлагерийн хэсэг хоригдлууд траншейны нүх ухаж байлаа. Гэнэт нэгэн рүү нь нохой дайрсанд тэрээр удаан бодолгүй хүрзээр цохиод авсан. Гэтэл тэр нохойны эзэн нь гай болж концлагерийн дарга Радомски (Пауль фон Радомски, 1945 онд нас барсан) байв. Маргааш өглөө нь тэр гайт траншейг ухаж байсан хоригдлуудыг жагсаан нэг, хоёроор тоолуулсан. 1-ийн тоог Н.Трусевич, И.Кузменько, А.Клименко нар авав. . . Энэ үйл явдлыг миний найз хөл бөмбөгчин, тэр явдлыг нүдээр үзсэн Ф.Тютчев баталсан. Түүнд аз таарч тухайн үед 2-ыг тоолжээ.

"Динамо" багийн ахмад тоглогч В.Ногачевский[10]:

... хоригдлууд хотод ажиллаж байв. Нэг удаа тэр бригадад Трусевич, Кузьменко, Клименко нар ажиллаж байв. Тэдэнд Короленкогийн гудамжны 33-д байрлах гестапогийн байрны урд талбайг асфальтдах үүрэг өгчээ. Хоригдлуудын хамаатан садангууд нь энэ тухай мэдээд идэж, уух зүйл бэлдээд ажиллаж буй газрынх нь ойролцоо аваачиж тавьжээ. Энэ үед концлагерийн дарга Радомски өөрийн нохойг хөтлөн гарч ирсэн байна. Нохой нь идэх юмны үнэр аваад гасалж эхэлжээ. Хоригдлууд нохойг нь аргадах гэсэн боловч Радомски түгшүүр зарлажээ. Энэ үед хуягууд ирэн хоригдлуудыг концлагерь руу аваад явсан. Тэднийг доош нь харуулж газар хэвтүүлж байгаад 3 болсныг нь буудаж байв. Кузьменко, Клименко 2 амь үрэгдэв. Харин Н.Трусевич хэн хэн буудуулав гэдгийг өндийж харж байгаад буудуулсан. Тэр уг нь буудуулах ёсгүй байсан.

Тухайн үйл явдлын гэрч Сырецкийн концлагерийн хоригдол асан И.Бродскийн (1943 оны 9 сарын 29-нд концлагериас оргосон хоригдлуудын нэг, 1943 оны 12 сард Улаан Армид элсэн 1944 онд фронтод амь үрэгдсэн) мэдүүлгээс[3]:

... 1943 оны 2 сард гестапогийн байрыг засварлахаар явсан хэсэг хоригдлуудыг санаж байна. Тэр хоригдлуудыг орой авчирсан. Эдгээр хоригдлууд гестапогийн офицер руу халдахыг завдсан тул газар дээр нь 5 хоригдлыг устгасан гэж зарлаад одоо 20 хоригдлыг цаазлах болно гэж мэдэгдсэн. Германчууд 20 хоригдлыг ялгаж аваад жагсаалын өмнө буудаж алсан. Тэдний дунд Киевийн "Динамо" багийн тоглогчид болох Трусевич, Клименко нар байсан.

Энэ үйл явдлыг үнэн бодитоор нь зөвхөн Ф.Тютчев (нэг бригадад ажиллан, цаазлах үед нэг шугаманд жагсаж байсан) л мэдэж байв. Хожим түүнийг Сырецкийн концлагерьт үйлдэгдэж байсан цэргийн гэмт хэрэгтэй холбогдуулан гэрчээр хэд хэдэн удаа байцаажээ. Гэвч түүний нөхөд - хөлбөмбөгчид хэрхэн амь үрэгдсэн талаарх бодит мэдээ ямар ч баримтад байхгүй[3].

П.Комаровоос бусад нь бүгд концлагериас зугатаж чаджээ.

М.Свиридовскийн мэдүүлгээс: "... хамгийн түрүүнд концлагериас 3 ачигчийн хамт Тютчев зугатсан. Дараа нь Гончаренко бид 2 бүхэл бүтэн бригадаараа 16-уулаа зугатсан. Бидэнд цагдаагийн хэсгийхэн тусалсан. Яагаал гэвэл тэдэн дотор манай хэсэг хөл бөмбөгчид байсан. Биднийг зугатаж эхлэх үед анзаараагүй царайлан өөр тийшээ харж байсан. Энэ орголт 9 сарын 19-нд болсон"[3].

