Тэмээ

Тэмээ
Нэг бөхт тэмээ, Camelus dromedarius
Нэг бөхт тэмээ, Camelus dromedarius
Хоёр бөхт тэмээ, Camelus bactrianus
Хоёр бөхт тэмээ, Camelus bactrianus
Биологийн ангилал
Аймаг: Амьтны
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Овог: Тэмээнийхэн (Camelidae)
Төрөл: Camelus
Карл Линней, 1758
Зүйлүүд

Camelus bactrianus
Camelus dromedarius
Camelus gigas (мөхсөн)
Camelus hesternus (мөхсөн)
Camelus sivalensis (мөхсөн)


Тэмээ () -Монголчуудын таван хошуу малын нэг, бод мал, өндөр том биетэй, гагагар хүзүүтэй, нуруундаа нэг буюу хоёр бөхтэй, хөлийн таваг нь хавтгай бөгөөд зөөлөн ултай, салаа туурайтай, үс ноос ихтэй, говь газарт бэлчээрлэн нутаглахад тохиромжтой, хивдэг, хөхтөн амьтан. Мах, сүү, арьс шир, ноосыг ашиглахаас гадна тээврийн хэрэгсэл, унаа болгон хэрэглэх зорилгоор гэршүүлсэн байна.

Орчин үед 3 төрлийн тэмээ байдаг. Ганц бөхтэй тэмээ (дромадер) буюу араб, хоёр бөхтэй тэмээ буюу бактриан, зэрлэг тэмээ буюу Хавтгай.

Байршил[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн тэмээний 90%-ийг Наран тэмээ (ганц бөхт), 9,6%-ийг Тэмээ (хос бөхт) эзэлдэг. Хятадын хойд говь, Монгол, Халимаг, Казахстан, Киргиз улс хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Хос бөхт тэмээний өвөг эцэг бол зэрлэг тэмээн гөрөөс “Хавтгай” юм. Энэ амьтан одоо ч манай орны Алтайн цаадах говьд амьдарсаар байна.

Венецийн аялагч Марко Поло 13-р зуунд анх дэлхийд мэдээлж улмаар 1870-1884 онд Оросын алдарт аялагч Н.М.Пржевальский Төв Азиар хэд хэдэн удаа том судалгааны аялал хийхдээ Монгол орноор дайрч Хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон Орос руу авч явсан байдаг. Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь 5000 жил болж байна гэж үздэг. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсний дүнд Хүннү гүрэн, Монгол хэмээх улс үүсч хөгжих үндсийн нэг болсон гэж мөн үзэж болно. Өөрөөр хэлбэл тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход хэцүү юм. Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй болсон, элсэн хөрсөнд явах зөөлөн өргөн тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамалаар хооллох, олон хоногийн өл даах чадвартайг нь танин мэдэж гэршүүлж уналга эдэлгээнд ашиглах болсон байна.

Бие махбодь[засварлах | кодоор засварлах]

Тэмээний цээжин хэсгийн яс бөгсөн биеэсээ хүчирхэг том түүнээ дагаж булчингийн хөгжил цээжин талдаа илүү байдаг байна. Ууцны яс, харцаганы нугаламтай уян холбогдсон нь түүнийг зөөлөн явдалтай болгодог ажээ. Тэмээ хэвтэхдээ залааны 2, өвдөгний 2, тойгны 2, өвчүүний 1 бүгд долоон сайран дээр тулдаг учир зундаа +60-70 хэм хүртэл халж, өвөлдөө 30 хэм хүртэл хүйтэрдэг газрын гадаргаас биеийг нь тусгаарлан хамгаалдаг байна.Тэмээний арьс нягт зузаан, атираагүй, уян, хөлсний булчирхай нь голчлон суга цавиар байрладаг нь хөлөрч ус чийг алдахаас хамгаалдаг. Тэмээний уруул хөдөлгөөн сайтай, сэтэрхий уруулынх нь баруун, зүүн тал тус тусдаа хөдөлдөг нь говийн ургамалаар хооллох зохилдологоог буй болгожээ. Энэ онцлогоосоо хамаарч тэмээний сур, үдээр хатахдаа татаж хатаж сунадаггүйг эртнээс мэдэж ханын үдээр, авдар савны углуурга, заадал эмээлийг хүртэл наалгүйгээр тэмээний арьсаар бүрж, үдэж хийж ирсэн байна. Үсэн бүрхүүл нь сор үс, завсрын үс буюу ноолуураас тогтдог сайн чанарын ноостой, уян зөөлөн, дулаан тул төрөл бүрийн утас, ноосон эдлэл, хөвөнгийн оронд дээлэнд тавьж ашиглаж иржээ. Дэлүү нь бөөрний хавьд өлөнгийн хонхор тушаа байрладаг тул амархан гэмтдэг. Хашир малчид тэмээг унагах, цохиж нүдэхээс болгоомжилж бөөр нь уначихна гэдэг нь ийм учиртай. Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг. Үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг 30-аад км-ийн цаанаас мэдэрдэг гэдэг. Иймээс ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа малчдад хань түшиг болж, хайр булаадаг амьтан юм.

