Жон Жэй

Жон Жей (англи. John Jay; 1745 оны 12-р сарын 12-нд Нью-Йорк хотод төрсөн- 1829 оны 5-р сарын 17-нд Нью-Йоркын Бэдфордод нас барсан) -америкийн төрийн зүтгэлтэн, АНУ-ыг үндэсэлсэн эцгүүдийн нэг. Тивийн 1,2-р Конгрессын гишүүн, 1779 онд АНУ-ын Конгрессын дарга байсан. 1779-1782 онд Испани дахь АНУ-ын Элчин сайд, 1784-1789 онд хоёр дахь АНУ-ын Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга, 1789-1790 онд Төрийн нарийн бичгийн дарга, Үндсэн хууль баталж АНУ-ын Засгийн газар байгуулагдахад АНУ-ын Дээд шүүхийн анхны дарга болсон. 1795-1801 онд Нью-Йорк мужийн захирагч байсан.

Жон Жэй

Угшил, бага нас[засварлах | кодоор засварлах]

Жейгийн удмынхан Францад шашны хавчлагаас зугтаж Нью-Йоркт ирсэн нэр хүндтэй худалдаачид байв. 1685 онд Нантийн зарлигийг хүчингүй болгож, улмаар протестантуудын иргэний болон хууль ёсны эрхийг цуцалж, Францын хаант засаг захиргаа эд хөрөнгийг нь хураан авчээ. Нөлөөлөлд өртсөн хүмүүсийн дунд Жон Жейгийн өвөг эцэг Огюст Жей байсан. Тэрээр Францаас Өмнөд Каролинагийн Чарлстон, дараа нь Нью Йорк руу нүүж томоохон худалдаачин болж чаджээ.

Жейгийн аав Питер Жэй (Peter Jay) 1704 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд улмаар үслэг эдлэл, улаан буудай, мод болон бусад бараа бүтээгдэхүүний чинээлэг худалдаачин болжээ. Жэйгийн эх нь Голланд гаралтай Мэри Ван Кортландт (Mary Van Cortlandt) 1728 онд Голландын сүмд эцэг Питер Жэйтэй гэрлэсэн байна.

Жон Жэй 1760 онд Нью-Йоркийн "Кингс коллежид" элсэн орж хуульч мэргэжлээр боловсрол эзэмшсэн (сүүлд Колумби Коллеж болсон). 1764 онд сургуулиа төгсөөд нэрт хуульч, улс төрч, хуулийн багш Бенжамин Киссамын хуулийн ажилтан болжээ. Жэйгээс гадна тэнд Киссамын шавь Линдли Мюррей мөн ажилдаг байжээ.

1774 оны 4-р сарын 28-нд Жей Нью Жерси мужийн захирагч Уильям Ливингстоны ууган охин Сара Ван Брюг Ливингстонтой гэрлэжээ. Гэрлэх үед Сара арван долоон настай, Жон хорин найман настай байв. Тэд Питер Август, Сюзан, Мария, Анн, Уильям, Сара Луиза гэсэн зургаан хүүхэдтэй болсон.

Тэрээр Нью-Йоркт боломжийн нэр хүндтэй болж колониуд тусгаар тогтнолоо тунхаглах эсэх талаар хэлэлцсэн Тивийн нэгдүгээр болон хоёрдугаар Конгрессийн төлөөлөгчөөр сонгогдов. Тэрээр Их Британийн засгийн газрыг колоничлолуудтай эвлэрэхийг уриалсан Оливийн мөчрийн өргөдлийг бичихэд тусалсан. Дайн зайлшгүй болох нь тодорхой болсон тул Жей хувьсгал болон Тусгаар тогтнолын тунхаглалыг дэмжлэг үзүүлэв байжээ.

Жей 1784-1789 онд Гадаад хэргийн хоёр дахь нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 9-р сард Конгресс шинэ хэлтэст дотоодын тодорхой үүрэг хариуцлагыг өгч, нэрийг нь Төрийн департамент болгон өөрчлөх тухай хуулийг баталжээ. Жей 1790 оны 3-р сарын 22 хүртэл Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.

1789 оноос 1795 оны 6-р сар хүртэл Ж.Жэй АНУ-ын Дээд шүүхийн анхны ерөнхийлөгчөөр ажиллаж, Америкийн эрх мэдлийн энэхүү байгууллагын ажлын үндэс суурийг тавьжээ.

Тэрээр 1795-1801 онд Нью-Йоркийн захирагчаар сонгогдсон. 1801 онд тэрээр хоёр дахь удаагаа сонгогдохоос татгалзаж, улс төрөөс бүрмөсөн гарч, хөдөөний эдлэнд очиж, газар тариалан эрхэлж, 83 насандаа таалал төгссөн байна.