М.Путистин 1943 оны 10 сард зугатаж яваад Пославичи тосгоны ойролцоо Улаан Армитай таарчээ.

П.Комаровыг 1943 оны 9 сард ухарч байсан эзлэн түрэмгийлэгчид Герман руу авч явсан байна.

"Старт" багийн бүрэлдэхүүний тоглогчдоос Георгий Тимофеев, Лев Гундарев хоёр цагдаагийн газар ажилладаг байв. Киевийг буцаан авсны дараа хоёуланг нь Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны (НКГБ-Народный Комитет Государственной Безопасности) ажилтнууд баривчилсан. Эхнийхэд нь 10 жил, дараагийнхад нь 5 жилийн хорих ял оноон засан хүмүүжүүлэх хорих анги явуулсан. Георгий Швецовыг мөн баривчлан 15 жилийн хорих ял оноосон. 10 жил гаруй ялаа эдлээд Киевтээ буцан ирсэн. Хэд хэдэн газар ажиллаж байсан, хэзээ, хаана нас барсан нь тодорхойгүй.

Николай Голембиовский хэдэн жил нуугдаж амьдарсан. Георгий Кузьмины ярьснаар дайны дараа түүнтэй "Динамо"-гийн экс тоглогч Василий Правоверов Киевийн нэгэн гудамжинд тааралдсан. Николай Голембиовскийг Горкийн гудамжинд оршин суудаг болохыг нь мэдсэн бөгөөд яг тэр хаягаар нь 1948 онд баривчлан 25 жилийн ял өгчээ.

Герман руу ачигдаж явсан Павел Комаров дайны дараа Европт амьдарч байгаад Канадад очин 1970-аад оны үед нас баржээ.

Домог төрсөн нь

[засварлах | кодоор засварлах]

Хамгийн анх буудуулан нас барсан Киевийн "Динамо" багийн гишүүдийн тухай "Известия" сонины 1943 оны 11 сарын 16-ны өдрийн сонинд тэмдэглэжээ. Киевийн сонины цэргийн сурвалжлагч: "... тэд Киевийн "Динамо" багийн тоглогчид байсан бөгөөд удаан хугацааны турш германчуудаас нуугдаж чадсан. Өлсгөлөнгөөс аврагдаж, амьдрах шаардлагатай байсан тул талхны үйлдвэрт ажилд оржээ. Гестапогийнхан тэднийг баривчлан удаан хугацаанд хонгилдоо хорьж, тамлан зовоож байгаад буудан алжээ".

1958 оны 11 сарын 21-нд 15 жилийн дараа "Вечерний Киев" сонинд Петр Северовын "Сүүлчийн тулаан" нэртэй өгүүлэл гарчээ. Тэр ондоо Петр Северов, Наум Халемский нарын ижил нэртэй тууж хэвлэгдсэн. Үйл явдал нь эзлэгдсэн Киев хотын "Динамо" багийн гишүүд талхны үйлдвэрт ажиллаж байсан тухай, германы багтай хэд хэдэн хөл бөмбөгийн тоглолт хийсэн тухай, хэрхэн ялсан тухай, яаж баривчлагдсан тухай, 1943 оны өвөл яагаад буудуулсан тухай гардаг.

Анх 1943 оны 11 сарын 16-ны өдрийн "Известия" сонины 270-рт Лев Кассиль 1942 оны зун Киевт өрнөсөн тоглолтын тухай "Үхлийн тоглолт" нэртэй өгүүллэг бичсэн. Цэргийн сурвалжлагч Е.Кригер "Київська правда" сонины 1943 оны 17-рт "Так было в Киеве" өгүүллэгт, "У Сирецькому концлагері" дурсамжинд "Үхлийн тоглолт" гэсэн нэрийг тус тус хэрэглэсэн байна[4].

