Жүгдэрийн Сэрээтэр

Жүгдэрийн Сэрээтэр (1935 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн) нь Монголын физикч юм. 1963 онд Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын Их Сургуулийг физикийн шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний ажилтан болон их, дээд сургуулийн багшийн мэргэжлээр төгссөн. 1963 оны 2 сараас Монгол Улсын Их Сургуульд (МУИС) физикийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1985 оноос эрдэм шинжилгээний ахлах, тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.

Ж. Сэрээтэр 1964-1967, 1988-1994, 1998-2002 онуудад Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ)-д эрдэм шинжилгээний томилолтоор ажилласан. 1964-1967 онд ЦШНИ-д ажиллахдаа нейтроны цахилгаан туйлшралыг тодорхойлох талаарх тулгуур судалгаанд оролцохын зэрэгцээ МУИС-ийн нейтрон генератортой холбоотой хэмжих төхөөрөмжийг Ш. Гэрбиштэй хамтран боловсруулан хийж авч ирсэн. Нейтроны генераторыг боловсронгуй болгон милли-микросекундын импульс ажиллагаанд оруулан зарим тулгуур ба хавсарга судалгааны 15-н эрдэм шинжилгээний ажлыг хэвлүүлэн судалгааны ажлын явцад тус лабораторийн ажилтан нарт цөмийн техник, цөмийн физикийн судалгааны арга барилыг эзэмшүүлсэн. Ж. Сэрээтэр 1972-1976 онд МУИС-ийн Цөмийн шинжилгээний лабораторийн эрхлэгчээр хавсран ажиллаж байв.

Ж. Сэрээтэр цагаан тугалга, индийн ялгасан изотопуудыг хурдан нейтроноор шарж үүсгэсэн индийн цөмүүдийн задралын схемын талаар цуврал судалгаа явуулан үр дүнг нэгтгэн нэг сэдэвт зохиол бичиж 1977 онд Москвагийн Улсын Их Сургуулийн Цөмийн физикийн эрдэм шинжилгээний институтийн эрдмийн зөвлөл дээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

Цөмийн шинжилгээний лабораторийг түшиглэн цөмийн физикийн сургалтын групп байгуулагдсан 1967 оноос эхлэн Ж.Сэрээтэр сургалтын програм, төлөвлөгөө зохиоход оролцож, "Цэнэгт бөөмс бодистой харилцан үйлчлэх", "Цөмийн спектроскопи" зэрэг тусгай мэргэжлийн хичээлийн лекц уншиж, практикийн ажлуудыг тавьж бакалавр, магистрын дипломны ажлууд болон докторын зэрэг хамгаалах ажлыг удирдсан болно. Цөмийн спектр судлалын сурах бичиг, практикийн ажлуудын хичээлийн хэрэглэгдэхүүнийг шавь нарын хамт зохиосон.

1988-1994 онд ЦШНИ-д ажиллах хугацаанд газрын ховор элементүүдийн муж дахь альфа задрал, изомер үүсгэдэг цөмийг хайх, цөмүүдийн бета задралын схемийг тогтоох, дээд хилийг тодорхойлох талаарх хэд хэдэн чиглэлийн судалгаанд оролцож альфа задралд үүсэх шинэ изомер төлөвүүдийг шинээр олж хагас задралын үеийг тодорхойлон, 20 гаруй изотопын хувьд бета-спектрийн дээд хилийг шинээр буюу шинэчлэн тогтоов. Нийтдээ дээрх судалгааны чиглэлээр 20 орчим өгүүллийг хамтран зохиогчдын хамт "Известия РАН сер.физ", "Сообщения ОИЯИ", "Приборы и техника эксперимента", "Zeitschrift fur Physik A", "Nucl. Instr. Meth. in Physics Research","Turkish Journal of Physics" зэрэг шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн болно.

