Jump to content

Баатарсүрэнгийн Шүүдэрцэцэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баатарсүрэнгийн Шүүдэрцэцэг

Зохиолч Б.Шүүдэрцэцэг

Төрсөн: Баатарсүрэн Тогтохбаяр
1971 оны 1 сарын 18
Улаанбаатар
Ажил үйл Зохиолч
Яс үндэс Халх
Улс орон  Монгол
Шагнал "Оны шилдэг сэтгүүлч" 1996 Оны шилдэг ном шалгаруулах “Grand book” 2007 Монголын Үндэсний утга зохиолын шагналтан "Домогт Ану хатан" 2010
Xамтрагч Б.Болдхуяг
Гарын үсэг

Баатарсүрэнгийн Шүүдэрцэцэг (* 1971 оны 1 сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, төрсөн нэр нь Баатарсүрэнгийн Тогтохбаяр) нь зохиолч, сэтгүүлч юм.

Шүүдэрцэцэг нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989-1995 онд ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль, Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгсчээ. Дунд сургуулийн сурагч байхаасаа тэр үеийн Монголын 2 дахь том сонин “Залуучуудын үнэн”-д тэмдэглэл, сурвалжлага нийтлүүлдэг байв. Оюутан байхдаа төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд ажиллаж эхэлжээ. 1995 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр онц дүнтэй төгсөн, “Ардын эрх” сонинд хууль зүйн сурвалжлагч, тоймч, тоймчдын албаны даргаар ажиллажээ. Тэрбээр “Сүүдэр дайрсан бага нас”, “Чемодантай юм” хэмээх шүүхийн тэмдэглэлээрээ 1996 оны шилдэг бичлэгийн шагнал хүртжээ.[1]

Сэтгүүл зүйн мастер, Малайз улсын “Линкоквин” их сургуульд суралцсан. МУИС-ийн докторант.

2002 оноос эхлэн “Хулан,”Шүрэн бугуйвч”, “И-мэйлээр илгээсэн сарнай”, ”Үйсэн дээрх бичээс”, ”Чимээгүй хашгираан”, ”Цасан нулимс”, ”Зургадугаар сарын сарын цас”, ”Сэтгэлийн анир”, "Домогт Ану Хатан",”Туужууд” номууд бичиж хэвлүүлэн, хүний эрхийг хамгаалах талаархи сонгодог ном болсон “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” номыг эрхлэн хэвлүүлж, “Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид” намтрын номыг орчуулан хэвлүүлжээ. Зохиол бүтээлдээ орчин үеийн монгол хүний дүр төрх, залуучуудын хүсэл мөрөөдлийг хөнддөг байсан бол сүүлийн үеийн бүтээлүүддээ Монголын түүхэн хатдын сэдвээр илүү бичих болсон.

Шүүдэрцэцэг нь 1991 онд Б.Болдхуягтай гэрлэсэн бөгөөд одоогоор гурван охины хамт тавуулаа амьдардаг.

Нийгмийн оролцоо

[засварлах | кодоор засварлах]

Монголын эмэгтэйчүүдийн сангийн \МОНЭС\ удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын “Эмнести интернашнл” байгууллагын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүн, ”Монгол кино” нэгтгэлийн дэргэдэх киноны мэргэжлийн зөвлөлийн гишүүн. МОНЭС-ийн байнгын хандивлагч, хүчирхийллийн эсрэг үндэсний төв, залуу охид эмэгтэйчүүдэд туслах “Гүнж” төвийн идэвхтэн дэмжигч. ”Эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын тухай“ хуулийн төслийн багийн гишүүнээр ажиллаж байв.

Эмэгтэйчүүдийн эрхийн сэдвээр нийтлэл бичиж, илтгэл тавьж, лекц уншдаг. Эмэгтэйчүүдийн эрхийн сэдэвт “180” хэм теле жүжиг бүтээж DVD гаргасан. Эмнести интернэшнл-ийн монголын салбараас 2008 оны “Хүний эрхийн төлөө тэмцэгч” өргөмжлөл хүртсэн.

Номынхоо орлогоос МОНЭС, Эмнести интернэшнл” зэрэг байгууллагад тогтмол хандив өгдөг.[2]

Оны шилдэг ном шалгаруулах “Grand book” шалгаруулалтаар “Шүрэн бугуйвч” туужаараа 2007 онд “Онцлох ном”, сонгомол өгүүллэгийн “Шүүдэрцэцэг” CD-гээрээ 2008 оны “Онцлох ном”-ын шагнал, “Домогт Ану хатан” романаараа “Монголын уран зохиолын шилдгийн шилдэг ном”-ын шагнал зэргийг тус тус хүртсэн.[3] 2009 онд утга зохиолын салбарын “Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй” шагналыг авсан бол 2011 онд “Гранд” сэтгүүлийн нийгэм соёлын салбарын “Grand lady”, 2012 оны нийслэлийн бүтээлч эмэгтэй гэсэн номинациар “Гоо сарнай” шагналыг авч байжээ.

