Тусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)
Тусгаар тогтнолын өдөр (Англи: Independence Day) нь 1776 оны 7-р сарын 4-ний өдөр АНУ нь Их Британийн Нэгдсэн Вант улсаас салан, тусгаар тогтносон улс болсноо зарласны ойн баярын өдөр юм.
Тусгаар тогтнолын өдрөөр том хэмжээний салют буудуулж, парад жагсан, аялал зугаалга, концерт, бэйсболын тоглолт, гэр бүлийн уулзалтууд, улс төрийн илтгэлүүд зэрэг, хувийн болон улсын түвшинд олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Тусгаар тогтнолын энэ өдөр нь АНУ-ын үндэсний өдөр юм.
Тусгаар тогтнолын энэ өдөр нь улсын хэмжээний баяр тул ард иргэд олон нийтээрээ амарч, шуудан, шүүх зэрэг улсын байгууллагууд нь амардаг. Энэ баярыг тэд тэмдэглэхдээ ихэвчлэн гэр бүлээрээ аялал зугаалага хийж, томоохон парад жагсаалд оролцон, ингэхдээ хүмүүсийн хувцас, талбайн гоёл чимэглэл зэрэг нь Америк улсын төрийн далбааны өнгө болох улаан, цагаан, цэнхэр өнгө голлоно. Энэ баяраар салют буудсаны дараагаар төрийн дуулал болон эх орноо хайрлан хүндэтгэсэн бусад дуунууд эгшиглэнэ. Зарим дууны шүлэг нь 1812 оны Хувьсгалын дайныг санагдуулам байх нь бий.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1776 оны 6-р сард Виржиниагийн Ричард Хэнри Лигийн танилцуулсан тусгаар тогтнолын тогтоолыг Эх газрын Конгресс зөвшөөрөхөөр санал хураах үед 13 колони орон 1776 оны 7 сарын 2-ны өдөр Их Британийн Нэгдсэн Вант улсаас хууль ёсны дагуу тусгаарлагдсан. Санал хураалтын дараа Конгресс өөрсдийн анхаарлыг Тусгаар тогтнолын тунхаглалд хандуулсан бөгөөд удаан мэтгэлцэж ярилцсаны эцэст 7-р сарын 4-ний өдөр хүлээн зөвшөөрчээ.
Тусгаар тогтнолын өдөр ба АНУ-ын ерөнхийлөгчид
[засварлах | кодоор засварлах]Сонирхуулан хэлэхэд Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурсан Жон Адамс, Томас Жефферсон нар АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Тусгаар тогтнолын 50 жилийн ойгоор буюу 1826 оны 7-р сарын 4-ний өдөр нэгэн зэрэг нас барсан байна. Тунхаг бичигт гарын үсэг зураагүй хэдий ч үндэслэгч эцгүүдийн нэг Жеймс Монро энэ түүхэн өдөр өнгөрсөн гурав дахь ерөнхийлөгч юм. АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч Кэлвин Күүлиж 1873 оны 7-р сарын 4 өдөр буюу тусгаар тогтнолын ойн өдөр мэндэлсэн цорын ганц ерөнхийлөгч.
Салютын шоу
[засварлах | кодоор засварлах]Салютын шоу нь олон мужуудад зохиогдох бөгөөд хувийн хэрэглээнд болон олон нийтийн томоохон баяр ёслолд зориулсан салютууд нь ялгаатай байна. Зарим мужид иргэдийн аюулгүй байдлын үүднээс гар дээр худалдаалахыг хорих, хэмжээг хязгаарлах, зарим төрлийнхийг худалдаалахыг хориглосон байдаг.
Улсын хэмжээнд тохиож байсан хамгийн том шоу нь 22 тонны тэсрэлт хийсэн 2009 оны Нью-Йорк-ын шоу байсан. Бусад томоохон хэмжээтэй арга хэмжээнээс дурьдахад Мичиган нуур дээрх Чикаго, Мишн булангийн Сан Диего зэрэгт болжээ.
Баярт оролцох хүмүүсийн тоо тухайн жилийн аль гаригт тохиох эсэхээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Зарим тохиолдолд иргэдэд таатай байлгах үүднээс ажлын өдөр таарсан тохиолдолд салют шоуг тэр долоо хоногийнхоо амралтын өдөр хийдэг. Үүнийг дагаад 7 сарын эхний долоо хоног нь ерөнхийдөө Америкчүүдийн хувьд хүмүүсийн аялах нь ихэссэн, хамгийн завгүй долоо хоног болдог.