2008 оны 7 сарын 1-ний үйл явдал
2008 оны 7 сарын 1-ний үйл явдал нь Монгол улсад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал нь хүчирхийлэл болон хувирсан үйл явдал юм. Энэ өдөр Монгол улсын улс төрийн түүхэнд олон янзаар дурсагдах үйл явдал болсон. Энэ өдрийн урд өдөр 2008 оны 6 сарын 30-ны өдөр Монгол улсад парламентын сонгууль болсон. Сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгууллаа гэсэн урьдчилсан дүнгүүд гарч байгаа тухай албаны зарим хүмүүс урьдчилсан байдлаар мэдээлж байв.
Энэхүү сонгуулийн урьдчилсан дүнг эсэргүүцсэн хүмүүс Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр олноороо очиж үзэл бодлоо илэрхийлж, үг хэлж байв. Мөн оройн цагаар Сүхбаатарын талбай дээр шоу тоглолт болох тухай зар гарсан гэж хүмүүс ярьдаг.
Хүмүүсийн жагсаал нь Сүхбаатарын талбай дээрээс МАХН-ын байр луу чиглэсэн. Үдээс хойш хүмүүс МАХН-ын байрны гадаа очиж үг хэлж, уулзах шаардлага тавьсан. Гэвч МАХН-аас албаны хүн гарч ирээгүй бөгөөд энэ үед цагдаа нар ирж намын байрыг хамгаалан дотогш нэвтрэх гэсэн хүмүүст саад хийж эхэлсэн. Амгалан байдлаар эхэлсэн жагсаал нь сүүлдээ хүчирхийлэл үймээн болж хувирсан. Энэ үйл явдлыг Улаанбаатар хотод ТВ-ээр шууд дамжуулсан. Энэхүү үйл явдалд олон мянган иргэд оролцсон.
Хүмүүс цагдаа нартай зодолдож, чулуу шидэж, цагдаа нар бороохой хэрэглэж байсан. Улмаар хүмүүс хүч түрэн намын байр луу нэвтрэн орсон. Хаанаас эхэлсэн нь тодорхой бус гал түймэр гарч, намын байр шатаж эхэлсэн. Жагсаж буй хүмүүс гал руу Молотов коктейл шидэж байгаа харагдаж байсан.
Цагдаа нар хүч нэмэгдүүлэн резинэн сумтай буу ашиглан жагсагчид руу буудаж эхэлсэн. Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзалт хийн, шөнийн 12.00 цагаас онц байдал зарлах шийд гаргасан. Онц байдал зарлаж буй талаар ТВ-ээр мэдээлэл хийсэн.
Онц байдал зарласантай холбогдуулан армийн цэргүүд Улаанбаатар хотод орж ирэн үүрэг гүйцэтгэсэн. 7 сарын 1-ээс 2 шилжих шөнө жагсагчид руу байлдааны зэвсэг хэрэглэсэн явдал гарсан бөгөөд 4 хүн буудуулж, 1 хүн түймэрт өртөж нас барсан. Үймээний дараа цагдаагийн газар ажиллаж үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилсан ба түүнээс 200 гаруй иргэнд шүүхээс ял оноосон. Галт зэвсэг хэрэглэсэн цагдаа нарын асуудлыг Улсын Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газраас шалгаж байгаа бөгөөд мөрдөлт шалгалт одоогоор дуусаагүй байна.