Анх 1946 оны 8 сарын 24-ний Киевийн "Сталинское племя" сонины 164-рт "Үхлийн тоглолт"-ын тухай Александр Борщаговскийн кино зохиол тавигдаж эхэлсэн. Энэ кино зохиол 10 гаруй дугаар дамжин хэвлэгдсэнээс сонины редакци уншигчиддаа хандан "Мосфильм"-д зориулан бичсэн энэ кино зохиолын талаархи сэтгэгдлээ ирүүлэхийг хүссэн байна. Сүүлд Борщаговский кино зохиолоо ном болгон 1959 онд 150000 хувиар хэвлүүлсэн байдаг.

1959 онд "Физкультура и спорт" сонины редакци Петр Северов, Наум Халемски нарын хамтын бүтээл "Сүүлчийн тулаан" туужийг хэвлэжээ. Энэ туужийн өмнөх үгийг тухайн тоглолтод оролцсон хөл бөмбөгч бичсэн байдаг. Уг туужид украинчуудын өрсөлдөгч нь германы агаарын довтолгооноос эсэргүүцэх ангийн шигшээ баг байсныг тэмдэглэсэн. Хожим 1963-1964 онд энэ түүхээр "Мосфильм" киностудид "Третий тайм" нэртэй уран сайхны киног бүтээж дэлгэцэнд гаргасан.

"Юность" сэтгүүлийн 1966 оны 9 сарын нэгэн дугаарт Анатолий Кузнецовын "Бабий Яр" найраглал тавигдсан. Энэ найраглалын нэг бүлэгт Киевийн талхны үйлдвэрийн хөл бөмбөгийн "Старт" баг хэрхэн дайсны багийг ээлж дараалан ялсан тухай гардаг.

Домгийг эсэргүүцсэн нь

[засварлах | кодоор засварлах]

1987 оны зөвлөлтийн хөлбөмбөгийн тухай өгүүлсэн нэгэн сэтгүүлд 1942 оны зун өрнөсөн үйл явдлын тухай "Үхлийн тоглолт" нэрийг хэрэглэн бичсэн боловч зөвхөн амь үрэгдсэн 4 хөлбөмбөгчнийг л хамаатуулж байв. Гэвч олон нийт Киевийн "Динамо" багийн бараг бүх тоглогч амь үрэгдсэн гэсэн таамгийг л хүлээн зөвшөөрч байв.

1992 онд Георгий Кузьмины "Үхлийн тоглолтын үнэн буюу та нарын мэдэхгүй Динамо" ном хэвлэгдсэн. 1994 оны 11 сарын 12-ны "Всеукраинские ведомости" сонинд кино шүүмжлэгч Олег Ясински "Үхлийн тоглолт болсон уу?" нийтлэл хэвлэгдсэн нь олныг шуугиулсан.

"Үхлийн тоглолт"-той холбон 1974 онд Гамбургийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн 31 жил шалгаад 2005 оны 2 сард эрүүгийн хэргээ хаасан байна. Прокурор Йохан Кульманы дүгнэлт[3]:

... хөл бөмбөгчдийн баривчлагдсан шалтгааныг тогтоох боломж олдсонгүй. 1942 оны 8 сарын 9-нд өрнөсөн тоглолтоос хойш нилээн хугацаа өнгөрсний дараа 1943 оны хавар Сырецкийн концлагерийн дарга Пауль фон Радомскийн тушаалаар Трусевич, Кузьменко, Клименко нарын хөл бөмбөгчид бусад хоригдлуудын хамт буудуулжээ. Гестапогийн офицерт халдсан гэсэн таамаг байгаа боловч батлагдаагүй. Мөн оргосон хоригдлуудаас болсон, урвагчдын золиос болсон гэсэн хэд хэд таамаглалууд байсан ч мөн адил батлагдсангүй.

Гагцхүү үнэн шалтгааныг 1945 оны 3 сарын 14-нд Штульвайсенбургийн дэргэд нас барсан, буудан хороох тухай тушаал өгсөн Сырецкийн концлагерийн дарга асан Пауль фон Радомски л мэднэ.Гагцхүү 1943 онд Сырецкийн концлагерийн даргын тушаалаар үл мэдэгдэх, нэр усыг нь тогтоох боломжгүй цагдаа нар хөл бөмбөгчдийг буудан хороож амийг нь егүүтгэсэн гэдэг нь л тодорхой байна. Мөн Николай Короткихын амь үрэгдсэн явдлыг ч тогтоох боломж олдсонгүй. Түүний Киевийн гестапогийн хонгилд хэрхэн үрэгдсэн талаархи мэдээ баримт, гэрч, боломжит гэмт хэрэгтнүүдийн нэр зэрэг нь олдсонгүй, тогтоогдсонгүй. Иймээс дахин энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл алга.

