Фернан Магеллан
Фернан Магеллан (Португалаар Fernão de Magalhães, Испаниар Fernando de Magallanes, 1480 оноос - 1521 оны 4 сарын 27) нь Португалын далайчин, эрэлчин ба түүхэнд анх удаа Европоос баруун тийш Номхон далайг гатлан Дэлхийг бүтэн тойрсон аяллыг удирдсан хүн юм. Тэрээр Португалын Себросад төрсөн ба бага байхдаа ордны дагуулаар орсон байна. 1505 онд 25 настайдаа анхны усан онгоцны аялалд гарчээ. 1512 онд Лиссабонд буцаж ирээд дараа жил нь Марокко дахь тулаанд оролцсон ба энэ үедээ баруун хөлдөө шарх авснаас үүдэн хөл муутай болжээ. Магеллан Португалаас гарч Испанид очсон бөгөөд тэнд гэрлэсэн байна.
Дэлхийг тойрон аялсан нь
[засварлах | кодоор засварлах]1517 онд Магеллан Испанийн хаан 1-р Карлост бараалхахдаа Малакка арал уруу баруун зүгээр чиглэн явах усан замын эрлийн талаар айлдаж, өөрийгөө дэмжүүлж чадсанаар аяллын багаа бүрдүүлж чаджээ. Хаан түүний яриаг ихэд таашаан хүлээж авсан бөгөөд аяллын багийн удирдагчаар томилсон байна. 1519 оны 9 сарын 20-нд тухайн үеийн байлдааны усан онгоц болох Тринидад (110т) Trinidad, Сан Антонио (120т) San Antonio, Консепшон (90т) Concepcion, Викториа (85т) Victoria, Сантьяго (74т)Santiago гэсэн 5 хөлөг, нийт 270 багийн гишүүдтэйгээр Санлукар дэ Барамэда Sanlucar de Barrameda боомтоос хөдөлжээ. Атлантын далайг гаталсны дараа, Өмнөд Америкийн эх газрын урд зүг уруу чиглэн уруудан явсан ба 1520 оны 1 сарын 9-нд Рио дэ ла Плата мөрөнд тулж очив. Тухайн үед энэ мөрнийг Номхон далай руу гарах хоолой гэж бодоцгоож байсан ч Магеллан сайтар нягтлан шинжилснээр хоолой биш болохыг тогтоосон аж. Урам нь хугарсан багийнхан өмнөдийн нэгэн аралд өвлийг өнгөрөөхөөр шийдсэн ба найдвар нь тасарсан хөлгийн гишүүдийн дундах бухимдал нь 3 хөлөг хамарсан мөргөлдөөнд хүргэсэн гэдэг. Мөргөлдөөн 5 өдрийн дотор намджээ. Баг 1520 оны 8 сарын 24-нд аяллаа дахин үргэлжлүүлж улам урагшаа чиглэн явсан ба замд Сантьяго хөлөг эвдэрч сүйржээ. Мөн оны 10 сарын 21-нд хайж байсан өрнөдийн далай уруу гарах замыг олов. Энэ нь одоогийн Магелланы хоолой юм. Гэвч энэхүү хоолойг гатлах хүнд хэцүү замд багийн хамгийн том хөлөг болох Сан Антонио ихээхэн хоол хүнс ачсан чигтээ Испани уруу буцаж зугтсан байна. Ийнхүү Магелланы аяллын бүрэлдэхүүн 3 онгоцтой болж хоцров.
Номхон далай
[засварлах | кодоор засварлах]1520 оны 11 сарын 28-нд Магеллан болон түүний баг хоолойг гатлан том далайд гарчээ. Энэ уудам далайгаар аялах замд нэг ч шуурга тааралгүй тайван дөлгөөн байсанд баярласан Магеллан "Номхон далай" нэрийг өгсөн ажээ. Гэвч үүнээс цааш дахин тамын зам угтаж байлаа. Далайд гарснаас хойш эцэс төгсгөлгүй их ус үргэлжлэн, дунд нь хүнгүй 2 арал таарсан ч 100 өдрийн турш хоол хүнс сэлбэж чадалгүй өлсөж зовсон байна. 1521 оны 3 сарын 6-нд арай гэж хүн амьдардаг арал таарч хоол хүнс дээрэмдсэн боловч нутгийн иргэдэд эргээд дээрэмдүүлжээ. Энэ нь одоогийн Гуам арал гэж үздэг. 3 сарын 16-нд Филиппиний хамгийн өмнөд хэсэг болох Хомонхон аралд хүрэв. 3 сарын 28-нд Филиппиний Сэбү аралд очив. Тэнд буухдаа удаан хугацаанд авч явсан малай зарц болох Энрикэг элчээр явуулсан ба тэрээр тэндхийн уугуул хүмүүсийн хэлийг ойлгож байлаа. Энэ нь урьд зүүн зүг уруу гарсан далайн замд таарсан малай хэлтэй дахин таарсан буюу өөрөөр хэлбэл Магеллан дэлхийг бүтэн тойрсон гэсэн үг юм.
Үхэл ба аяллын төгсгөл
[засварлах | кодоор засварлах]Сэбү арал дээр Удирдагч болох Ража Хумабонтой уулзаж, түүнийг Христийн шашинд итгүүлдэг. Ражаг Хаан гэж хүлээн зөвшөөрөхийг ойр орчмын арлуудаас шаардсан боловч хөрш Мактан арлын толгойлогч Лапу Лапу эсэргүүцэж Магеллантай дайтав. Энэхүү тулаанд Магеллан ялагдаж 4 сарын 27-нд амиа алджээ.
Үлдсэн хөлгийн багийнхан маш цөөхүүл байсан бөгөөд нилээд эвдэрсэн Консепшон онгоцоо Сэбү аралд шатааж хаяв. Ингээд сүүлчийн 2 хөлгийн ахмадууд ахлан дахин замдаа гарч, төөрч будилсан ч 1521 оны 11 сарын 8-нд анх зорьж гарсан бариа болох Малакка (Молука) аралд хүрлээ. Их хэмжээний халуун ногоо ачсан Тринидад хөлөг эвдэрч том засвар хийхээс аргагүй болсон байна. Ингээд Викториа хөлөг дүүрэн халуун ногоо ачаад ганцаар Өрнөдийг чиглэн харих замд гарсан болно. 1521 оны 11 сарын 21-нд арлаас хөдөлсөн Викториа онгоц 1522 оны 9 сарын 6-нд Испанид буцаж ирсэн бөгөөд 3 жилийн аян замаас эсэн мэнд буцаж ирсэн нь ердөө 18 хүн байлаа. Магелланы аялал Дэлхий бөөрөнхий гэдгийг нотолсон ба Их Нээлтийн үед маш том нөлөө үзүүлсэн гэж үздэг.