Ямарваа амьтан ус чийгийг амьсгалаар, хөлсөөр, ялгадсаар алддаг. Тэмээний хамар урт нарийн тул амьсгалаар усыг ууршуулдаггүй. Хамрын хөндийн салст бүрхүүлийн олон үрчлээс ус ууршихаас хамгаалж конденсацлаж үлдээдэг. Нэг минутад 8-10 удаа амьсгалдаг нь усыг ууршихаас хамгаалах бас нэг биологийн зохицолдолгоо юм. Говь цөлийн өвс ургамал, ус, эрдэс бодис ихтэй байдгаас тэмээ давс хужрыг ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн дотоод осмос даралтыг ихэсгэж ус хадгалан барих чадварыг нэмэгдүүлдэг. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж, өл даах чадвараараа бусад ямар ч мал, амьтнаас илүү юм. Тэмээ хэдэн долоо хоногоор ус уухгүй байж чадна. Энэ үед шээс нь өтгөрч 0.5 л хүртэл буурна. Тэмээ усаар дутагдсан үедээ бөөрнийхөө сүвнүүдэд хуримтлагдсан шээсээ эргүүлж шингээн гүзээндээ буцаах чадвартай бөгөөд гүзээнд буцаж ирсэн шээсийг тэнд орших бичил биетнүүд уураг болгон хувиргах замаар илүүдэл бодисоо дахин ашиглах, усны хэрэгцээгээ хангах зохилдлоготой болжээ. Тэмээний бас нэг сонин зохилдолгоо бол агаарын температур ихсэх үед хөлөрч усаа алдахгүйн тулд биеийн температураа нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг явдал юм. Тэмээ бөхнийхөө өөхийг задлан ус болгож чадна. Өдөрт 80 л хүртэл ус уудаг. Үүнийг гүзээндээ олон хоног хадгалан аажим зарцуулж чаддаг байна. Биедээ их хэмжээний өөх хуримтлуулдаг 2 бөхнөөс гадна гадар, дотор өөх нь 80-100 кг хүрдэг. Энэ нь 900.0 гаруй мянган кило-калоритой тэнцэх илчлэгийн нөөц юм. 100 гр. өөх задрахад 107 мл ус гаргадаг гэж үзэхэд тэмээний усны дутагдлыг хангах нэг эх үүсвэр нь өөх болдог. Туршилтаар тэмээг идүүлэх ч үгүй, услах ч үгүй байлгахад 56-70 хоног, өвс өгч услахгүй байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-131 хоног тэсч байжээ. Тэмээг удаан хугацаагаар цангаахад биеийн жингийн 1/3-ийг буюу 200 кг жин алдах үед услахад 3 минутын дотор усны алдагдлыг нөхдөг гэж үздэг. Тэмээ ердийн нөхцөлд өтгөн бага, хуурайвтар хоргол гаргадаг нь бас л усны алдагдлыг багасгаж байгаа бөгөөд, жин үдийн халуун нарлуу харж идээшилдэг нь нарыг биеийн бага талбайд тусгах зохилдлогоо юм.