1964 оны 9 сард Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн шийдвэрээр "Үхлийн тоглолт"-д оролцсон хөл бөмбөгчид болох Николай Трусевич, Алексей Клименко, Иван Кузьменко, Николай Коротких нарыг "За отвагу" медалиар нэхэн шагнажээ. Түүнчлэн Владимир Балакин, Макар Гончаренко, Михаил Мельник, Михаил Путистин, Михаил Свиридовский, Василий Сухарев нарын 6 тоглогчдыг "За боевые заслуги" медалиар шагнасан байна[1]. Шагнасан тухай шийдвэрийг 1964 оны 9 сарын 10-ны "Правда" (№ 254) сонинд нийтлэгдсэн байна.

Путистин Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны (КГБ-Комитет Государственной Безопаности) төрөл бүрийн дарамт, сэжгээс шалтгаалан шагналаасаа татгалзсан. Түүнчлэн хожим амь үрэгдсэн А.Ткаченко, 1959 онд зүрхний шигдээсээр нас барсан Ф.Тютчев нар шагналаа авч чадаагүй.

1971 оны 6 сарын 19-нд "Динамо" цэнгэлдэх хүрээлэнд 4 хөлбөмбөгчний дүрс бүхий хөшөөг босгожээ. Хөшөөн дээр Степан Олейникийн доорхи шүлэг бий.

За наше сьогодні прекрасне
Вони полягли у двобої…
В віках ваша слава не згасне,
Безстрашні спортсмени-герої.

1981 онд "Зенит" нэртэй байсан цэнгэлдэх хүрээлэнг "Старт" нэртэй болгон "Үхлийн тоглолт"-д зориулсан барилгын зохиомжийг босгосон.

1999 онд Киевийн Щусев, академич Грековын гудамжны хооронд буюу Сырецкийн концлагерийн хоригдлуудыг цаазалж байсан газрын ойролцооноос хөлбөмбөгийн гутал (ши-пи) олдсоныг тэнд нь дурсгалын тэмдэг болгон хадсан байна.

Баримтат кино
  • "Смертельный поединок". ОРТ - "Искатели" нэвтрүүлэг, 2006 он
Уран сайхны кино
  • "Третий тайм" - ЗХУ, 1962 он, "Үхлийн тоглолт"-ын 20 жилийн ойд зориулсан
  • "Матч" - ОХУ, 2012 он, "Үхлийн тоглолт"-ын 70 жилийн ойд зориулсан
  1. 1.0 1.1 Футбол в годы войны. Часть четвёртая. Миф о «матче смерти»
  2. Аксель Вартанян. Футбол в годы войны. Часть пятая. Миф о «матче смерти»
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 3.6 3.7 "65 лет Победы! Футбол в оккупированном Киеве". Archived from the original on 2014-10-20. Татаж авсан: 2012-09-14.
  4. 4.0 4.1 4.2 "О. Ясинский. «Старт» — Flakelf — «матч смерти»?". Archived from the original on 2009-12-07. Татаж авсан: 2012-09-23.
  5. Кузьмин Георгий. Горячее лето сорок второго… // Футбол. 1995. — № 13. — с.18.
  6. 6.0 6.1 6.2 "Сын участника «матча смерти» Владлен ПУТИCTИH: "Даже через десятки лет на юбилеях «Динамо» генералы спрашивали уцелевших футболистов: «Почему четверых расстреляли, а вы остались живы?»". Archived from the original on 2012-10-27. Татаж авсан: 2012-09-23.
  7. 7.0 7.1 Футбол в годы войны. Часть пятая. Миф о «матче смерти»
  8. 8.0 8.1 Матчи смерти в 1942 году
  9. "«МАТЧА СМЕРТИ» В 1942 В КИЕВЕ НЕ БЫЛО, Русский центр Америки". Archived from the original on 2013-11-11. Татаж авсан: 2012-09-23.
  10. 10.0 10.1 "Развенчанные мифы «матча смерти»". Archived from the original on 2016-03-06. Татаж авсан: 2012-09-23.