  • 2002 онд анхны “Хулан” туужаа хэвлүүлсэн нь одоог хүртэл хүүхэд залуусын унших дуртай ном хэвээрээ байна.
  • 2003 онд орчин үеийн залуусын хайр сэтгэл, амьдралд байр сууриа олохын төлөөх тэмцэл, шинэ үеийн монголчуудын дүр төрхийг дүрсэлсэн “Шүрэн бугуйвч” туужаа хэвлүүлсэн нь судалгаагаар залуусын заавал унших 100 номын жагсаалтанд орж “Сас пикчерс” студид кино болж бүтээгдсэн.
  • 2004 онд “И-мэйлээр илгээсэн сарнай”, 2005 онд “Үйсэн дээрх бичээс”, “Чимээгүй хашгираан”, 2007 онд “Чимээгүй хашгираан”, 2008 онд “Сэтгэлийн анир” өгүүллэгийн түүвэр, “Шүүдэрцэцэг” сонгомол өгүүллэгийн сонсдог ном бүтээжээ.
  • 2008 онд хүний эрхийн сонгодог бүтээл “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” номыг ариутган шүүж, эрхлэн хэвлүүлсэн нь хүүхэд, залуусын дуртай номуудын нэг болоод байна. Мөн онд дэлхийн 33 алдартай эмэгтэй зохиолчийн намтрыг орчуулан “Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид” намтрын чуулганыг хэвлүүлсэн байна.
  • 2009 онд эмэгтэйчүүдийн эрхийн сэдэвт “180 хэм” өгүүллэгээрээ телевизийн жүжиг бүтээсэн нь нийгэмд далд хэлбэрээр оршдог эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварлан гадуурхах үзэгдлийг өвөрмөц хэлбэрээр дүрсэлсэн анхны дэлгэцийн бүтээл болсон юм. “180 хэм” теле жүжиг нь Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр DVD болжээ.
  • 2008 онд “Шүрэн бугуйвч” туужаар нь “Сас пикчерс” студид бүтээсэн “Шүрэн бугуйвч” кино 2007 оны Монголын хамгийн их ашиг орлоготой кино болсон.
  • 2009 онд “Туужууд” түүвэр, 2010 онд анхны роман “Домогт Ану хатан”-аа хэвлүүлсэн. “Домогт Ану хатан” роман нь үндэсний бестселлерээ тэргүүлж, борлуулалтын дүнгээрээ “Интерном” их дэлгүүрийн тухайн оны монголын уран зохиолын “Шилдэгийн шилдэг ном”-ын шагнал хүртсэн юм.
  • 2010 онд “Хайр” сонсдог ном, эмэгтэйчүүдийн эрхийн сэдэвт нийтлэлийн “Миний ертөнц” номуудаа хэвлүүлжээ.
  • 2011 онд “Домогт Ану хатан” жүжиг бичин, өөрөө продюсерлэж УДЭТ-т тоглуулж, уран санд нь бэлэглэсэн нь тус театрт буй түүхэн хатны тухай цорын ганц жүжиг юм.
  • 2011 онд “Хайрын тухай зүүд” 3 дахь сонсдог ном, “Хүслийн цахлай” өгүүллэгийн түүвэр, “Тоорын өнгөт уруул” шилмэл өгүүллэгийн түүврүүдээ хэвлүүлжээ.
  • 2012 онд “Шүүдэр” продакшныг байгуулж, “Ану хатан” кино зохиол бичиж 2011 оны 7-р сараас эхлэн кино багаа бүрдүүлэн 2011-2013 онд Манжийн түрэмгийллийн эсрэг алтан амиа өргөсөн хатан зоригт Ану хатны тухай бүрэн хэмжээний түүхэн уран сайхны кино бүтээж 2013 оны 1-р сарын 18-нд нээлтээ хийжээ. Продюсерээр түүний нөхөр Д.Болдхуяг ажиллан, Монголын үндэсний кино наадам “Академиа авардс-ын “Шилдэг зохиол, “Шилдэг хөрөнгө оруулалт”, “Шилдэг эрэгтэй дүр” шагналууд авчээ. Энэхүү кино нь “Warrior Princess”нэрээр 2014 оны 9-р сард Америкийн зах зээлд DVD болж гарчээ.[4]
  • “Шүүдэр” продакшн нь 1945 онд Монголд олзлогдсон япон цэрэг Тамура Хирошигийн тухай “Би Монголд төрнө” гэсэн баримтат кино бүтээсэн юм. Энэ баримтат киноны зохиолыг Б.Шүүдэрцэцэгийн нөхөр Д.Болдхуяг бичиж, хамтран найруулсан нь Монголын үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж FB-т 100.000 хүн үзсэн.
  • 2015 онд “Үүлэн хээтэй орчлон” хэмээх 2 дахь романаа бичсэн нь Монголын үндэсний бестселлер номын жагсаалтыг 6 сарын турш тэргүүлсэн.
  • Одоо “Хотлун гүнж” тулаант уран сайхны кино төсөл хэрэгжүүлж байна. Хотлун гүнж нь монголын Юань гүрний үед Хубилай хаантай тэмцэж явсан Хайду хааны охин бөх гүнж хэмээн алдаршсан эрэлхэг гүнж юм.
  1. "Б.Шүүдэрцэцэг". Goodreads. Татаж авсан: 24 August 2015.
  2. "Монголын Эмэгтэйчүүдийн Сан (МОНЭС) - Удирдах Зөвлөл". Mones.org.mn. Эх хувилбараас архивласан: 26 Есдүгээр сар 2015. Татаж авсан: 25 August 2015.
  3. "B. Shuudertsetseg". Internom.mn. Эх хувилбараас архивласан: 15 Наймдугаар сар 2013. Татаж авсан: 24 August 2015.
  4. "Warrior Princess (2014)". IMDB. Татаж авсан: 24 August 2015.