АНУ-ын Холбооны Засгийн газар
АНУ-ын Холбооны Засгийн газар (англи. Federal government of the United States, U.S. federal government, U.S. government) —1787 онд АНУ-ын Үндсэн хуулийг анх баталж байгуулсан АНУ-ын Үндэсний хэмжээний Төрийн удирдлагын гүйцэтгэх засаглалын тогтолцоо юм.
АНУ-ын Холбооны Засгийн газрын эрх мэдэл нь 50 муж улс, Колумби дүүрэг, өөрөө удирдах ёсны таван том нутаг дэвсгэр, хэд хэдэн арлын эзэмшил зэргийг АНУ-ын Үндсэн хууль ба АНУ-ын мужуудын эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлдэг байна.
АНУ-ын Үндсэн хуулийн 2-р зүйлд заасаны дагуу гүйцэтгэх эрх мэдлийг АНУ-ын ерөнхийлөгчид даатгадаг. Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн (ёслолын үүрэг гүйцэтгэдэг) бөгөөд Холбооны Засгийн газрын тэргүүн (гүйцэтгэх засаглалын тэргүүн) гэсэн хоёр үүргийг хослуулан гүйцэтгэдэг байна.
АНУ-ын Ерөнхий Прокурор, АНУ-ын Шуудангийн Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын бүх гишүүдийг буюу төрийн төв агентлагийн дарга нарыг "нарийн бичгийн дарга" (англи. Secretary) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь АНУ-ын Засгийн газрын тогтолцоонд сайдын албан тушаалтай дүйцдэг юм. Монгол хэл дээрх баримт бичигт "сайд" гэсэн нэр томъёог ашигладаг. Харин эдгээрээс "АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга" гэж монгол хэл рүү шууд орчуулдаг бөгөөд Гадаад хэргийн сайдын албан тушаал юм.
Засгийн газрын гишүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч санал болгож, энгийн олонхийн саналаар баталгаажуулахаар АНУ-ын Сенатад өргөн мэдүүлдэг. Хэрэв уг албан тушаалд томилохыг Сенат зөвшөөрвөл тэд тангараг өргөж, дараа нь үүргээ гүйцэтгэж эхэлдэг. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга, АНУ-ын Тагнуулын төв газрын дарга зэрэг АНУ-ын холбооны засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийн хэд хэдэн чухал албан тушаалтнууд мөн Сенатаас баталгаажсан байх ёстой боловч Засгийн газрын Танхимын гишүүний албан тушаалын зэрэглэлд ордоггүй байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Засгийн газар нь Холбооны болон Бүгд найрамдах зарчмууд дээр суурилдаг бөгөөд үүний дагуу Холбооны Засгийн газар болон мужийн Засгийн газруудын хооронд эрх мэдлийн хуваарилалт дээр тулгууралдаг байна. Холбооны Засгийн газар ямар эрх мэдэлтэй байх ёстой, муж улсын засгийн газрууд ямар эрх мэдэлтэй байх ёстой зэргийн зарчмуудыг тайлбарлах, хэрэглэх нь АНУ-ын Үндсэн хууль батлагдсан өдрөөс хойш маргааны сэдэв байсаар ирсэн. Холбооны төв ба мужуудын хоорондох эрх мэдлийн хуваарилалтын асуудал нь Америкийн төрийн тогтолцооны анхны томоохон асуудал болж, түүний үндсэн дээр АНУ-ын анхдагч нам-улс төрийн тогтолцоо бүрэлдэн тогтсон түүхтэй.
Америкийн иргэний дайнаас хойш (1861-1865) Холбооны засгийн газрын эрх мэдэл асар хурдацтай өссөн боловч Америкт хууль тогтоох эрх мэдэл хүчтэй байсан үед (жишээлбэл, Иргэний дайны дараах эхний арван жилд) мужууд хууль тогтоох санаачилга, гүйцэтгэх эрх мэдлээр эсвэл шүүхийн тогтолцооны хүрээнд үндсэн хуулийн хуулийг тайлбарлах замаар холбооны эрх мэдлийг хязгаарлаж байсан юм. Одоогийн байдлаар Холбооны эрх мэдлийн хязгаартай холбоотой иргэд, мужууд болон Холбооны засгийн газрын хооронд үүссэн бүх маргааныг АНУ-ын Дээд шүүх шийдвэрлэх ёстой юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн Танхим
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Ерөнхийлөгчийн Танхим (англи. Cabinet of the United States) АНУ-ын Сенатын зөвшөөрсөнөөр АНУ-ын Ерөнхийлөгчийн томилдог АНУ-ын Холбооны Засгийн газрын гүйцэтгэх засаглалын дээд удирдах албан тушаалтнууд ордог байна.
