Тайчууд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Тайчууд овог нь Боржигин овгийн нэг дэд овог ба Чингис хааны өвөг дээдэс болох Хайдугийн ач хүү Сэнгүнбилгээс уламжлан гарчээ. Тайчууд овог нь Боржигин овгийн өөр нэгэн хүчирхэг дэд овог Хиад Боржигины хамтаар 12-р зууны дунд үед Хамаг Монголын ханлигийг байгуулан хүчирхэгжиж байсан байна. Хиад боржигины Хабул хааны дараа Тайчууд овгийн Амбагай хаан ширээг залгамжилжээ. Амбагай дараа хаан ширээ буцаж Хабулын хүү Хутула хаанд шилжсэн байна. Чингис хааны эцэг Есүхэй баатар хорлогдон нас барсны дараа Тайчуудын Таргудай Хирилтуг түүний харьяат иргэдийг булаан авснаар уг хоёр овгийн хооронд дайсагнал үүссэн байна. Чингис хаан Монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол улсыг байгуулах явцад Тайчууд аймаг Таргудай Хирилтуг, Аучу баатар нараар удирдуулан эсэргүүцэн тэмцсэн боловч дийлдэн нэгтгэгдсэн байна.

Чингис хааны цэргийн нэрт жанжин Зэв Тайчууд өвөг болох Сэнгүнбилгийн дүү Бэсүдэйгээс гаралтай Бэсүд овгийн хүн байсан бол, хүлэг баатар Чулуун Тайчуудын дэд овог болох Сүлдүс овгийн байжээ. Тайчууд 10 дугаар зууны үед Сэлэнгэ мөрний хавь нутагт сууж ойн иргэдэд хамрагдаж байжээ. Сүүлдээ 12-13 зууны заагт Онон, Туулын бэлчирт нутаглаж Хамаг монгол буюу Есүгэй баатрын нэгтгэсэн улсын дотроос хамгийн хүчирхэг нь байв. Тайчууд гэдэг нь тайж гэдэг үгээс гаралтай.