Людвиг Борхардт

Людмиг Борхардт

Людвиг Борхардт (герман. Ludwig Borchardt; 1863 оны 10-р сарын 5-нд Берлинд төрсөн— 1938 оны 8-р сарын 12-нд Парис хотноо на барсан) — германы египт судлаач эрдэмтэн, алдарт «Нефертити»-г олсон хүн гэдгээрээ алдартай.

Намтар[засварлах | кодоор засварлах]

XVII зуунаас протестант шашин дагагч болсон чинээлэг жүүд гэр бүлд төрсөн. Зохиолч Рудольф Борхардт, Георг Борхардт нарын ах нь юм.

Людвиг Борхардт Адольф Эрманы удирдлага дор архитектур, египет судлалын чиглэлээр суралцсан байна. Зам барилгын салбарт ажилласны дараа тэрээр анхны Асуаны далан барих ажлын үр дүнд үерт автсан Фила арлын сүмээс түүхийн үнэт зүйлсийг аврах ажилд оролцох Эрманы саналыг хүлээн авч хамтран ажилласан байна. Борхардт сүмийн цогцолборын суурь болон сүм дэх бичээсийг судлахыг даалгасан.

Фила арал дээр ажлаа дуусгасны дараа Борхардт Каир дахь Египетийн музейн үзмэрүүдийн ерөнхий каталогийг эмхэтгэх ажилд оролцов. Борхардтын 1905 онд хэвлэгдсэн анхны шинжлэх ухааны бүтээл нь хаадын болон энгийн ард хүмүүсийн барималуудын каталог байсан юм.

1903 онд Борхардт банкир Эдуард Коэний охин Эмили (Мими) Коэнтэй гэрлэж, санхүүгийн байдлаа баталгаажуулж авчээ. Улмаар тэрээр Египет судлалд илүү их цаг зарцуулж, өөрийн зардлаар малтлага хийх боломжтой болсон байна. Удалгүй тэрээр Германы Засгийн газрын санхүүжилтээр Тебест "Герман байшин" барьж эхлүүлсэн бөгөөд уг "Герман байшин" нь Египет дэх Германы Соёлын төв болсон байна.

Германы Дорно дахины нийгэмлэгийн (Герман: Deutsche Orient-Gesellschaft) туслалцаатайгаар Борхардт нэгэн цагт Эхнатоны үеийн Эртний Египтийн нийслэл Ахетатаны байрлаж байсан Эль Амарнад 1911 онд малтлага хийж эхлүүлжээ. Нийтдээ дөрвөн судалгааны улирал зохион байгуулсан. 1912 оны 12-р сарын 6-нд эдгээр малтлагын үеэр Эхнатоны тэргүүн эхнэр Нефертитигийн баримлын хөрөг олджээ.

1913 онд Нефертитигийн баримлын хамрыг гипсээр зориудаар гэмтээсэн нь Египетийн эрх баригчдыг үнэ цэнэ багатай гэж хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн байна. Удалгүй дэлхийн нэгдүгээр дайн эхэлж, Борхардт Египетийг орхин явах болжээ. 1915 онд Каир дахь Германы Египетийн эртний олдворын хүрээлэнг хааж, 1923 онд л Борхардт дахин нээх эрхийг авчээ. 1927 онд түүний хүчин чармайлтаар Тебес дэх Соёлын төв дахин нээгдсэн боловч дайны өмнөх үеэс ялгаатай нь Борхардтын зөвшөөрөгдсөн малтлагын цар хүрээ маш хязгаарлагдмал болсон байв.

1931 онд Борхардт эхнэрийнхээ хөрөнгөөр ​​хувийн судалгааны хүрээлэн байгуулжээ. Дэлхийн 2-р дайны дараа энэ байгууллагыг Швейцарийн Эртний Египетийн Архитектур, Археологийн Хүрээлэн гэж нэрлэх болсон.

Людвиг Борхардт хэзээ Египетийг орхисон тухай мэдээлэл байдаггүй. Тэрээр 1938 оны 8-р сарын 12-нд Парист (зарим мэдээгээр Цюрих-д) нас барсан гэдэг.