Jump to content

Басра

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ирак улсын Басра боомт хот

Ба́сра (араб. البصرة‎) - Ирак улсын зүүн өмнө хэсэг дахь Шатт-эль-Араб голын эрэг дээр Кувейт, Иран хоёр улсын дунд орших гол боомт хот юм. Мөн ижил нэртэй Засаг захиргааны дүүргийн төв ажээ. Тус хот нь Иракийн нийслэл Багдад хотын дараа орох хоёр дахь том хот бөгөөд зуны улиралд 50 °C давдаг дэлхийн хамгийн их халдаг хотуудын нэг юм.

Хүн ам нь 2018 онд 1,4 сая байжээ.

Хот 636 онд байгуулагдсан цагаасаа хойшх түүхэндээ янз бүрийн нэртэй байсан дотроос «Басра» гэж хамгийн их дэлгэрсэн нэр юм. «Басра» гэж араб хэлээр «зөөлөн цагаан чулуу» гэдэг нь хотын барилгын материалаас улбаатай байж болох боловч өөр угшилтай байх магадлал өндөр юм.

Басра хот 636 онд эсвэл 637 онд халиф Умар ибн Хаттаб буюу түүхэнд Умар I (араб. عمر بن الخطاب‎; 590- 644) гэж тэмдэглэгдсэн хүн байгуулсан гэж үздэг байна. Хуучин хот өнөөгийн Басрагаас 15 км орчим баруун зүгт байжээ. (Өнөөгийн хот сүүлд XVII зуунд Хуучин Басра хот уналтад ороход бий болжээ).

1258 онд Монголын Хүлэгү хаан эртний Багдад хотыг эзлэж Аббасидуудын удмын эрх мэдлийг эцэс болгосон байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр хотоо сүйрүүлж устгуулахаас сэргийлж монголчудад бууж өгсөн гэдэг. Мамлюк Бахри гүрний газрын зурагт (1250–1382) Басра хотыг монголчуудын мэдэлд байсан гэж, харин Монгол ноёрхлын газрын зурагт (1300–1405) Басрааг монголчуудын мэдэлд байсан гэж харуулсан байдаг ажээ.

1534 онд Багдад түркүүдэд эзлэгдэхэд Басра хотын бедуин дарга Рашид аль-Мугамис бууж өгч тус хот 1538 онд Османы эзэнт улсын нэгэн хэсэг болжээ.

XVII дугаар зууны эцэст персууд хотын эзлэн авч чаджээ, гэвч 1701 онд түркүүд эргүүлэн эзлэсэн байна. Дараа нь 1771 онд персүүд эзлэн авсан байгаад 1778 онд эргүүлэн түркүүдэд алджээ. 1787 онд Басра хотыг арабчууд эзлэн авч буцаад туркийн эрх мэдэлд очсон түүхтэй.

1832-1840 онуудад Египтын мэдэлд очоод Дэлхийн нэгдүгээр дайны үеэр буюу 1914 онд Ирак улсын бүрэлдэхүүнд орж британчуудад эзлэгдсэн байна. Британий худалдааны ашиг сонирхол Басра хотыг Персийн булан дахь хамгийн чухал боомт хот болгож чадсан байна.