Есүхэй баатар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Есүхэй баатар нь Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны эцэг байжээ. Есүхэйн эцэг Бартан баатар нь Хамаг Монголын Хабул хааны хоёр дахь хүү байжээ. Хамаг Монголын Хутула хаан нас барсны дараагаар Хамаг Монголын ханлиг тодорхой хангүй байсан боловч Хиад Боржигин овгийг Есүхэй баатар удирдаж байжээ. 1162 онд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэг бут цохин устгасан байна. Энэ үйл явдал түүний хатан Өэлүн үжин Тэмүжинг (хожим Чингис хаан) төрүүлэхтэй тохиосон тул хүүдээ Тэмүжин гэж нэр өгчээ.

Есүхэй баатар 1171 оны үед 9 настай хүү Тэмүжинг Хонгирадын Дай Сэцэний охин Бөртэтэй сүй тавин орхиж буцах замдаа Татар аймгийнханд хорлогдон нас баржээ. Чингис хаан 1202 онд Татар аймгийг дайлан эзлэсний дараагаар татар эрчүүдийг тэрэгний булд чацуулан алж устгахдаа урьд өмнө эцэг өвгөдийг нь хорлосныг (Есүхэй баатрыг хорлосон төдийгүй, өмнө нь Амбагай хаан, Охинбархаг нарыг барьж Алтан улсад өгч алуулж байжээ) дурдаж байжээ.

Есүхэй баатар Өэлүн, Сочигил гэсэн хоёр хатантай байсан бөгөөд Өэлүнээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ, Тэмүлүн (охин) гэсэн таван хүүхэд, Сочигилээс Бэгтэр, Бэлгүтэй гэсэн хоёр хүүтэй байжээ. Өэлүн үжнийг Мэргидийн Их Чилэдү эхнэр болгон авч явах замд Есүхэй баатар, өөрийн ах Нэгүүн тайж, дүү Даридай отчигины хамтаар булаан авж хатнаа болгож байжээ. Хожим үүгээр шалтаглан Мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинийг булаан авч байсан байна.