Монгол орны цаг агаарын тачир, хахир байдал, зундаа туйлын халуун, өвөлдөө тэсгим хүйтэн байдаг нь энд амьдах амьтан бүрийг тэсвэр, тэвчээртэй болгодог. Говь нутгаас олдох үл давтагдах, хосгүй амьтдын нэг нь хоёр бөхтэй тэмээ юм. Энэ амьтан Говь цөлийн хатуу хөтүү нөхцөлд хамгийн төгс гэмээр зохицдог. Монгол орон тэмээг одоогоос 3000 жилийн өмнөөс анх гаршуулж, гэршүүлэн өсгөн үржүүлсэн ууган орон, дэлхийд ховорхон болоод байгаа хос бөхт тэмээний удмын санг хадгалан үлдсэн цөөн орны нэг бөгөөд энэ аварга, амгалан амьтнаас дэлхийн хамгийн дулаан ноосыг гаргаж авдаг. Монгол улс нь дэлхийд хамгийн олон хоёр бөхт тэмээтэй. 2012 оны мал тооллогын дүнгээс харахад тэмээн сүргийн тоо толгой 279,6 мянгад хүрсэн. Тэмээний ноос нь ноолуур, завсрын үс, хялгаснас бүрдэх бөгөөд ноолуур агууламж нь хонины бүдүүн ноосныхоос их, зунгаг багатай, гол төлөв өөрийнхөө өнгөөр хэрэглэгддэг. Ойролцоогоор 1400 тонн тэмээний ноос бэлтгэдэг. Тэмээний ноос нь дулаан хадгалах чадвар сайтай, ноолууртай харьцуулахад ширхэгт нь урт 45мм-ээс дээш бөгөөд бөх бат чанараараа давуу байдаг. Дундаж хэмжээтэй тэмээ жилд ойролцоогоор тав гаруй кило ноос өгдөг. Монгол тэмээний ноосны наян хувь нь 21-25 микроны диаметртэй байдаг нь ноосыг онц сайн чанартай, зөөлөн, дулаан болгодог. Нэг килограм тэмээний ноосонд 2.5 метр ноосон утас, 1 метр квадрат хөнжил, 1-1.5 хүзүүтэй урт цамц эсвэл 4 ороолт хийх материал агуулагдана. Монгол тэмээний ноос дунджаар 37 см урт бөгөөд диаметрын хувьд 20-120 микроны хооронд хэлбэлзэнэ. Тэмээний зөөлөн үс дунджаар 12.5 см урт бөгөөд диаметрын хувьд 19-24 микроны хооронд хэлбэлзэнэ. Монгол тэмээний ноос нь хувцас хийхэд ашиглагддаг бусад нэхмэл, хөвмөл материалуудын утастай харьцуулахад илүү эдэлгээ сайтай байдгаараа онцлогтой. Мөн тэмээний ноосны хамаг сайн чанаруудыг агуулсан ботгоны ноос нь хөнгөн, зөөлөн чанараараа гайхуулдаг бөгөөд нэг, хоёр настай ботгоны ноос дэлхий зах зээл дээр хамгийн үнэтэй байдаг. Тэмээний ноосонд эмчилгээний чанартай ланолин агуулагддаг. Энэ нь статик нөлөөлөлд орохгүй, тоос татахгүй бөгөөд цусны микро эргэлтийг сайжруулж, дулаацуулах чанартай. Тэмээний ноосны хуурай дулаан нь эмчилгээнд чанартай, нервийн үрэвсэл, мэдрэлийн судасны үрэвсэл, үе мөчний үрэвсэл болон шархираа өвчин намдаадаг гэгддэг. Тэмээний ноос нь чийг тусгаарлах ба утасны бүтэц нарийн тул агаар дамжуулдаг. Тэмээний ноосон хувцас өмсөх нь арьсыг чимчигнүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг эерэг талтай.

Урт, сэгсгэр сормуус нь тэмээний том нүдийг элсээс хамгаалж, шаардлагатай бол ангарсан хамрын нүхийг сайтар хаадаг байна. Тэмээ маш сайн хараатай: тэд алхаж буй хүнийг нэг километрээс, хөдөлж буй машиныг 3-5 километрийн зайнаас харж чаддаг. Тэд чийгийг маш сайн үнэртэж мэдэрдэг, 40-60 км-ийн зайд цэнгэг бэлчээр эсвэл цэнгэг усны үнэрийг мэдрэхээс гадна тэмээ тэнгэрт аянга цахилгаантай үүлийг анзаарч, бороо орж цийг буух газар руу явдаг байна.

Тэмээ дунджаар 30-37 жил насалдаг амьтан юм. Тэмээ амгалан дөлгөөн зантай, бэлчээрт тархан идээшилдэг. Уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог зан авиртай. Дуу хуур, уянгалаг аялгуунд уярамтгай. Энэ чанарыг нь ашиглаж ингэнд ботго авахуулна. Үнсэн дээр хөрвөөх дуртай, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай. Өл хоол даах чадвараараа таван хошуу мал дотроо харьцуулахын аргагүй тул олон хоногийн аян жинг дааж чаддаг. Хэвтэхэд нь "сөг”, ”сөг” гэж сургана. Ачаа ачаад буюу унаад босгохдоо “хөөг” гэж туух, эргүүлэхдээ “хөөж”, ”хаа” гэж , тэмээг хужирлахдаа “тоор”, ”тоор”, ингийг ботгондоо ирэхэд “хөөс”, ”хөөс” гэж аажуу тайвуун дуу аялгуу гаргаж сургавал буруу зан сурдаггүй байна. Тэмээтэй аль болох аядуу зөөлөн харьцах тутам амархан ээнэгшиж чаддаг. Тэмээнийхээ зан араншингаар тэнгэрийн байдал цаг агаарыг шинжиж чаддаг нь монгол малчны их гайхалтай ажиглалтын үр дүн юм.