Орчин үед энэхүү Танхимд 15 сайд ордог бөгөөд дараах яамдыг удирддаг байна. Үүнд: Төрийн департамент буюу Гадаад хэргийн яам (Department of State, DOS), Хөдөө аж ахуй (Department of Agriculture, USDA), Худалдаа (Department of Commerce, DOC), Батлан хамгаалах (Department of Defense, DOD), Боловсрол (Department of Education, ED), Эрчим хүч (Department of Energy, DOE), Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний алба (Department of Health and Human Services, HHS), Дотоод аюулгүй байдал (Department of Homeland Security, DHS), Орон сууц, хотын хөгжил (Department of Housing and Urban Development, HUD), Хууль зүй (Department of Justice, DOJ), Хөдөлмөр (Department of Labor, DOL), Дотоод хэрэг (Department of the Interior, DOI), Сан хөрөнгийн (Department of the Treasury), Тээвэр (Department of Transportation, DOT) ахмад дайчдын хэрэг эрхлэх (Department of Veterans Affairs, VA) зэрэг юм.
Албан тушаал | Нэр, овог | Албан тушаал авсан огноо |
---|---|---|
АНУ-ын дэд Ерөнхийлөгч | Камала Харрис | 2021 оны 1-р сарын 20 |
АНУ-ын Холбооны Танхимын сайд нар | ||
Төрийн нарийн бичгийн дарга | Энтони Блинкен | 2021 оны 1-р сарын 21 |
Сан хөрөнгийн сайд | Жанет Йеллен (англи. Janet Yellen; 1946) | 2021 оны 1-р сарын 25 |
Батлан хамгаалахын сайд | Ллойд Остин (англи. Lloyd James Austin III; 1953) | 2021 оны 1-р сарын 22 |
Ерөнхий прокурор | Меррик Гарланд (англи. Merrick Brian Garland; 1952) | 2021 оны 3-р сарын 11 |
Дотоод хэргийн сайд | Дебра Холанд (англи. Debra Anne Haaland; 1960) | 2021 оны 3-р сарын 16 |
Хөдөө аж ахуйн сайд | Том Вилсэк (англи. Thomas Vilsack, 1950) | 2021 оны 2-р сарын 23 |
Худалдааны сайд | Жина Раймондо (англи. Gina Marie Raimondo; 1971) | 2021 оны 3-р сарын 2 |
Хөдөлмөрийн сайд | Мартин Жозэф Уолш (англи. Martin Joseph Walsh, 1967) | 2021 оны 3-р сарын 23 |
Эрүүл мэнд, нийгмийн албаны сайд | Ксавьер Бесерра (англи. Xavier Becerra; 1958) | 2021 оны 3-р сарын 19 |
Орон сууц, хот байгуулалт, хөгжлийн | Маршиа Луиз Фаж (англи. Marcia Louise Fudge; 1952) | 2021 оны 3-р сарын 10 |
Тээврийн сайд | Питер Буттижаж (англи. Peter Paul Montgomery Buttigieg, 1982) | 2021 оны 2-р сарын 2 |
Эрчим хүчний сайд | Женнифер Грэнхолм (англи. Jennifer Mulhern Granholm, 1959) | 2021 оны 2-р сарын 25 |
Боловсролын сайд | Михель Кардона (англи. Miguel Angel Cardona; 1975) | 2021 оны 3-р сарын 1 |
Ахмад дайчдын хэргийн сайд | Денис МакДоноу (англи. Denis Richard McDonough; 1969) | 2021 оны 2-р сарын 9 |
Дотоод аюулгүй байдлын сайд | Алехандро Майоркас (англи. Alejandro Nicholas Mayorkas; 1959) | 2021 оны 2-р сарын 8 |