1993 онд "мини-апельсин" маягийн бета-спектрометр бүхий төхөөрөмжийг бүтээж, уг спектрометрын бүртгэх чадварын талаар болон конверсийн электроны спектр хэмжих судалгааг эхэлсэн. 1998 онд ЦШНИ-д уригдан очиж 2002 он хүртэл ажиллах хугацаандаа "мини-апельсин" төхөөрөмжийг ашиглан ховор шорооны элементүүдийн мужид изотопуудын задралд гарах конверсийн электроны спектрийг хэмжиж хэд хэдэн нуклидын задралын схемийг тодотгож, иж бүрнээр зохиох ажлыг гүйцэтгэсэн.

Энэ чиглэлийн судалгааны дүнг олон улсын бага хуралд илтгэж одоо энэ чиглэлээр "мини-апельсин" маягийн бета-спектрометрийн тусламжтай хэмжсэн спектрүүдийг боловсруулан цөмийн цахилгаан соронзон мультиполилогийг тодорхойлох, шинэ "O" шилжилт хайх талаар Дубнагийн эрдэмтэдтэй хамтарсан судалгааг шавь нарын хамт явуулж байна. Энэхүү цуврал судалгаа нь БСШУЯ-ны оны шилдэг бүтээлийн шагналыг 2005 онд хүртсэн.

Ж. Сэрээтэр цөмийн физикийн ололтыг улс ардын аж ахуйд нэвтрүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүн дэх үнэт ховор элементүүдийг тодорхойлох цөмийн физикийн арга боловсруулах болон үйлдвэрлэлиын процессийг хянахад зориулсан багаж төхөөрөмжийг зохион бүтээж нэвтрүүлэх ажлыг хийж, тухайлбал Бэрхийн жоншны үйлдвэрт хайлуур жоншны хүдэр дэх фторын хэмжээг хурдан тодорхойлох төхөөрөмжийг бүтээн туршин нэвтрүүлэхэд оролцсон, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт уурхайнуудаас автомашинаар ачиж ирсэн жоншны хүдэр дэх фторын хэмжээг шууд машин дээр нь хурдан тодорхойлдог нейтрон идэвхжилийн төхөөрөмжийг зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэрээт ажлыг удирдсан. Эдгээр төхөөрөмжүүд нь шинэ бүтээлийн гэрчилгээ авсан.

Ж. Сэрээтэр 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, сурах бичиг хэвлүүлсэн ба 30 илтгэлийн сэдвийг эрдэм шинжилгээний бага хурлын материалд, мөн шинжлэх ухааны хялбаршуулсан 14-н өгүүллийг хэвлүүлсэн. Ж.Сэрээтэрийн намтар, эрдэм шинжилгээний бүтээл нь ЦШНИ-ийн электрон мэдээллийн санд орсон болно.

Ж. Сэрээтэр "Цацрагийн аюулгүй байдал" сэдэвт төслийн ажлын удирдагчаар 2003-2005 онд ажиллаж манай улсын хэмжээнд дагаж мөрдөгдөх "Цөмийн цацрагийн аюулгүйн норм, үндсэн дүрэм"-ийг боловсруулсан.

Ж. Сэрээтэр 1985 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1995 онд дэд профессор, 2007 онд профессор цол хүртсэн. 1981 онд Ардын Хувьсгалын 60-н жилийн ойн медаль, 1996 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2005 онд Алтан гадас одонгоор шагнагдсан. Мөн 1996, 2002 онд МУИС-ийн Хүндэт жуух, 2003 онд шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдсан.

1965 онд Монгол Ардын Хувьсгалт Намд гишүүнээр элссэн. 2004 онд МАХН-ын ахмад зүтгэлтэн тэмдгээр шагнагдсан.

Профессор Ж. Сэрээтэр "Дээж дэх уран, торийн агууламжийг нарийн тодорхойлох арга боловсруулах" сэдэвт суурь судалгааны ажлыг удирдан ажиллаж байна.