- ботго залуу тэмээд тонгочиж тогловол тэнгэр мууддаг

- тэмээ жалга, нөмөр бараанд салхины уруу харж хэвтэвэл тэнгэр хүйтэрнэ

- ингэ ботгондоо хоргодон буйлаад байвал цас бороо орно г.м.

Монгол малчин тэмээг гаршуулж нөхөрлөснөөр түүний зан араншин, биологийн онцлогийг танин мэдэж, ногт, буйл, бурантаг буй болгон ботгоноос нь барьж, тавьж номхруулан, 2-2.5 настайд нь буйллаж уналганд сургана. Тэмээг буйллаж, бурантгаар хөтлөх аргыг зөвхөн монголчууд хэрэглэдэг. Буйлыг модоор зорж хийдэг ба энэ нь машинаар бол руль нь гэсэн үг буюу тэмээг аль зүг рүү явахыг чиглүүлж өгдөг зүйл юм. Буйллахын тулд ногтолж таваглан даруулаад буйлаар нь юм уу, оонын эврээр хийсэн соёо, эсвэл хоёр талдаа иртэй гилбэр хэмээх тусгай төмрөөр хамрыг нь цоолж буйландаа товх хийж буруу талаас нь буйлаа хийж зөв талд нь мөн товх хийгээд бурантаг уядаг. Тэмээг 2-3 настайд нь унаж сургадаг бол 4-5 насанд нь ачилга, хөллөгөнд сургадаг. Ачлаганд сургахдаа хомнож номхон тэмээний араас хөтөлж сургаад аажмаар хөнгөн ачаанд дасгана. Тэмээ нуруундаа 200-240 кг, тэргэнд хөллөсөн үед 400-500 кг ачаа тээж чаддаг. Аян жинд явахдаа тэмээний хамрыг гэмтээхгүйн тулд бурантгийг нь урд тэмээний татлаганд өвс шүүрч байхаар зайтай хавчуулж хэлхдэг учир тэмээн ачаа тасарч хоцрохоос сэргийлж сүүлчийн тэмээний хүзүүнд хонх зүүдэг. Аян жинд явах тэмээг 10-15 хоног сойно. Тэмээг уяж сойсноор бие нь хагсарч өлчиржин, ул таваг нь бөхөждөг онцлогтой. Номхон тэмээг ганц хүн ачих тохиолдолд 1 м орчим урт үзүүртээ ац буюу тээглүүртэй хоёр тийш нь сураар тэнцүү гоцоо гаргасан “Хүн мод” хэрэглэн ачна. Хоёр тийш гаргасан суран гогцоог тэмээний шатанд углаж татлагаа дээр нь тавиад хүн модоо налуу байрлуулж үзүүрийг газар хатган тэнгээ ачаад нөгөө талд нь гарч ачдаг арга юм.

Эрдэмтдийн тогтоосноор жингийн тэмээ цагт 3.5-4.5 км, хоногт 30-40 км явдаг бөгөөд алсын аянд гурав хоног яваад нэг өдөр амардаг байна. Өмнөговь аймгаас Улаанбаатар хүртэл цагт 4 км,хоногт 37 км газрыг туулж 740 км газрыг 20 хоногт туулдгийг тогтоосон байна.

Тэмээний махыг өргөн дэлгэр биш ч гэсэн хүнсэнд ашигладаг. Тэмээний махыг удаан хугацаагаар нөөцөлж халгалан хэрэглэх нэг арга бол говийн малчдын уламжилж ирсэн борц хийх арга юм. Тэмээний 1 кг борцны илчит чанар 1326.3 ккалори байдаг бөгөөд дундаас дээш тарга хүчтэй тэмээний мах борц хийхэд илүү тохиромжтой. Ингийг зун, намар өдөрт 2 удаа, өвөл хаварт нэг удаа сааж өтгөн, амт чанар сайтай, эмчилгээний ач холбогдолтой, удаан хадгалагдах чадвартай сүү авч ашигладаг. Ингэний сүү цусны судас хатуурах, атеросклероз зэргээс сэргийлж, нарны болон бусад хортой цацрагийн нөлөөнөөс хамгаалах үйлчилгээтэй хүнсний үнэт бүтээгдэхүүн юм. Айраг исгэж, бүлж тосыг ялган авна, сүүг хөөрүүлж өрөм загсааж хураан шар, цагаан тос хийнэ. Айраг ундааг буцалгаж өтгөрүүлээд шүүж аарц, хурууд хийнэ. Ингэний сүү өтгөн байдаг тул цай сүлэхэд маш бага ордог өвөрмөц онцлогтой.