Фридрих Ницше

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Фридрих Ницше

Фридрих Вилхелм Ницше (1844 оны 10 сарын 151900 оны 8 сарын 25) (Friedrich Wilhelm Nietzsche) нь 19-р зууны нөлөө бүхий агуу сэтгэгчдийн нэг, германы гүн ухаантан, зохиолч байв.

Фридрих Ницше 1844 оны 10 сарын 15-нд тэр үеийн Пруссын Рүхэн хотод төржээ.

Түүнийг таван настай байхад нь лютеран сүмийн лам байсан эцэг нь нас барж, тэрбээр ээжийнхээ гар дээр өсөж, гэртээ эмэг эх, төрсөн эгч, мөн хоёр нагац эгчийн хамт амьдардаг байв. Бонн болон Лейпциг дахь их сургуулиудад сонгодог хэл бичгийн ухааныг эзэмшиж, хорин дөрвөн насандаа Базелийн их сургуульд багшаар оржээ. 1879 онд эрүүл мэндийн байдлаас болж (толгойны архаг өвчин туссан болоод хараа нь их муудсан учир) тэтгэвэрт гарахад хүрсэн. Түүнээс хойш Ницше уран бүтээлээ чөлөөтэй туурвисан, харин 1889 онд эдгэшгүй сэтгэц мэдрэлийн өвчин тусаж, оюун санааны эрс доройтолд орсон байна. Амьдралынхаа сүүлийн арав гаруй жилд тэрбээр сэтгэцийн эмгэгийн эмнэлэгт эрчимтэй эмчлүүлж орчин тойрноо ухаарч мэдэхээ больсон эмгэнэлт байдлаар 1900 оны 8 сард Веймарт нас баржээ.

Ницшег гүн ухаантны хувьд амжилтад хүргэхэд нь эртний грекийн соёл, ялангуяа Аристотель, Платон нарын философи, германы сэтгэгч Артур Шопенгауэрын үзэл, Дарвины хөгжил хувьслын онол болон германы хөгжмийн зохиолч Вагнертай нөхөрлөж явсан зэрэг нь ихээхэн нөлөөлсөн байна.

Ницшегийн арвин их уран бүтээлүүдээс Эмгэнэлт жүжгийн эхлэл (1872), Заратустра өгүүлсэн нь (1885), Сайн муугийн цаана (1886), Ёс суртахууны гарал үүсэл (1887), Антихрист (1888), Ессэ Homo (1889), Эрх мэдлийн хүслэн (1901) зэрэг зохиолуудыг дурдаж болно.

Ницшегийн итгэж байснаар өрнө дахины шашны уламжлалт ёс зүй нь өдгөө мн чанараа алдж хувь хүмүүсийн амьдралыг тэтгэж чадахаа больсон аж. Өөрийн энэ бодлоо "Бурхан нэгэнт үгүй болжээ" хэмээн илэрхийлэн тунхагласан байна. Тэрбээр христийн номлолд шүүмжлэлтэй хандаж, үүнийг "боолчлох ёс суртахуун" гэж нэрлэж байсан, учир нь хүмүүсийг ёс суртахууны нэгэн хэм хэмжээнд хязгаарлан барьж байх зорилготой бөгөөд чухам сул дорой, номхон, гэнэн хүмүүст энэхүү номлол нь үйлчилж, өөртөө татаж байдаг гэж үздэг байв.

Харин Ницше "өөртөө эзэн байх ёс суртахууныг" санал болгож байсан бөгөөд нийгмийн тогтсон хэм хэмжээг эвдэж чадах хүчирхэг, төгс төгөлдөр, бие даан сэтгэж буй Сод хүнийг өндрөөр үнэлсэн байна. Түүний үзэж байснаар "бүлэг буюу сүрэг хүмүүс" ямагт аливаа нэгэн уламжлал, ёс заншлаас хамааран шалтгаалдаг бол Сод гэгч хүн нь бусдаас ялгагдах онцлог шинж чанартай, өөрийн сонирхол хүслээ хянаж чаддаг, шашны номлодог диваажинд бус бодот ертөнцийг шүтэж итгэснээр хүний амьдралд тохиолддог зовлон гасланг бүрэн мэдэрдэг, үргэлж шинэ зүйл, шинэ харилцааг тууштай бүтээж явдаг аж.

Хэдийгээр Ницше ийм агуу Сод хүн хараахан бий болоогүй гэж санжуулж байсан боловч хэд хэдэн хүмүүсийг үлгэр жишээ болгож дурьдсан байдаг. Үүнд: Сократ, Есүс, Леонардо да Винчи, Микеланжело, Шекспир, Гёте, Юлий Цезарь, Наполеон зэрэг хүмүүсийг нэрлэжээ.

Ницшегийн ёс суртахууны гол цөм нь амьдралын үндсэн хөдөлгөгч хүч бол хувь хүний эрх мэдэлтэй байх хүсэл эрмэлзэл мөн гэсэн санаа юм. Эерэг буюу зөв талаас нь авч үзвэл энэ нь бүхнээс илүү болж бусдыгаа захирж дарлаж байхын нэр огтхон ч биш, харин өөрөө өөрийгөө эзэмдэх сэтгэлийн тэнхээтэй байх, бие даасан бүтээгч сэтгэлгээтэй болох явдал юм. Харамсалтай нь, түүний энэхүү төгс төгөлдөр Сод хүний тухай үзэл баримтлалыг нь эзэн боолын харьцаат нийгмийн жишээ болгон тайлбарлаж, дарангуйллын тоталитар гүн ухаантай холбон буруугаар ойлгож иржээ.

Фридрих Ницше Германы төдийгүй нийт өрнө дахины уран зохиол, шашин судлалд гүнзгий нөлөө үзүүлсэн сэтгэгч юм. Жишээ нь, түүний дэвшүүлсэн үзэл санаа нь германы философич Мартин Хайдеггер, АНУ-ын теологч Паул Тиллих, еврейн гүн ухаантан Мартин Бубер, францын зохиолч Албэр Камю, Жан-Поль Сартр зэрэг нэрт эрдэмтэн зохиолчдын уран бүтээлд тусгалаа олжээ.